Грек улс дампуурлаа зарлав
Грекийн өрийн хэмжээ өнөөдөр 315 тэрбум евро буюу ДНБ-ий 177 хувьтай тэнцэж байна.
2015.07.01

Грек улс дампуурлаа зарлав

Грек улс ОУВС-д өгөх ёстой байсан 1,54 тэрбум еврогийн өрийг шилжүүлээгүйгээс дампуурлаа зарлаж, мөнгөний уналт болоход алхам үлдлээ. Дээрх мөнгийг 7 сарын 1 нд шилжих шөнө 00:00 цагаас өмнө гэхэд шилжүүлэх ёстой байв.

ОУВС-ийн зүгээс мөнгө ирээгүйг батлав. Ийнхүү Грек улс мөнгөний уналт болсон хөгжингүй эдийн засагтай анхны орон болов.  Грекийн Засгийн газар өр төлөх хугацааг хойшлуулахыг хүсчээ.

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Грекэд санхүүгийн тусламж үзүүлэх хэд хэдэн төслийг зээлдэгчдэд санал болгосон ч хүлээж аваагүй. 

Дөрөв хоногийн дараа зээлдэгчдийн шаардлагыг биелүүлэх эсэх талаар бүх ард түмний санал асуулга болно. Зээлдэгчдийн шаардаж буйгаар Грек улс эрс хэмнэлтийн горимд шилжиж татварыг өсгөж, тэтгэвэр болон бусад нийгмийн хамгааллын зардлуудыг танах ёстой. Ингэсэн тохиолдолд Европын холбоо нэмэлт 35 тэрбум еврогийн зээл өгөхийг санал болгосон байна. 

Европын холбоо, ОУВС 2010 оноос хойш Грекэд бараг 250 тэрбум еврог өгчээ. Хэдийгээр 2012 онд зарим өрийг тэглэсэн ч тус улсын өрийн хэмжээ өнөөдөр 315 тэрбум евро буюу ДНБ-ий 177 хувьтай тэнцэж байна.