Зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
2015.06.16

Зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль Улсын Их хурлаар хэлэлцэж эхэлж байгаатай холбоотойгоор МҮАН-аас өнөөдөр энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж бодлого боловсруулдаг байгууллага, бодит эдийн засгийн салбарт ажилладаг байгууллагуудын удирдагч нартай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтаар Нийгмийн хөгжлийн бодлогыг гардан удирдаж боловсруулж, зангидаж, мөрдүүлж явдаг, салбар хоорондын уялдаа зохицуулалт хийж байдаг Нийгмийн хөгжлийн Хөтөч байгууллага байгуулах хэрэгтэй байна гэдэг дээр оролцогчид байр суурь нэгдсэн байна. Мөн Хөгжлийн бодлогыг 4 жилээр буюу нэг засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд явуулдаг байдлыг халах хэрэгтэйг оролцогчид чухалчилж байлаа.

Төрийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэхэд боловсон хүчний нөөц бэлтгэх улс төрөөс хамааралгүй бүтэц, тогтолцоо хэрэгцээтэй байгааг хэд хэдэн оролцогчид илэрхийлэв.

Тус уулзалт зөвөлгөөнд Геополитик судалгааны хүрээлэнгийн захирал Д.Мягмар, МХАҮТ-ын дарга Б.Лхагважав, Эдийн засагч доктор Ч.Хашчулуун, Эдийн засгийн ухааны доктор Оюун, Үндэсний хөгжлийн санаачилга дэлгэрүүлэх төвийн захирал Э.Мөнхдөл, Хууль зүйн дэд сайд асан В.Удвал, “Үйлдвэр хөгжил” төвийн захирал Д.Батгэрэл, Олон улс судлалын дээд сургуулийн захирал Д.Дашпүрэв, хөгжлийн бодлого судлаач Л.Алтангэрэл, Т.Хишигдулам, Д.Цэцэгсүрэн, “Мега төсөл” хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Түвшин болон МҮАН-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо.