Хэн юу хэлэв
2015.06.12

Хэн юу хэлэв

Байр суурь

Г.Баярсайхан: УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд буруудахгүй

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа энэ үед УИХ-ын гишүүн Г.Баярсайхан байр сууриа ийнхүү илэрхийлжээ. Тэрбээр “Дэлхийн сонгодог парламентын жишиг гурван сая хүнтэй бол 100 хууль тогтоогчтой байдаг юм билээ. Тэгэхээр манайх ч гэсэн энэ жишгээр явахад буруудахгүй болов уу. 

Дарга нарын тоо нэмэгдлээ гэдэг шүүмжлэл гарах л байх. Гэхдээ л аливаа шийдвэрийг гаргахад 76 гишүүнд амархан нөлөөлдөг байсан бол 100 гаруй гишүүнтэй болчихвол энэ магадлал хумигдана гэх мэтээр давуу тал их бий. 

Нөгөө талаас зарим байнгын хорооны хуралдаанаар чухал шийдвэрийг гаргахдаа тав, зургаахан гишүүн шийдээд явж байгаа. Монгол төр амьдралд хэр нийцсэн шийдвэр гаргаж байгаа вэ, байнгын хорооны гишүүдийн нэмэгдвэл асуудал ямар төвшинд сайжрах вэ гээд бодолцох асуудлууд олон бий. Өнөөгийн нэг танхимтай энэ парламент гишүүдийнхээ тоог зохих төвшинд нэмээд явах нь дээр гэдгийг олон ч судлаач хэлж байгаа” гэсэн байна.

Д.Энхсайхан: Нийслэлд тарьсан модны ургалт 95 хувьтай байгаа

“Бүх нийтээрээ мод тарих өдөр”-төй болсны дараа холбогдох байгууллагуудаас гадна иргэд, ААН-д ч мод тарих хөдөлгөөнд идэвхитэй оролцох болсон билээ. Энэхүү ажлын эцсийн үр хэрхэн гарч байгаа талаар иргэд маш их сонирхдог. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд тарьсан модны ургалт ямар байгаа талаар  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхсайхан хариулт өгчээ. 

Тэрбээр “Өнгөрсөн жил нийслэлд 450 мянган мод тарьсны ургалт нь 95 хувьтай байгаа. Бүгд ногоороод гараад ирчихсэн байгааг хүмүүс анзаарч байгаа байх. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд тал нил шарилж байсан бол одоо сайхан модтой болсон. Тарьсан моднуудаа бордоод өнжөөд нэг усалж байна. Цаг агаар сэрүүн байгаа учраас нахиалах нь удаан байна. 

Цэцэрлэгчид маань тарсан модоо усалж хонож байгаа. Энэ жил 400 сая төгрөгөөр мод тарьсан. Мөнгө зарсан, эргээд тайлангаа тавих учраас хариуцлагатай ажиллахаас аргагүй. Цаашид байнгын харуултай болгох талаар ч ярьж байна. Ирэх жил Яармагийн зам дагуу битүү мод тарихаар төлөвлөсөн. Мөн 22-ын товчооны ногоон байгууламжийн зургийг ч хийж байна. Таван жилийн дараа энэ хоёр зам дагуух ногоон байгууламж аятайхан болчих дүр зураг харагдаж байгаа” хэмээн ярьжээ. 

Ч.Сайханбилэг: “MCS” нурж унавал Эрдэнэт нурж унаж байгаатай адилхан

Ерөнхий сайд Тавантолгой төсөл тойрсон асуудлаар “Опен доор” сонинд байр сууриа ийнхүү илэрхийлжээ. “Том компани дампуурахад ард нь 10 мянган ажилчин, 50 мянган хүний аж амьдрал дампуурдаг л байхгүй юу. Тэр хэмжээгээр эдийн засаг нь доргиж байдаг. Тийм учраас өнөөдөр Монголын Засгийн газар яаж харах ёстой вэ“MCS” нурж унавал Эрдэнэт нурж унаж байгаатай адилхан. 

Энд өмчийн ялгаа байх ёсгүй байхгүй юу. Яагаад гэвэл аль, аль нь л Монголын 50, 50 мянган хүнийг тэжээж байна. “МАК” нурж унах юм бол Оюутолгой нурж унаж байгаатай ялгаагүй. Ард нь хэдэн мянган монгол өрхийн амьдрал сүйрэх байхгүй юу. Тийм учраас Засгийн газрууд тийм компаниудаа аврахын тулд bail out хийдэг юм.

Тэр компаниа аврахын тулд мөнгө өгдөг юм. Эсвэл тэр компаниуддаа том, том төслөө хариуцуулж өгдөг. “MCS” нь нүүрсээ, Женко нь Майдар хотоо, МАК нь зэсийн төслөө аваад ч гэдэг юм уу, эсвэл Петровис нь нефтийн салбараа хариуцаад, ингэж байж Монголын хөгжлийн зөв схем болох байхгүй юу даа. 

Солонгосыг хар л даа. Бүгд салбар салбараа аваад явсан байдаг шүү дээ. Тэдний үзэл санаанд хэзээ ч төр нь хэсэг улстөрчидтэйгөө нийлж байгаад нөгөө компаниа цохиж унагадаггүй л байхгүй юу. Одоо энэ дээр л бид бодлогын маш том өөрчлөлтөө хийхгүй бол явахгүй нь ээ” хэмээжээ.

А.Тлейхан: Эрчим хүчний салбарт тун удахгүй хувьчлал хийгдэх байх


-УИХ-ын гишүүн А.Тлейхан эрчим хүчний салбарт төрөөс баримталж байгаа бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар манай сонинд ярилцлага өгсөн. Тэрбээр “Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн атлаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед явуулж байсан бодлого нь хэвээрээ байгаа салбар бол Эрчим хүчний салбар. 

Үнэ тарифыг нь төр хатуу барьдаг. Эрчим хүчний салбар өнөөдөр алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн жилийн дүнгээр68 тэрбум төгрөгийн алдагдал гарсан байдаг. Жил бүхэн нэмэгдэж байна. Энэ юу хэлээд байна гэхээр, энэ салбар цаашид дампуурлаа зарлаж, засвар үйлчилгээгээ хийж чадахгүйд хүрч, улс орон даяар харанхуйлах аюул ирчихээд байна.

Ихэнхи улс орнууд эрчим хүчний салбараа хувьчилсан. Гэхдээ тэр дотроо дамжуулах сүлжээг хувьчилдаггүй. Манайд үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч гэсэн гурван хэсэг байдаг. Үйлдвэрлэгч нь эрчим хүчний цахилгаан станцууд. Дамжуулагч нь өндөр хүчдэлийн сүлжээ, түгээгч гэдэг нь нам хүчдэлийн сүлжээ буюу хэрэглэгчид очиж байгаа сүлжээг хэлдэг. 

Үйлдвэрлэгч, түгээгчийг хувьчилсан байдаг. Тэр жишиг рүү явах ёстой. 2010 онд бодлого гаргахдаа ч ингэж л ярьсан. Цаашдаа хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр Монголд баригдаж байгаа бүх эрчим хүчний үйлдвэрүүд төрийн өмчид байгаа. Түгээх сүлжээний Дархан, Сэлэнгээс бусад нь төрийн өмчид байдаг. 

Аль эрт хувьчлах ажлыг хийх байсан ч хийж чадаагүй явж байна. Хувьд очсон түгээх сүлжээнүүд илүү үр ашигтай ажилладаг. Төр түр зуурын хүмүүсээр удирдуулаад ашигтай ажиллаж чаддаггүй. Төр муу менежер гэдэг л энд харагдаад байгаа юм. Саяхан УИХ-д Засгийн газраас хувьчлалтай холбоотой бодлого орж ирсэн” хэмээн ярьлаа.