Бурхан Халдуныг дэлхийн өвд бүртгэх, эсэхийг удахгүй шийднэ
Бурхан Халдун уул, Орос, Монголын нутгийг хатарсан Дагуурын дархан цаазат газрыг дэлхийн өвөөр бүртгүүлэх, эсэхийг удахгүй шийдэх нъ. ХБНГУ-ын Бонн хотод болж буй Дэлхийн өвийн 39 дүгээр чуулганы үеэр уг асуудлыг хэлэлцэх аж. Энэ талаар БОНХАЖЯ-ны Тусгай хатгаалалттай нутгийн удирдлагын газрын тэргэжилтэн Ц.Түвшинбатаас тодрууллаа.
-Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгай хамгаалалттай зарим газар нутгийг дэлхийн өв, хүн ба шим мандлын хөтөлбөрт дэвшүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд бид 2012 онд Бурхан Халдун, түүнийг хүрээлсэн уулсыг соёлын, мөн ОХУ-тай хамтарч Монгол Дагуурыг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх хүсэлт гаргасан юм.
Бидний хүсэлтийг судлахаар өнгөрсөн онд Дэлхийн өвийн зөвлөх байгууллага IUCN, Соёлын асуудал хариуцсан төрийн бус байгууллага болох ICOMOS-оос эскпертүүд ирж ажиллаад зөвлөмж гаргасан. Түүнд нь ОХУ-тай хамтарч дэвшүүлж буй Монгол Дагуурын хувьд Монголын талаас мэдээлэл дутмаг, Бурхан Халдуныг боломжтой гэсэн. Эксперт ямар зөвлөмж гаргаснаас үл хамааран Дэлхийн өвийн хороо хуралдаж, бүртгэх, эсэхийг шийддэг учраас чуулганаас ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдээд байна.
-Уг хуралд манай улсын төлөөлөгчид оролцож байгаа юу?
-Чуулганы үеэр Засгийн газрын хэмжээний, удирдах албан тушаалтны хүмүүс оролцож, газар нутгийнхаа тухай сурталчлах шаардлагатай. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, эрдэмтэн Н.Уртнасан, А.Намхай нар, манай яамны Төрийн нарийн бичгийн дарга, БСШУЯ-ны төлөөлөл гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр уг хуралд оролцож буй.
-Бүртгэх асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Урьдчилсан төлөвлөлтөөр манай улстай холбоотой дээр дурдсан хоёр асуудлыг энэ сарын 4-нд шийднэ гэсэн. Дэлхийн өвийн хороо өнгөрсөн сарын 28-нд нээлтийн хурлаа хийж, хэлэлцэх асууддын дарааллыг албан ёсоор баталдаг юм. Урьдчилсан төлөвлөлтөөр энэ сарын 4-нд гэж байгаа ч нээлтийн хурлаас ямар шийдвэр гаргасан талаар бид одоогоор мэдээлэл авч амжаагүй байна.
Дэлхийн өвийн чуулганд нэг улс жилд нэг л газрыг нэр дэвшүүлэх ёстой. Гэтэл манайх хоёр газрыг нэр дэвшүүлсэн. Нэгийг ОХУ-ын квот дээр хамтран дэвшүүлж байгаа юм. Монгол Дагуурыг бүртгэх магаддал нэлээд өндөр байна. Зөвлөмжид Монголын талаас мэдээлэл дутмаг гэсэн ч бид дутуу мэдээллээ нөхөөд явуулсан. Одоогоор ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй 1007 газар бий. Үүний 779 нь соёлын, 197 нь байгалийн, үлдсэн нь хосолмол өв. Манай улс соёлын хоёр, байгалийн нэг өвтэй.