76:17 буюу Өнгөрсөн жилүүдийг нам гүм өнгөрөөсөн гишүүн
“76:?” булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Батхүүг онцолж байна. Тэрбээр 2012 оны сонгуулиар АН-аас Өвөрхангай аймагт өрсөлдөж, УИХ-д сонгогдсон билээ.
- АМЛАЛТ -
Ерөнхийдөө 2012 оны сонгуульд оролцсон бүх нэр дэвшигчид хувьдаа элдэв амлалт өгөхөөс илүүтэй намын мөрийн хөтөлбөрийг гол болгож орсон байдаг. Үндсэндээ ажилтай орлоготой, аюулгүй орчинтой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй монгол хүн гэсэн таван багц хөтөлбөрийг танилцуулсан. Харин уриа нь “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье”. Таван багц хөтөлбөрийн хүрээнд тусгасан олон зүйлийг энд дурьдвал барагдахгүй их. Харин биелсэн эсэх тал дээр дүгнэлт хийхэд тийм ч амар биш.
Маш олон зүйлийг амлаж, мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мэдээж эрх барьж байгаа нам гэдэг утгаараа мөрийн хөтөлбөрт тусгасан олон зүйлээ хийж, хэрэгжүүлж л байгаа нь тодорхой. Тухайлбал, зам барих тал дээр өнгөрсөн жилүүдэд сайн л ажилласан. Бараг л бүх аймгийн төвийг нийслэлтэй засмал замаар холболоо гээд хэлчихэд буруудахгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр ч энэ хэдэн жилд гайгүй ажиллалаа. Үндэсний үйлдвэрлэл илт сэргэлээ. Гэх мэтээр дурьдаад байвал ололттой, сайн талууд их байгаа.
Энэ бүх ололт, амжилтууд АН-ын бүх гишүүдэд хамаатай гэвэл тэр амлалтаа биелүүлж яваа хүний нэг. Нөгөө талаар өнгөрсөн 2014 он, дээрээс нь энэ онд Монгол Улс эдийн засгийн хямралд өртөж, иргэд багагүй тэвдэж байх шиг байна. Ам.долларын ханшийн өсөлтөөс авахуулаад хэцүүхэн асуудлууд ар араасаа гарсаар. Улс шиг хөгжсөн ч юм алга, хүн шиг амьдарч байгаа ч юм алга. Авахаас орон сууцны найман хувийн зээл л байна. Ажилтай, орлоготой монгол хүн хөтөлбөрийн хүрээнд гэхэд маш олон амлалт өгсөн.
Тухайлбал:
Цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн төвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор аж үйлдвэрийн анхны паркийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулна.“Замын Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, “Алтанбулаг” болон “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсүүдийн дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгана. “Чойр” ложистикийн төвийн эхний ээлжийн дэд бүтцийг барьж, байгуулна.
Эрчим хүчний нүүрсний уурхайнуудыг түшиглэн аймгуудад дулааны болон эрчим хүчний цахилгаан станц байгуулна. Гэх мэтээр олон том бүтээн байгуулалтын ажил хийнэ гэсэн амлалт хаана байна. Хүүхдээ хоёр нас хүртэл асарч байгаа эцэг, эхийг дэмжинэ гэсэн амлалт монголчуудад ямар их таалагдлаа. Харамсалтай нь одоо болтол алга. Сардаа хүүхдэд 20 мянган төгрөг өгч байгааг эс тооцвол хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого алга. Эрүүл чийрэг монгол хүн хөтөлбөрийн хүрээнд хэчнээн сайхан зүйл амлалаа.
Тухайлбал:
Эрүүл мэндийн даатгалын санг бие даалган, даатгалын санхүүжилтийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлнэ.
Оношлогоо, эмчилгээний чанарын хяналтын үнэлгээг үндэслэн улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг тарифын ялгаваргүйгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
Аймаг, нийслэл, дүүрэгт усан бассейн бүхий спортын ордон барих ажлыг үргэлжлүүлж, дугуйн болон гүйлтийн зам, мөсөн гулгуурын талбай шинээр барьж хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэх, хот, суурин газар, байгууллага хамт олон, өрх гэр бүлд эрүүл амьдралын орчин нөхцлийг бүрдүүлэх цогц аргахэмжээг хэрэгжүүлнэ.
Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны ололттой уялдуулан эмчилгээ, сувилгаанычанар, үр өгөөжийг дээшлүүлж, рашаан сувилалын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн нэгдсэнудирдлагаар хангана.
Бүртгэл мэдээллийн цахим санд тулгуурласан хяналтын бие даасан тогтолцоог бүрдүүлж, эм, хүнснийбүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангана.
Гэтэл биелээд алсан юм алга. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбарын байж байгааг хар. Төсвийг нь танаж хаячихаад, хаанаа ч хүрэхгүй байж л байна. Гэх мэтээр бичээд байвал муу муухай зүйл асар их байгаа. Энэ бүхэн эрх барьж байгаа намын гишүүдэд хамаатай гэвэл тэр амлалтаа биелүүлээгүй.
- АМЖИЛТ -
Ерөнхийдөө энэ сонгуулийн дөрвөн жилд Г.Батхүү гишүүн хэд хэдэн хуулийн төсөл санаачлан боловсруулсан. Өнгөрсөн оны зургадугаар сард гэхэд Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл ч өргөн барьсан. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ч өргөн барьсан.
Энэ мэтээр УИХ-ын гишүүний хийх ажлаа чамгүй сайн хийсэн гэж үзвэл амжилт байх. Дээрээс нь сонгогдсоноосоо хойш тойрогтоо очиж ажиллаж, цөөнгүй асуудлуудыг ч шийдсэн байна билээ. Мэдээж сум, орон нутагт асуудал их байгаа.
Тэр болгоныг л шийдвэрлүүлэхийг иргэд хүсдэг. Тэр болгоныг ганц хоёр ч болов удаа очиж сонсоод, шийдвэрлэж ажиллана гэдэг бас л амжилттай ажиллаж байгаагийн нэг илрэл. Дээрээс нь гурван ч удаа дараалан сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа нь ч өөрөө амжилт юм. Үүнээс бусдаар ерөнхийдөө Г.Батхүү гишүүн өнгөрч байгаа жилүүдэд тун нам гүм байсан гэхэд болно.
- АЛДАА - ТЭНЭГЛЭЛ -
Г.Батхүү гишүүн парламентад удаан суусан, хашир улстөрч. Тийм болохоор зарим хүмүүс шиг олны анхаарлын төвд орох гээд элдэв тэнэг үйлдэл хийгээд байдаггүй. Тийм болохоор тэгж тэнэглэсэн гээд онцлоод байх юм байхгүй. Харин алдаа гэвэл өнгөрсөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшсэн хоёртой маргаан өрнүүлсэн асуудал.
Тэр бүхнийг нэг нэгэнгүй бичнэ гэвэл цаг, цаас барагдахгүй. Тухайн үеийн асуудлыг ерөнхийд нь хараад үзвэл Ардчилсан нам өөрийнхөө гишүүдийг хүчээр оруулаад ирсэн юм шигээр ойлгогддог. Өвөрхангайн сонгогчид ч тиймэрхүү ойлголттой байдаг юм билээ. Олон хүний яринаас энэ талаар сонсч байлаа. Уг нь бол Н.Төмөрхүүгийн сонгуулийн штабынхан алдаа гаргаад, хууль зөрчсөн бөгөөд үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн гэдэг. Энэ талаар Г.Батхүү гишүүний ярилцлагаас уншиж болно. Тэгээд ч Н.Төмөрхүү нэрээ татаад авчихсан. Тиймдээ ч Г.Батхүү гишүүн Д.Зоригт гишүүнээс түрүүлж тангараг өргөсөн шүү дээ.
Харин үлдсэн нэг мандат дээр их олон асуудал өрнөсөн. Тэр бүх процесс Ардчилсан намыг өөрийн гишүүдээ хүчээр татаж оруулсан болгож харагдуулсан. Тэгээд ч нөгөө талд Увсын сонгуулийн үр дүнгийн маргаан ч гарч байсан. Улмаар Монгол ардын намаас нэр дэвшсэн хоёр орж ирсэн. Энэ нь Увс, Өвөрхангай хоёр дээр тохироо хийсэн гэдэг яриаг ч дэвэргэсэн.Хоёр нам хоорондоо тохиролцоод, АН Өвархангайгаа, МАН Увсаа авлаа гэсэн хардлагыг төрүүлж байсан.
Яг ийм үед Г.Батхүү гишүүн Н.Төмөрхүү нэрээ татсан, өөрийнх нь хувьд ямар ч асуудалгүй, бүх зүйл хуулийн дагуу явсан гэдгийг хангалттай ойлгуулж чадаагүй нь алдаа. Үүнээсээ болоод Өвөрхангайд рейтинг нь бага зэрэг буурсан ч байж болох. Ер нь бол тухайн үед асуудлыг маш нарийн ойлгуулах байсан. Н.Төмөрхүүг нэрээ татсан, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрсөн талаархи ярилцлагыг цөөн хэдэн хэвлэлд л өгсөн. Нэг их ч газар аваагүй шүү дээ. Уг нь бол энэ бүх асуудлыг зөв талаас нь иргэдэд ойлгуулсан бол болох байсан юм.
- ИРЭЭДҮЙ -
Ойрноос 2016 оны сонгуульд хэн, хаана өрсөлдөх талаар янз бүрийн таамаг гарч байгаа. Тэр таамгаар бол Г.Батхүү гишүүн жагсаалтад багтах сурагтай. Нөгөө талаар өнгөрсөн сонгуулиар жагсаалтад багтаж орж ирсэн гишүүд 2016 онд тойрогт өрсөлдөх учиртай. Ингэхээр тойрогт өрсөлдөж байсан нөхдүүд жагсаалт руу орж ирж, солигдож таарах нь. Ерөнхий утгаараа бол шүү дээ. Ерөнхийдөө жагсаалтад орох гишүүдийн гол үзүүлэлт нь намдаа хэр их хөрөнгө оруулалт хийж байгаагаас шалтгаална гэх ч явган яриа байгаа.
Г.Батхүү гишүүн аль аль шалгуурыг давж байгаа гээд дүгнэчихэд буруудах юун. Өнгөрсөн сонгуульд Өвөрхангайгаас сонгогдож гарсан. Дээрээс нь олон жил намд зүтгэж байгаа. Хөрөнгө оруулалтын тал дээр ч бусдаас дутахгүй. Тийм болохоор жагсаалтын дээгүүр бичигдэх боломжтой. Ерөнхийдөө эхний тав дотор ороод ирчих болов уу гэж таамаглаад байна. Тэгэхээр нам яаж ч бага санал авсан УИХ-д ороод ирчих байх. Дээрээс нь жагсаалтад ороод гараад ирлээ гэхэд ямар нэг албан тушаалд очих ч боломжтой туршлагатай улстөрч. Аль нэг яамны сайдаар ч ажиллаж магадгүй байх. Хэрвээ АН ялбал шүү дээ.