Эрхэм хүндтэй иргэдийнхээ намтар, түүхийг номонд мөнхөллөө
УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.06.16

Эрхэм хүндтэй иргэдийнхээ намтар, түүхийг номонд мөнхөллөө

 “Баянгол дүүргийн 100 эрхэм” номны нээлт өнөөдөр “Интер ном”-ын их дэлгүүрт  болж өнгөрлөө. Энэ жил БГД-ийн 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд тус номыг бүтээжээ.

Номны зохиолчоор Х.Түвшинтөгс, Д.Пүрэвсүрэн, Ц.Баттуяа, П.Буян-Эрдэнэ, Р.Өнөржаргал нар ажилласан байна. Тэд номондоо Баянгол дүүрэгтэй ажил амьдралаа холбон, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн 100 эрхмийн алдар гавьяаг мөнхжүүлэн үлдээсэн юм.

Номонд Гандан тэхчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол улсын төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа, Г.Золжаргал, Монгол Улсын гавьяат багш Ш.Чоймаа тэргүүтэй 100 эрхэм багтсан байна.

Энэхүү номны гол онцлог нь номонд багтсан 100 эрхмийн амьдрал, уран бүтээл, хийж бүтээсэн их үйлсийг  хөрөг ярилцлага хэлбэрээр хүргэж байгаад оршиж байгаа ажээ. Түүнчлэн хойч үедээ үлгэр дуурайлал сургамж болохуйц онч мэргэн үгс, хошин яриаг тусгасан нь уншууртай бөгөөд авах зүйл ихтэй бүтээл болсон байна.

Зохиолчид энэхүү номоо зуун өнгө, зуун араншин хэмээн тодорхойлжээ. Түүгээр зогсохгүй номонд орсон эрхмүүдийг Баянгол дүүргийн төдийгүй МУ-ын зуун дамжсан алдартнууд хэмээн онцоллоо. Мөн номын нээлтэнд УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, БГД-ийн Засаг дарга Д.Оросоо, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг нар хүрэлцэн ирж номонд багтсан 100 эрхэм болоод номыг бүтээсэн хүмүүст баяр хүргэлээ.

Дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Энэ жил БГД-ийн 50 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор “Баянгол дүүргийн 100 эрхэм” хэмээх ном бүтээгдсэнд их баяртай байна. Мөн энд хүрэлцэн ирсэн эрхэм та бүхэндээ амьдралын баяр баясал, ажлын амжилт, аз жаргал бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.  Мөн нээлтийн үйл ажиллагаанд морин хуурчид, уртын дуучид ирж  ая дуугаа өргөн барилаа.