Багануур дүүрэг Агропарктай болно
2015.06.03

Багануур дүүрэг Агропарктай болно

2015 онд Багануур дүүрэг тэргүүлэн хөгжүүлэх арван чиглэл ажилд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж иргэдээ өөрсдөө тарьсан органик эрүүл хүнсний ногоогоор хангах зорилт байдаг.

Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж Засаг даргын зөвлөх гавьяат агрономич А.Бадарчин нарын санаачилсан Агропарк байгуулах ажлыг ИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар дэмжиж дүүргийн 5-р хороо Нарийн нуур хэсэгт 40 га талбайд агропарк байгуулахаар болоод байна. Дүүргийн Засаг даргын хөдөө аж ахуй газар тариалангийн асуудал эрхэлсэн зөвлөх гавьяат аграномич А.Бадарчин агропарк байгуулахад нэн чухал ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч “Ногоочин фермер” сургалтыг явуулж  дүүргийн цаг улирлын өнгө аяс, хөрс шорооны онцлогт тохирсон сургалтын арга барилаар ногоочдоо бэлтгээд байна.

Багануур дүүрэгт агропарк байгуулах ажлыг УИХ-ын гишүүн Л.Болд дэмжиж ХААИС-ын удирдлагуудад санал тавьсаны дагуу ХААИС-ийн захирал Т.Хэрүүга МАА-Био технологийн сургуулийн захирал О.Баатарцогт, Иноваци, бизнес хөгжлийн төвийн захирал Б.Мөнхбат, Инженер технологийн сургуулийн захирал Г.Энхбаяр,  Магистер докторын сургуулийн захирал Б.Баттөр,    ХААИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Т.Гантулга нар дүүрэгт ажиллалаа.

Хан-уул дүүрэгт Агропаркыг байгуулсан эдгээр эрдэмтэн докторууд дүүрэгт байгуулах агропаркийн ажилд тусалж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж газар дээр нь очиж танилцлаа. Мөн эрдэм шинжилгээ, мэдлэгт суурилсан хөгжлийг дүүрэгт хөгжүүлэхэд хамтран ажиллах тухайгаа ч удирдлагууд ярилцлаа.

Ажилтай орлоготой аюулгүй Багануур  зорилтыг УИХ-ын гишүүн Л.Болд дэмжиж Агропарк байгуулахад санхүүгийн хувьд ч дэмжин ажиллахаа мэдэгдээд байна. Энэхүү Агропарк нь дүүрэгт байгуулагдсанаараа олон иргэн, айл өрх ажлын байраар хангагдаад зогсохгүй дүүргийнхээ хөрсөнд тарьсан хүнсний ногоогоор иргэдээ бүрэн хангах боломжтой юм