Үндэсний чуулганы үеэр Д.Оюунхорол сайдын тавьсан илтгэл
Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганы үеэр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын тавьсан "Байгалийн нөөцийн хамтын менежментийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам"сэдэвт илтгэл бүрэн эхээрээ.
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө! Хатагтай, ноёдоо!
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганд уудам эх орны минь орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм төлөөлөгчид, тэдэнтэй хамтран ажиллагсад, байгаль хамгааалах үйлсэд зүрх сэтгэл хөдөлмөрөө зориулсан Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Нэгдсэн Үндэсний байгууллагын 2012 оны тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомсдол зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж, дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээүрэлгэн хэв маягийг эрс өөрчилж, байгальд илүү ээлтэй “ногоон” хэв загварт шилжих шаардлагатайг онцлон зөвлөсөн билээ.
Монгол Улсын Их Хурлаас 2014 онд ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгох замаар байгаль орчны тогтвортой байдлыг хадгалан, ирээдүй хойч үедээ өвлүүлж үлдээх, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртээх нөхцлийг бүрдүүлэх асуудал хурцаар тавигдаж байна.
Байгаль орчныг дан ганц төрийн албан хаагчдын хүчээр хамгаалах боломжгүй гэдэг нь амьдралаар нотлогдож, харин нутгийн уугуул иргэдийн идэвхтэй оролцоо, үйл ажиллагаагаар хамгаалдаг шалгарсан арга олон улсын хэмжээнд нэвтэрч байна.
Нутгийн уугуул иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах нөхөрлөл нь нэг газар нутагт амьдардаг, нэгнийх асуудал нөгөөд ньхамааралтай байдаг,итгэл үнэмшил, хүсэл сонирхол, эрх ашиг, үнэт зүйлсээрээ нэгдсэн хүмүүсийннэгдэл гэж ойлгож байгаа.
Өчигдөрхөн зохион байгуулсан үзэсгэлэнгийн үеэр та бүхнийхээ хийж бүтээсэн ажилтай танилцаадорон нутгийн иргэд өөрсдийн нийтлэг ашиг сонирхлоороо нэгдэж, хөдөлмөрөөхоршиж, бүтээмжээ дээшлүүлж, байгаль орчноо хамгаалах арвин туршлага хуримтлуулж буйг хараад бахархаж байлаа.
Та бүхэндээ Монгол Улсын Засгын Газар, БОНХАЖЯ-ны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэе.
Олон зуун жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхлэн, малынхаа бэлчээр, цаг улирлын байдлыгдаган дураар нүүдэллэн амьдарч ирсэн монголчуудын хувьд уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицож ахуй амьдралаа авч явахад өвөрмөц менежмэнт бидэнд хэрэгтэйг та бүхний олсон арвин туршлага нотолж байна.
Монгол малчдын нутгаа хайрлан хамгаалах сэтгэлгээ мах цусанд нь шингэсэн төдийгүй нэг голынхон, нэг амныхан, хот айлынхан, толгойлогч малчны нэрээр Доржийнхон, Цайдамынхан гэх мэт малчдын албан бус бүлгийн зохион байгуулалттай байсан бөгөөд төрсөн нутагтайгаа өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд холбогдож, салшгүй харилцаанд оршдог өвөрмөц арга барилтай ард түмэн юм.
Тухайлбал, эцэг өвгөдийнх нь ахуй амьдралын мартагдашгүй дурсамж хадгалагдан үлдэж, тэдний ариун цогцосыг хадгалж байгаа төрөлх нутгаа дээдлэн хүндлэхгүй монгол хүн гэж байхгүй билээ. Нутгаасаа холдохдоо өөрсдийнх нь аж амьдралын баталгаа болж байдаг уул уснь зүүдлэгдэг монгол сэтгэл өнөөдөрч бүдгэрээгүй байна. Үр ачдаа өвлүүлэн үлдээх эх орон, газар шороо, байгалийн баялгаа бүрэлгэн цөлмөе гэх сэтгэл монгол хүнд байхгүй.
Монголчууд айл хот, саахалтаараа нэгдэн нийлж, худаг усаа гаргаж тохижуулах, хадлан тэжээл бэлтгэх, мал сүргээ ээлжлэн хариулж маллах, ан ав хийх, зам харгуй тавьж засварлах, ан амьтныг хамгаалах, булаг, шанд, горхио арчлан хамгаалах зэрэг хамгийн энгийн хамтарсан хэлбэрээр байгаль дэлхийдээ хандан харьцаж, баялагийг нь ариг гамтайгаар ашигласаар ирсэн аж төрөх уламжлал, зан заншил нь байгаль хамгаалах үйлст бүх нийтээрээ оролцож байсны анхдагч хэлбэр мөн.
Монгол орны хүний үйл ажиллагаанд өртөж буй газар нутгийн 90 хувь нь нутгийн иргэд, малчдын өдөр тутмын хараа хяналтанд байдаг учир байгаль орчноо хамгаалах илүү боломж зөвхөн нутгийн уугуул иргэдэд байдаг билээ.
Манай яамнаас ногоон хөгжлийг хангах, иргэд, байгаль хамгаалах нөхөрлөлийг дэмжихэд чиглэсэн дараах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Үүнд:
- Байгалийн хүчин зүйл, баялгаас шууд хамаарал бүхий иргэдийн амжиргааг сайжруулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах чадавхийг бэхжүүлэх.
- Алслагдсан нутагт бэлчээрийн даацад тохируулан мал аж ахуй эрхэлж, усны эх, булаг, шандыг арчлан тордох зэргээр бэлчээрийн доройтлоос сэргийлэх чиглэлээр санаачлагатай ажиллаж байгаа малчдад экосистемийн үйлчилгээний төлбөрийн урамшуулал олгох механизмыг бүрдүүлэх;
- Байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зэрэг болно.
Нутгийниргэдийн оролцоонд түшиглэсэнбайгалийннөөцийн хамтын менежментийгтөлөвшүүлэх, нөхөрлөлийгуртхугацаандтогтвортойажиллахнөхцлийгбүрдүүлэх нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй манай орны хувьд байгаль орчноо хамгаалж, унаган төрхөөр нь хадгалж авч үлдэх, байгалийн нөөцийг ариг гамтай ашиглах, хяналт тавих байгаль хамгаалах бодлогын нэг чухал арга хэлбэр болж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2005, 2012 онд “Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох тухай хууль”-д бодлогын шинжтэй шинэчлэл хийгдснээр төр, засгийн хяналт шалгалт, зөвшөөрлийн системээр хэрэгждэг бодлогоос хамтын оролцооны арга хэлбэрт шилжих, төвлөрлийг сааруулах, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэхэд нь нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хамтын менежментийн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн үндэс бий болсон юм.
Орон нутгийн ард иргэд өөрсдийн хүсэл зорилгоор нэгдэн нийлж, нөхөрлөл байгуулж, байгаль хамгаалах хөтөлбөр болон менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэний зэрэгцээ байгалийн тодорхой төрлийн баялгийг нөхөрлөлийн зүгээс ашиглах, эзэмших давуу эрхтэй болсон билээ.
Энэхүү өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд байгаль хамгаалах уламжлалт арга хэлбэрийг шинэ үзэл санаатай хослуулан нэг байгаль хамгаалагчийн тогтолцооноос нийт иргэдийн оролцоотой байгаль хамгааллын тогтолцоонд шилжиж эхлээд байна.
Байгалийн нөөцийн хамтын менежмент нь байгаль хамгаалахад чиглэсэн аливаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг орон нутгийн хөгжилд тустай, иргэдийн амьжиргааг хангахад хувь нэмэр болохуйц, байгаль хамгаалах болон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зорилготой хүмүүсийн хооронд бий болох ашиг сонирхлын аливаа зөрчлийг хамгийн зөв арга замаар шийдвэрлэхэд чиглэгдсэн байх ёстой.
Ийм учраас өнөөдөр тус яамнаас байгаль орчны болоод ногоон хөгжлийн бодлогын хүрээнд байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад байгалийн нөөцийн хамтын менежментэд оролцогч бүх талуудын оролцоо, хоорондын итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилгоор “АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ” уриан дор энэхүү чуулганыг зохион байгуулж байна.
Чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байгаль хамгаалах нөхөрлөлд тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, тэдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар байгаль хамгаалах 120 гаруй нөхөрлөлийн төлөөллийг оролцуулсан 2 удаагийн хэлэлцүүлгийг Төв, Сэлэнгэ аймагт хийж, 800-аад нөхөрлөлөөс санал, асуулгийн судалгаа авсны зэрэгцээ байгаль хамгаалах нөхөрлөлийн чиглэлээр олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд, аймгуудийн БОАЖГ-аас ирүүлсэн мэдээ, тайлан, судалгаанаас гарсан үр дүн, санал, шүүмж, дүгнэлтийг нэгтгэн өнөөдрийн чуулганд хэлэлцүүлж байна.
1.Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн өнөөгийн байдал
Одоогийн байдлаар, ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа иргэдийн нөхөрлөлүүд нийт нөхөрлөлийн 74,8 хувийг эзэлж, ойн сангийн 20 орчим хувийг хариуцан хамгаалж байна.
Харин дэлхий дээрх нийт ойн нөөцийн 11 орчим хувийг нутгийн иргэдийн нөхөрлөл хамгаалдаг гэсэн мэдээ баримт байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан тодорхойлолтоор хамтын эзэмшлийн ойн аж ахуй гэдэг нь нутгийн иргэд өөрсдөө ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.
1990-ээд оны сүүлчээр Сэлэнгэ аймгийн Ерөө, Архангай аймгийн Булган, Өндөр-Улаан сумдад ой хамгаалах 4 хамтлаг байгуулагдсанаар манай оронд энэ шинэ ажлын эхлэл тавигдсан билээ. Өдгөө анхны нөхөрлөлтийн ахлагч Алтанцэцэг гуай байгаль орчны гавьяат ажилтан цолыг саяхан хүртээд байна.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд нийт 1629 нутгийн иргэдийн нөхөрлөл байгуулагдан, 8.2 сая га талбайг хариуцан хамгаалж байгаа бөгөөд тэдгээрийн 1218 нь ойн нөхөрлөл байна. Эдгээр нөхөрлөлд нийт 16994 өрхийн 41 295 гишүүн хамрагдаж байна.
Дээрх нөхөрлөлүүдэд нийт 1148 нь идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байгаа нь байгаль орчны олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Хөвсгөл (241), Булган (187), Сэлэнгэ (169), Төв (122), Хэнтий (117) зэрэг ой бүхий аймгуудад хамгийн олон нөхөрлөл байгуулагдан ажиллаж байгаа нь бусад аймгуудад үлгэр жишээ болохуйц амжилтад хүрсэнийг сайшаан тэмдэглэж байна.
Ойн нөхөрлөлийн тоо нэмэгдэхийн хэрээр 2012 оны ойн суурь үзүүлэлттэй харьцуулахад, 2013- 2014 онд гарсан түймрийн тоо 20,6 хувь, түймэрт өртсөн талбайн хэмжээ 98 хувиар тус тус буурчээ. Түүнчлэн нөхөрлөлийн хариуцсан талбайд хууль бус мод бэлтгэлт үндсэндээ зогсох хандлага бий боллоо. Тухайлбал, Ховд гол дагуух шугуйг Баян-Өлгий, Увс аймгийн 30 гаруй нөхөрлөлд хариуцуулснаар зөрчлийг бүрэн зогсоожээ. Түүнчлэн заган ой бүхий нутгийг иргэдийн нөхөрлөлд хариуцуулан хамгаалуулснаар, заган ойн түлшний хэрэглээг хязгаарлаад байна.
Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн судалгаанаас үзэхэд, усыг хамгаалах чиглэлээр -51, ан амьтныг хамгаалах чиглэлээр -100 орчим, байгалийн ургамал хамгаалах чиглэлээр -32, бэлчээр хамгаалах чиглэлээр -126, аялал жуулчлалын чиглэлээр -2, нийт 411 байгалийн чиглэлээр ажиллаж байна.
Эдгээр нөхөрлөлүүд гол горхи, булаг шанд, нуур цөөрмийн усны ундаргыг хамгаалах, хөв, цөв байгуулах, ан амьтны байршил нутгийг хариуцан хамгаалснаар аргаль хонь, янгир ямаа, соргог бөхөн, цоохор ирвэс, халиун буга, хар сүүлтэй зээр, тарвага зэрэг нэн ховор, ховордсон амьтдын тоо толгой нэмэгдэж, улмаар хэвийн өсч үржих нөхцлийг бүрдүүлж, зориудаар өсгөн үржүүлэх ажлыг зохион байгуулж, хууль бус агналтыг таслан зогсоох, биотехникийн арга хэмжээ авах, байгалийн ургамлыг тарьж ургуулах, зохисгүй ашиглалтыг хязгаарлан зогсоох өргөн цар хүрээтэй ажлыг гүйцэтгэж тодорхой үр дүнд хүрч байгааг дурдахад нэн таатай байна.
Тухайлбал, Төв аймгийн Аргалант сумын “Жаргалант”, “Оргилуун сүү”, Баяндэлгэр сумын “Шарбулаг”, “Хэрлэн” зэрэг нөхөрлөлүүдэд тарвагатай нутгийг эзэмшүүлж хамгаалах ажлыг зохион байгуулснаар тарваганы хууль бус агналтыг хязгаарлах, тогтвортой өсөх нөхцлийг бүрдүүлээд байна.
Мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын “Шар харгай”, “Цахир”, Сагил сумын “Аргалт хариг”, “Үүрэг нуур” нөхөрлөлүүд нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал, ангын менежментийг амжилттай хэрэгжүүлж байна.
Үүний зэрэгцээ “Шархаргай” нөхөрлөл нь аргаль хонины бэлчээрийн байршил нутгийг чөлөөлөн хамгаалж, “Цахир” нөхөрлөл Шар харгайн голоос 12 км суваг шуудуу татаж, ус задгайлан хар сүүлт зээрийг хамгаалж, байгаа бол Сагил сумын Үүрэг нуур багийн “Аргалт хариг”, “Үүрэг нуур” нөхөрлөл хамтран тусгай зөвшөөрлийн ан хийх компанитай гэрээ байгуулан, анх удаа нөхөрлөлийн ангын отог гаргаж, тодорхой хугацаанд хүмүүсээ ажлын байраар хангаж, дундын сандаа мөнгөн хуримтлал бий болгосноор нөхөрлөлүүд ангын отог ажиллуулах боломжтой болжээ.
Мөн Гулзатын орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг “Гулзатын санаачлага” ТББ хариуцан хэрэгжүүлж, 9 нөхөрлөл ажиллуулснаар, сүүлийн 10 жилд аргаль хонины тоо 5 дахин өссөн байна.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг нөхөрлөлүүд хийж эхэлсэн нь туйлын сайшаалтай ажил болж байна.
Байгалийн нөөцийн иргэдийн нөхөрлөлүүд байгалиа хариуцан хамгаалж байгаагийн зэрэгцээ ой, түүний дагалт баялаг, байгалийн ургамал, элбэг амьтан зэрэг байгалийн баялгаа давуу эрхээр ашиглаж, тарьц суулгац бойжуулах, ойжуулалт хийх, эмийн ургамал, чацаргана, жимс жимсгэнэ тарих, зөгий үржүүлэх замаар экологийн цэвэр түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэж, ажлын байр, иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа олон сайхан жишээ баримт, санаачлагыг өмнөх өдөр болсон нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээ тодорхой харууллаа.
Уг арга хэмжээнд оролцсон нөхөрлөлүүдийн төлөөлөлтэй уулзаж ярилцаж байх явцад энэ ажлын үр дүнд цөөнгүй ажлын байр, иргэдийн орлогын нэмэлт эх үүсвэрүүд бий болж байгааг олж харлаа.
Үүний зэрэгцээ иргэдийн нөхөрлөлүүд малын гаралтай түүхий эдийг боловсруулах, гар урлалын бэлэг дурсгалын зүйлс болон гэрийн мод үйлдвэрлэж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжийг олгож байгааг дурдах нь зүйтэй. Иймд дээрх иргэдийн нөхөрлөлийн шинэ санаачлага, тэргүүн туршлагууд нь иргэдийн нөхөрлөлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Нөхөрлөл үүсэж хөгжсөн 15 жилийн хугацаанд олон улсын санхүүжүүлэгч байгууллага, төсөл, хөтөлбөр, мэргэжлийн байгууллага, судлаачид, мэргэжилтнүүд арга зүйн болон санхүү, хөрөнгө оруулалтын ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ирснийг онцлон тэмдэглэж хэлэх нь зүйтэй.
Тухайлбал, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамаар 2000 оноос “Цөлжилттэй тэмцэх нэгдсэн менежмент” төслийн хүрээнд Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт 49 нөхөрлөл, 2006 оноос “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл” төслийн хүрээнд Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Архангай аймагт 99 нөхөрлөл, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн жижиг төслийн шугамаар 2002 оноос 300 гаруй нөхөрлөл, хоршоо, 2008 оноос “Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент төсөл”-ийн хүрээнд Сүхбаатар, Төв, Өвөрхангай аймагт 13 ойн нөхөрлөл өөрсдийн үүсгэл санаачлагаар байгуулагдаж, төсөл, хөтөлбөрийн зүгээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Энэ ажилд аймгуудын ИТХ, бүх шатны Засаг дарга, БОАЖГ, эрдэм шинжилгээний байгууллага, байгаль орчны мэргэжлийн болон төрийн бус байгууллага, сумын болон сум дундын ойн анги, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын оролцоо дэмжлэг багагүй үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон хэлэхийг хүсч байна.
Ийнхүү байгалийн нөөцийн хамтын менежментийн суурь ойн салбараас эхлэн тавигдаж одоо улс орон даяар хэрэгжиж, байгалийн бусад баялгийг хариуцан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж байна.
Иймд нутгийн иргэдийн хүч нөөцөд тулгуурлан байгуулагдсан нөхөрлөлүүдийндоороосдээш чиглэсэн хандлага, төрийн, мэргэжлийн байгууллагуудын дээрээс доош чиглэсэнхандлагыг оновчтой хослуулах замаар нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн баялгийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бидэнд байна.
Манай орны малчин өрхийн аж ахуй бол хэмжээний хувьд жижиг, бэлчээрээ нийтээрээ дундаа ашигладаг, гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрт тулгуурласан, гол төлөв амиа аргацаасан шинжтэй байдаг онцлогтой.
Байгалийн нөөцийн хамтын менежмент тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс нутагт хэрэгжиж, байгалийн баялгаас хүртэх эрх нь хязгаарлагдсан орчны бүс нутгийн иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлж байна. Өнөөгийн байдлаар, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд 117 сумдын 14 сая га талбай хамрагдаж байна. Энэ нутагт 45 мянган айл өрхийн 4.6 сая толгой мал, газар тариалангийн 81 аж ахуй нэгж ажиллаж, байгаль хамгаалах 485 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. ТХГН-ийн орчны бүсийн тухай хуулийн дагуу орчны бүсийн зөвлөл ажиллаж, орчны бүсийн санг байгуулан байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өргөн боломж байгааг дурдах хэрэгтэй.
Манай орны байгалийн амин чухал нөөц баялаг болсон усны менежментийг хэрэгжүүлэхдээ сав газраар нь зохицуулах бодлогыг баримталж, нийт нутаг дэвсгэрийг хамарсан усны 29 сав газарт 26 хамгаалалтын захиргааг байгуулан ажиллуулж байна. Сав газрын захиргаа нь усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бөгөөд усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гол, мөрөн, булаг шандны эхийг хамгаалж, тохижуулах, цас борооны ус хуримтлуулах замаар хөв, цөөрөм, усан санг байгуулах зэрэг ажилд орон нутгийн иргэдийн нөхөрлөлтэй хамтран ажиллах бололцоогоор хангагдсан болно.
Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 13 аймгийн 49 сумын нутаг дэвсгэрт агнуурын 62 бүс нутгийг тогтоолгож, орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр ахуйн болон тусгай зориулалтын ан агнуур хийлгэх боломж бүрдүүлжээ.
Дээр дурдагдсан дэмжлэг, туслалцааны үр дүнд олон нөхөрлөлүүдийн гишүүдийн амжиргаагаа дээшлүүлэх, ур чадварын сургалтад хамрагдаж, газар зохион байгуулалтын төлөвлөлтөд оролцож, бэлчээр, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр шийдвэр гаргахад оролцох, санал бодлоо хуваалцаж илэрхийлэх, байгалийн нөөцийн даац, чадавхийг өөрсдөө тооцоолох, ой, ан амьтан, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг зохиох, түүний дагуу үйл ажиллагаа явуулах, нөхөрлөл өөрийнхөө үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж үнэлэлгээ өгөх, нөхөрлөлүүд харилцан туршлагаа солилцох зэрэг арга барилд суралцаж байна.
Энэ ажилд аймгуудын ИТХ, бүх шатны Засаг дарга, БОАЖГ, эрдэм шинжилгээний байгууллага, байгаль орчны мэргэжлийн болон төрийн бус байгууллага, сумын болон сум дундын ойн анги, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын оролцоо дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн байна.
2. Байгалийн нөөцийн хамтын менежментийн
нөхөрлөлүүдэд тулгамдаж байгаа асуудал
Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгалийн нөөцийн хамтын менежментийн үйл ажиллагаанд байгаль хамгаалах нөхөрлөл, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Усны сав газрын хамгаалалтын захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, тухайн суманд ажиллаж байгаа байгаль орчны мэргэжлийн байгууллага хамтарч ажиллах эрх зүйн орчин бүрдсэн билээ. Мөн байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага ч хамтарч оролцох боломжтой.
Сэлэнгэ, Төв аймгийн Байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг иргэдийн нөхөрлөлүүдийн гишүүдээс нөхөрлөлд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаарх судалгааний дүнгээс үзэхэд, санал асуулгад оролцогчдын:
- 46% нь нөхөрлөлүүдийг санхүүгийн чадавхатай болоход зээл тусламж үзүүлэх шаардлагатай.
- 13% нь орон нутгийн төр захиргааны байгууллагууд нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмждэггүй гэжээ. Эндээс үзэхэд, бүх шатны Засаг даргын зүгээс нөхөрлөлтэй хамтарч ажиллах гэрээ, менежментийн төлөвлөгөөний биелэлтээ сумын ИТХ-д жил бүр хугацаанд тайлагнадаггүй, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж, тэднийг хууль тогтоомжийн хүрээнд дэмжиж, туслалцаа үзүүлж ажилладаггүй байна.
- 10% нь нөхөрлөлүүдийн эзэмшсэн талбай дээрээ үйл ажиллагаа явуулах эрхийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хариулжээ.
- 8% нь нөхөрлөлийн гишүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх хэрэгтэй;
- 7% нь нөхөрлөл бүр албан ёсны гэрчилгээгүйгээс төсөл хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй;
- 4% нь нөхөрлөлийн санхүүжилтийг хууль журмаар зохицуулж өгөх шаардлагатай гэсэн хариулт өгсөн байна.
Байгалийн нөөц баялгийн тодорхой хэсгийг иргэдийн нөхөрлөлд эзэмшүүлэх замаар хамгаалуулах явцад зарим сөрөг үр дагавар гарч байгаад дүгнэлт хийж ажиллах шаардлагатай.
Тухайлбал, нөхөрлөлүүд өөрсдийн хариуцсан талбайгаа хамгаалахад идэвх санаачлага гарган ажиллаж байгаа боловч хамгаалалтад ороогүй зэргэлдээ нутагт зөрчил гарах явдал түгээмэл байна. Иймээс зэргэлдээ газар нутгийг иргэн, нөхөрлөл аль эсвэл аж ахуйн нэгж, байгууллагад хариуцуулан хамгаалуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Тухайлбал, Төв аймгийн Мөнгөнморьт суманд ойн сангийн 80-аад хувийг ойн нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлсэн ч эзэнгүй орхигдсон газарт хууль бусаар мод бэлтгэх, зөвшөөрөлгүй самар түүх зөрчил байнга гарч байна.
Түүнчлэн, тухайн орон нутагт байнга нутагладаггүй төв, суурин газрын иргэд, нийслэл хотод амьдардаг хүмүүс орон нутагт нөхөрлөл байгуулж ашиг хонжоо хайх явдал ажиглагдаж байна.
Иймд орон нутгийн байгалийн баялгийг хариуцан хамгаалах нутгийн иргэн гэдэг ойлголтыг дараах шалгуураар тодорхойлох шаардлагатай. Үүнд:
- Тухайн нутагтаа үе дамжин нутаглаж ирсэн уугуул иргэн;
- Орон нутагтаа байнга суурьшин амьдарч түүний баялгийг хүртэж байгаа нутгийн иргэн;
- Үр удам нь цаашдаа энэ нутагтаа байж байгалийнхаа баялагт түшиглэн амьдрах иргэн энэ нутгийнхаа байгалийг үнэн сэтгэлээсээ хамгаалж, эзний ёсоор хандаж чадна гэсэн зарчмыг баримтлах нь зүйтэй.
Харин сүүлийн жилүүдэд алслагдсан аймгуудын малчид төвийн бүс нутагт олноор ирж суурьших болсон нь уугуул нутгийн биш малчдын шинэ бүлгийг бүрдүүлж байна. Тэд цаашид тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах тохиолдолд нутгийн иргэдийн нэгэн адил байгалийн нөөцийн хамтын менежментэд оролцох эрхтэй байж болох юм.
Иймд байгалийн нөөцийн хамтын менежментэд оролцогч талуудын ажлын уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ нэгэнт бий болсон сайн туршлагуудыг дэмжин дэлгэрүүлэх шаардлагатай. Тухайлбал Алтай Соёны бүс нутгийн сумдын Засаг даргын тамгын газрын дэргэд “Байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасаг” байгуулан ажилласнаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан тушаалтан, эрх бүхий хүмүүсийн ажил төрлийн уялдааг сайжруулж, ажлын давхардал, хийдэл арилж, нэгдмэл удирдлагаар хангах боломж бүрдсэн байна.
Энэхүү бүтцийг цаашид улам боловсронгуй болгож, тогтвортой хөгжлийн үндэсний зөвлөл, орон нутгийн бүтэцтэй нягт холбосноор салбар дундын зохицуулалтын зохистой бүтэц бүрдэнэ гэж үзэж байна.
Нутгийн иргэдийг зохион байгуулалтад оруулж чадавхжуулах, тэдэнд байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцуулан хамгаалахыг хуульчилсан хэдий ч амьдралд хэрэгжихэд тодорхой цаг хугацаа шаардаж байна. Энэ ажлыг орон нутагтаа зохион байгуулах үүрэг бүхий зарим аймаг, сум, багийн Засаг дарга нар идэвх санаачлагагүй ажиллаж байна. Нөгөө талаас байгаль хамгаалах нөхөрлөлүүд орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтарч ажиллах талаар учир дутагдалтай ажиллаж байна.
Нөхөрлөлийн байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө, Засаг даргатай байгуулсан гэрээ бол дагаж мөрдөх үндсэн эрх зүйн баримт бичиг мөн. Менежментийн төлөвлөгөө болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох, улмаар цуцлах асуудал хуулинд тусгагдсан болно. Нөгөө талаас нөхөрлөлийн үйл ажиллагаанд тавих хяналтаа сулруулсан, байгалийн нөөцийг хууль бусаар ашиглах бололцоо олгосон сумын Засаг дарга нарт хариуцлага тооцох хуулийн заалт хэрэгжихгүй байна. Гэхдээ одоо үйлчилж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага ч байна.
3. Байгаль хамгаалах нөхөрлөлийн талаар
авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ
Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
- “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд”, “Биологийн олон янз байдлын Үндэсний хөтөлбөр”, “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” зэрэг шинээр боловсруулж батлуулах урт, богино хугацааны бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд иргэдийн нөхөрлөлийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох;
- Иргэдийн нөхөрлөлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор “Байгаль хамгаалах тухай”, “Газрын тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Усны тухай”, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай”, “Амьтны тухай”, “Байгалийн ургамлын тухай” зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах;
- Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн ажиллах нийтлэг журмыг Засгийн газраар батлуулах, эрх зүйн орчинг бүрдүүлэх;
- Иргэдийн нөхөрлөлийн бэлчээрийн менежментийг малчдын бүлэг, хоршоотой уялдуулан зохицуулсан эрх зүйн орчинг бий болгох;
- Иргэдийн нөхөрлөлийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалахаар эзэмшиж буй газар нутагт аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн жилийн цэвэр ашгийнхаа тодорхой хувийг нөхөрлөлийн дундын санд төвлөрүүлдэг байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх;
- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны бүтцэд байгаль хамгаалах нөхөрлөлийн асуудал хариуцсан нэгж ажиллуулах, нэгдсэн зохион байгуулалт, салбар дундын удирдлаар хангах;
- Нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ, Засаг дарга нөхөрлөлтэй хамтран ажиллах гэрээгээр хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож хуульчлах;
- Иргэдийн нөхөрлөлийн хариуцан хамгаалж буй тодорхой төрлийн байгалийн баялаг бүхий газар нутгийн хил, хязгаарыг кадастрын зургаар баталгаажуулах, уг газар нутгийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг нэг удаа орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
- Иргэдийн нөхөрлөлийг хур танадасын усыг хуримтлуулах хөв цөөрөм, усан сан, ойн зурвас байгуулах, булаг шандын эхийг хамгаалж, тохижуулах, цөлжилттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд түлхүү хамруулах;
- Нөхөрлөлийн үйл ажиллагааг аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах талаар санал асуулгад оролцогчдын 21 хувь нь санал гаргасныг судлан үзэж, хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах;
- Монголын бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдаж, цөлжилтийг нэмэгдүүлж байгааг харгалзан бэлчээрийн тухай хуулийн эрх зүйн орчныг бий болгож малын үүлдэр угсгааг сайжруулж, фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд иргэдийн нөхөрлөлийн оролцоог хангах;
- Газар тариалангийн бүс нутгийн хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилгоор ойн зурвас байгуулахад нь үр тарианы компани болон мод үржүүлгийн нөхөрлөлийн үйл ажиллагааг уялдуулах;
- Иргэдийн нөхөрлөлийг өргөжүүлэн хөгжүүлэх салбар дундын бодлого, төлөвлөлт, зохицуулалт, удирдлага, зохион байгуулалтыг бүрдүүлэх;
- Байгаль орчны төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллага, байгаль орчны мэргэжлийн болон төрийн бус байгууллага иргэдийн нөхөрлөлийг байгуулах ажлыг өргөжүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авах;
- 2012 онд батлагдсан “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулиар байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого орон нутгийн төсөвт төвлөрдөг болсон бөгөөд ойн нөөц ашигласны орлогын 85%, газрын нөөц ашигласны 30%, ус, рашаан ашигласны 35%, ан амьтны нөөц ашигласны 50%, байгалийн ургамлын нөөц ашигласны 15-аас доошгүй хувийг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасныг хэрэгжүүлэх;
- Энэ хуулийн дагуу 2013 онд нийт 41.2 тэрбум төгрөг, 2014 онд 38.7 тэрбум төгрөгийн орлого орон нутгийн төсвийн татварын орлогод төвлөрсөн байна. Гэтэл үүнээс 10 хүрэхгүй хувийг байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зарцуулсан нь хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгааг илэрхийлж байна. Иймд төлбөрийн орлогыг зориулалтаар нь ашигладаг болох хяналт, хариуцлагын механизмыг бий болгож иргэдийн нөхөрлөлд уг орлогын тодорхой хувийг зарцуулдаг журамд шилжих;
- Иргэдийн нөхөрлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гадаад орнуудын дэвшилт арга туршлагатай танилцах талаар хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;
- Байгалийн нөөцийн хамтын менежментийн асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал төдийгүй бэлчээр ашиглах, байгалийн гамшгийн эрсдлийн менежмент хийх зэрэг салбар дундын бодлого, төлөвлөлт, зохицуулалтыг уялдуулан өөрчлөх;
- Нөхөрлөлийн гишүүдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжил олгох сургалтад хамруулж, сургалтын төлбөрийг төрөөс хариуцах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Иргэдийн нөхөрлөлийн гишүүдийн өмчийн болон эзэмшлийн газар дээрээ өөрийн өмч хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой, ургамал, өсгөж үржүүлсэн ан амьтан, хурын усыг хуримтлуулах замаар бий болгосон нуур, цөөрөм, усан санг өмчлүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгож, нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх зэрэг болно.
Үндэсний чуулганы үеэр байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээхэд учирч буй бэрхшээл, түүнийг арилгах арга зам, байгалийн нөөцийн хамтын менежментэд оролцогч талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлага, хамтын ажиллагаа, төрөөс нөхөрлөлийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааг цаашид бэхжүүлэх талаар санал бодлоо солилцож, чуулганаас үнэтэй зөвлөмж гаргахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
Хүнд буян хийе гэвэл тархинд нь мэдлэг өг, байгальд буян хийе гэвэл хөрсөнд мод тарь, хэвлийд нь ус тогтоо гэсэн сургамжийг сахин биелүүлж, эх орныхоо онгон дагшин байгалийг ирээдүй үеийнхэндээ өвлүүлэн үлдээцгээе ээ!
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье!
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА