Оросууд Хятадад газар нутгийнхаа 60 хувийг түрээслүүлнэ
Оросууд Алс Дорнодод хятадуудад мянга мянган гектар газрыг удаан хугацаагаар түрээслүүлж байна. Ингэхдээ Оросын нутагт орж ирэх хятадын тоонд хязгаар тавьсангүй. Яагаад ОХУ ийм алхам хийх болов?
Саяхан Ар Байгалийн хязгаарын захиргаа 115 000 гектар газрыг 49 жилийн хугацаатай Хятадын хөрөнгө оруулагчдад түрээслүүлэхээр шийдсэн. Гурван жилийн дараа Алс Дорнодод дахин их хэмжээний талбайг түрээсэнд өгнө. Энэ нь орон нутгийн захиргааны дураараа дургисан хэрэг биш, Кремлийн шийдвэр юм. Түрээсийн төлбөр орон нутагт биш, холбооны нэгдсэн төсөвт орно. Төрийн дум “Газар нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн тухай” хууль баталснаар нутаг дэвсгэрийнхээ 60 орчим хувийг түрээсэнд өгөх нөхцөл бүрдэв. Алс дорнодын оршин суугчид хятадууд загас барьж, мод огтолж эхэлснээр тэдний уламжлалт аж ахуйг шахаж, тэгш бус өрсөлдөөн үүсч, хятадын хямдхан бараа зах зээлийг эзэлнэ хэмээн айж байна. Кремлийн хяналтанд байдаг хэвлэлүүдэд бичиж буйгаар түрээсийн гэрээнүүд нь ядуу мужуудыг хөгжүүлэх алхам хэмээн үзэж байгаа аж. Эхний шатанд хятадууд 426 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээс гадна хөдөө аж ахуйн салбарт ажиллах хамтарсан компаниуд байгуулахаар төлөвлөж байна.
Мэдээж Оросод мөнгө хэрэгтэй. Газрын тосны үнэ унаж, Барууны орнууд хориг тавьснаар Оросын эдийн засгийг сааруулсан. 2015 оны эхний улиралд амжиргааны доод өртөг 17 хувиар дээшилж, инфляци өсөв. Өнгөрсөн онд Газпромын орлого дөрөв дахин багассан. Олон салбар хүнд байдалд орж, зарим гадны компаниуд төлөөлөгчийн газар, сүлжээ дэлгүүрээ хааснаар олон хүн ажилгүй болов .
Нөгөө талаас 1992 онд Орос, Хятадын хооронд хилийн ойролцоох нутаг дэвсгэрт визгүй зорчих гэрээ батлагдсанаар Дорнод Сибирт хятад иргэдийн тоо эрс өссөн. Оросууд өөрсдөө энэ нутгаа олноороо орхин явж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 20 жилийн дараа Дорнод Сибирт хятадууд олонхи болох аж. Кремлийн гаргасан шийдвэр энэ үйл явцыг улам хурдасгах янзтай.
Алс Дорнодод хятад эрчүүд орос эмэгтэйтэй гэрлэх нь олонтаа
Хятадын цагаач ажилчид
ОХУ Хятадтай ийнхүү ойр дотно хандах болсон шалтгаан нь Америктай холбоотой. Хятад улс Оросыг илэрхий дэмжихгүй байгаа ч дипломатын хоосон ярианаас эдийн засгийн хамтын ажил илүү үр дүнтэй гэдгийг Москва сайн ойлгож байгаа. Европын холбоо Грекийн толгойг илээд байгаа нь энэ улс дахь өөрсдийн банк, компаниудаа аврах гэсэн зорилттой холбоотой.
Барууны орнууд Оросын эсрэг хоригоо сунгах хооронд Хятад, Оросын харилцаа өргөжсөөр байна. Эдийн засгийн хэд хэдэн том гэрээ байгуулав. Хоёр улс Газар дундын тэнгист хамтарсан цэргийн сургуулилт хийж, Ялалтын баяраар Улаан талбайд Хятадын цэргүүд жагсав. АНУ цэргийн зардлаараа урьдын адил дэлхийд тэргүүлж байгаа ч 2011 оноос хойш тогтмол буурсаар байгаа. Харин Орос, Хятадынх эсрэгээрээ өссөөр байна.