Монгол улсаас БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн экспортлоно
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чинхай нараар ахлуулсан Монгол-Хятадын Дэд сайдын түвшний ажлын хэсгийн гуравдугаар уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Тус уулзалт Экспорт, импортын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагаа сэдвээр явагдлаа. Талууд дэд сайдын түвшний хоёрдугаар хурлаас хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талын сонирхсон асуудлын хүрээнд хорио цээрийн шаардлага, нөхцлийг үргэлжлүүлэн тохиролцох яриа хэлэлцээг тогтмол явуулах, тодорхой ажлын төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдэв.
Мөн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гуравдагч оронд экспортлоход хоёр улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх хорио цээрийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллах, Монгол Улсаас өвс хадлан болон малын тэжээл БНХАУ-д экспортлох асуудлаар санал солилцоод талууд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн хоёр талын Баянхошуу-Өвдөг, Бичигт-Зүүн Хатавч боомтоор улаанбуудай, рапс, хивэг, өвс, малын тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг Монголын талаас экспортлоход Хятадын талын хорио цээрийн хяналт, шалгалтын бэлэн байдлыг хангах асуудлыг хоёр тал эрчимжүүлж ажиллахаар болов.
Дэд сайдын түвшний ажлын хэсгийн гуравдугаар уулзалтаар талууд Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон БНХАУ-ын Чанарын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий газар хооронд Монгол Улсаас БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн (адууны махан бууз, банш) экспортлох тухай харилцан ойлголцлын Санамж Бичиг, Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон БНХАУ-ын Чанарын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий газар хооронд Монгол Улсаас БНХАУ-д Адууны ясны гурил экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээрийн тухай Протокол зэрэгт гарын үсэг зурлаа.
Мөн талууд Дэд сайдын түвшний ажлын хэсгийн дөрөв дэх удаагийн уулзалтыг 2017 онд БНХАУ-д зохион байгуулахаар шийдвэрлэлээ.