УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийв
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан
2015.06.11

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийв

Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.06.11/ Төрийн ордны “Г” танхимд боллоо.

Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн зохион байгуулдаг энэ удаагийн цахим ярилцлагад Хөвсгөл аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцов.

  

Цахим ярилцлагыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нээж, энэ удаагийн цахим ярилцлагад оролцож буй Улсын Их Хурлын гишүүнийг танилцуулсны дараа “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн тухай” сэдвийн хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар товч мэдээлэл хийв.

  Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн удирдлагатай аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал, бодлого, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын явц, түүнд тавих хяналтын талаар харилцан ярилцаж санал солилцлоо.   Мөн тэрээр хэлэхдээ, “УИХ-ын тогтоолоор  Өрийн бичгийн санхүүжилтээр хийгдэх объектуудын хүрээнд нийт 300 орчим сая төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газар баталж өгсөн.

Энэ эх үүсвэрийн баталгаагаар Сангийн яам ажил гүйцэтгэж байгаа компаниудад төлөөгүй төлбөрөө Өрийн бичиг хэлбэрээр санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Иймд УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө буюу 7 дугаар сарын 10-наас өмнө Засгийн газраас орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй үргэлжлүүлэх тал дээр бид ажиллаж байна” гэлээ   хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.