Замын түгжрээг ялсан Сөүл хотын түүх
Сөүл хотын захираа "хотод машинууд биш, хүмүүс амьдардаг" гэсэн зарчим баримталдаг
2015.05.18

Замын түгжрээг ялсан Сөүл хотын түүх

Сөүл хотын замын түгжээг ялсан түүх

Сөүл замын түгжрээг шийдсэн байдлаараа дэлхийд үлгэр жишээ болдог. Эдүгээ 10 орчим сая хүн амтай Сөүлийн зам түгжээгүй байхад хөрш хот болох 15 дахин бага оршин суугчтай ОХУ-ын Владивосток, 7 дахин бага хүн амтай Монголын Улаанбаатарын хувьд авто замын түгжрээ толгойны өвчин болоод байна. 

1980-аад онд Сөүлийн авто машины тоо эрс өсчээ.  Улмаар өнөөгийн Улаанбаатар шиг түгжирдэг болов. Хотын захиргаа эхлээд автобуснуудыг тусгай эгнээгээр явдаг болгож нийтийн тээвэр, таксикаар зорчих картын нэгдсэн системийг нэвтрүүлжээ. 2003 онд TOPIS нэртэй систем бий болсон байна.

Өнөөдөр энэ систем Сөүл хотын замын хөдөлгөөнийг удирддаг. Замын хөдөлгөөнийг зохицуулахаас гадна байгалийн гамшиг, Хойд Солонгостой хийж болзошгүй дайн зэрэг онцгой нөхцөлд зориулсан систем юм. 

Сөүл хот анх түгжрэлийн асуудалтай тулгараад шинэ зам, машины зогсоол бариагүй, эсрэгээрээ явган зам барьжээ.

TOPIS удирдлагын төв хотын захиргаанд байрлах бөгөөд том гэгчийн зааланд олон тооны дэлгэцүүд ажиллана.  TOPIS систем нь камер, GPS-ээр дамжуулж 450 авто зам, 3000 уулзварын мэдээллийг өөртөө нэгтгэнэ.  TOPIS-ийн хяналтанд нийтдээ 8000 орчим автобус байдаг. Хаа нэгтээ түгжрэл гарвал тэр мэдээлэл даруйхан телевиз, интернет, гар утсаар дамжин сөүлчүүдэд хүрдэг.  Зогсоол, замын тусгай эгнээнд гарсан зөрчлийг бүртгэж аваад холбогдох арга хэмжээг авдаг. 

TOPIS систем нь хожим Солонгосын ерөнхийлөгч болсон Ли Мен Бакийн хотын захирагч байхдаа хийсэн гол ажил юм.  Автобусанд тусгай эгнээ гаргаж өгсөнд жолооч нар эхлээд дургүйцэж байсан ч нийтийн тээврийн хөгжлийн ачаар Сөүл хот хүн зорчиход тохиромжтой болжээ.  Эдүгээ нийтийн тээврээр зорчигчдын тоо улам өсч, олон тооны явган хүний гарц, дугуйн замууд баригдаж байна.

Авто замын дундах тусгай саравч бүхий, унадаг дугуйчдад зориулсан замыг барьжээ.

Нэг сонин баримт дурдахад Сөүл хотын захирагч ажилдаа метрогоор явдаг байхад Владивосток хотын захирагч түгжрэлээс болоод нисдэг тэргээр явдаг болжээ.

Өөр нэгэн жишээ бий. 2012 оноос эхлээд төрийн байгууллагууд Сөүл хотын төвөөс Осон хот руу аажмаар нүүж эхэлжээ. Зорилго нь хотыг жигд хөгжүүлэх, Засгийн газрыг Хойд Солонгосын хилээс холдуулах, хотын замын ачааллыг багасгах.

Хамгийн сонирхолтой нь Сөүл хот анх түгжрэлийн асуудалтай тулгараад шинэ зам, машины зогсоол бариагүй. Эсрэгээрээ явган зорчигчдод зориулсан дэд бүтцийг хөгжүүлжээ. Яагаад гэвэл хотод машинууд биш, хүмүүс амьдардаг. Тэгээд ч шинэ зам барьснаар машины тоо улам нэмэгддэг.  Хачирхалтай сонсогдох ч Сөүлд зарим замыг ашиглахыг хориглож оронд нь амралт зугаалгын ногоон бүс байгуулжээ.  Тухайлбал Чхонгечхон голын орчимд хоёр давхар хурдны зам байсныг буулгажээ. 2005 онд Сөүлчүүд Нью-Йоркод байдаг Төв цэцэрлэгт хүрээлэнгийн адил хүрээлэн байгуулж “Сөүлийн ой” гэж нэрлэжээ. 

Электрон машинуудад зориулсан цэнэглэгч авто зам

Нийтийн тээврийн тухай

Автобус

Автобус нь Сөүл хотын хамгийн түгээмэл тээврийн хэрэгслийн нэг юм. Солонгосын нийслэлд нийтдээ 400 орчим автобусны чиглэл байдаг. Олонхи гудамжаар автобуснууд тусгай эгнээгээр явдаг учраас түгжирнэ гэсэн ойлголт байхгүй.  Нэг чиглэлээс нөгөө чиглэл рүү үнэгүй шилжих бололцоо, автобусны буудлын хөгжингүй байршил нь хотын хамгийн захын буудалд ч хүрэх боломжийг өгдөг. 

Сөүлийн автобуснууд шар, хөх, ногоон, улаан өнгөтэй. Шар автобуснууд зөвхөн хотын төвд явахын зэрэгцээ Намсан ууланд хүргэдэг.  Эдгээр автобусаар хотын төвөөр зугаалах, дэлгүүр хэсэхэд хамгийн тохиромжтой. Хөх автобуснууд хотын дүүргүүд хооронд явдаг. Ногоон автобуснууд зөвхөн тухайн дүүргийн дотор зорчино. Харин улаан автобус Сөүл болон дагуул хотуудыг холбодог. Автобусны буудлууд ч гэсэн тухайн автобусандаа зориулагдсан өнгөтэй. 

Сөүлийн автобуснууд 1977 онд кондукторгүй болжээ.

Сөүлд анхны автобус 1912 онд бий болсон ч голдуу хот хооронд явдаг байв. Орчин үеийн  автобусны үйлчилгээний дүр төрх зөвхөн Солонгосын дайны дараа бүрэлджээ.  Эхлээд Сөүлийн автобуснууд кондуктортай байв. 1920-иод онд том биетэй, дунд насны эрэгтэйчүүд кондуктороор ажилладаг байсан бол аажмаар хүүхнүүд тэдний ажлыг хийх болов. 1977 оны 12 дугаар сард автобус кондукторгүй болж тусгай кассууд бий болов. Эхэндээ Сөүлийн оршин суугчид кондукторгүй автобусанд дасч өгөхгүй, заримдаа эсэргүүцсэн тохиолдол ч гардаг байв.

Такси

Хоёр төрлийн такси бий.  “Ilban” (саарал, цагаан, хөх өнгөтэй), “Mobeom” (люкс эсвэл хар өнгөтэй такси). Харин улбар шар өнгөтэй нь гадаадынханд зориулагдсан.  Түүнчлэн гадныханд зориулсан тусгай тарифтай бөгөөд энэ нь энгийн тарифаас 20 хувь дээгүүр.

Гадаадууд зөвхөн улбар шар өнгийн таксигаар үйлчлүүлдэг

Ихэнх таксины жолооч англиар ярьдаг, зарим нь бүр гар утсаараа англи, япон, хятадаар үнэгүй орчуулж өгнө. Таксины жолоочид гудамжны хаяг биш, зөвхөн чиглэлээр явдаг. Бүх такси тоолууртай, хэрэв түгжээнд орвол санаснаас илүү мөнгө төлнө.