Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн улиралд мод тарих боломжтой
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
2015.07.21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн улиралд мод тарих боломжтой

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн иргэдэд байгаль дэлхийг хайрлах сэдлийг төрүүлэх, экологийн боловсрол олгох үүднээс төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг билээ.

Үүний нэг нь "Итгэлийн төгөл” юм. Өмнө нь хавар намрын улиралд л мод тарьдаг байсан бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жилийн дөрвөн улиралд мод тарьдаг шинэ технологийг нэвтрүүлж эхпээд байна.

Энэхүү   ажлын хүрээнд “Итгэлийн төгөл”-д Төв Азийн нутгийн хамтын ажиллагааны хурлын төлөөлөгчид мод тарьж нэгдлээ. Уг мод тарих ажилд БНХАУ-ын Ойн захиргааны дэд сайд Пан Ёо Дунг болон БНХАУ, Киргизстан, Казахстан зэрэг улсын 40 гаруй төлөөлөгч оролцсон байна. Дашрамд дуулгахад, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд БНХАУ-ын нэрэмжит ногоон байгууламж бүхий төгөл байгуулж, хамтран ажиллах болжээ.

Мөн Киргизстанаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гацуур мод авчирч суулгах хамтын ажиллагааны хэлэлцээрийг хийсэн байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 22 төрөл зүйлийн 110.000 гаруй бут сөөг 95 хувийн ургалттай ургаж байна. Энэ нь хүрээлэнгийн бүтээлч хамт олны жилийн дөрвөн улиралд байнгын тогтмол арчилгаа хийдгийн үр дүн юм.