Монгол улс дампуурлаа зарлахаас өөр аргагүй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.07.01

Монгол улс дампуурлаа зарлахаас өөр аргагүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Монгол Улсын гадаад өр сэтгэл зовоох хэмжээнд аль хэдийнэ хүрчнхлээ. Засгийн газар нэг тэрбум ам.долларын бонд босгохоор болоод байгаа.

Гэхдээ уг бондыг дотооддоо бус гадаад зах зээл дээр гаргахаар шийдвэрлэснийг манай бүлгийн зүгээс дэмжиж байна. Учир нь дотоодод бонд босговол аж ахуйн нэгж компаниудад улам л хүнд ачаа ирнэ. Харин гадаадад босгож төсвийн ачааллыг жигдлэх, өрийн зохицуулалтын арга хэмжээг авах чиглэлээр урт хугацааны хүү багатайгаар зах зээлд эргэлтэд оруулна гэж харж байгаа учир дэмжиж байгаа юм. Ер нь бид гадны хөрөнгө оруулагчдыг бараг бүгдийг нь хөөгөөд гаргачихлаа л даа.
2012 онд жилдээ ойролцоогоор 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байсан л даа. Гэтэл 2014 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 800 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байна билээ. Харин 2015 оны эхний хагас жилийн дүнгээр 75 сая ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг бүрэн хөөгөөд гаргачихлаа гэсэн үг. Харин түүний хор хохирлыг бид бүгдээрээ л үүрч таарна.

Валютын ханш замбараагүй өснө, ажилгүйдэл нэмэгдэнэ, ядуурал хавтгайрна, ийм л байна. Монгол Улсын эдийн засаг одоо сэргэнэ гэсэн зүйл байхгүй боллоо. Сая жаахан өндийж байсныг нь эргээд цохиод унагачихсан. Одоо бол Монгол Улс энэ жилийн эцсээр ерөнхийдөө дампуурлаа зарлахаас өөр аргагүй болж байна. Намраас цалингаа тавьж чадахгүй болно. Нэгэнт л хаврын чуулганаар хүлээгдэж байсан гол ажлуудаа амжуулж чадахгүй нь тодорхой болсон тул ирэх аравдугаар сард дахин сонгууль зарлахаас өөр арга байхгүй. Эсвэл оны төгсгөлөөр албан ёсоор дампуурлаа зарлахаас өөр арга үнэхээр харагдахгүй байна.