Хэн юу хэлэв
“Хэн юу хэлэв” булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, ХХАА-н сайд Р.Бурмаа, нарын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагаас тоймлон хүргэж байна.
Б.Гарамгайбаатар: Би хийх ёстойгоо хэнээр ч заалгахгүй
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компани Хөгжлийн банкнаас 30 сая ам.доллар авч, түүнийхээ дараа нэг ч зам бариагүй тухай хэвлэл мэдээллээр мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр, “Монроуд бол миний үүсгэн байгуулсан компани. Би ямар нэг төрийн өмчийг хувьчилж, худалдаж аваагүй.
Бүр тэгээс нь эхлээд үйл ажиллагаа явуулж өнөөдрийн хэмжээнд энэ компанийг авчирсан нь нууц биш. Удирдлагаас нь хөндийрөөд арваад жил болчихлоо. Энэ компани дэд бүтцийн тэр дундаа авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Сайн, муугаар олон жил яригдаж байгаа аж ахуйн нэгж. Асуудал юунаас үүссэн бэ гэвэл АТГ-ын мэдээлэл дээр Хөгжлийн банкийг шалгаж байх үеэр 30 гаруй тэрбум төгрөгийг Монроуд компанид шууд өгсөн байна гэж ярьсан юм. Үүнийг улс төржүүлж байгаа. Сүүлийн үед улстөржүүлэх болсон нь мөн МАН-аас улбаатай. Цогоо гэдэг хүн дамжуулж байна. Шалтгаан нь их хялбархан.
Эдийн засгийн байнгын хороо Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Тэр ажлын хэсэгт би орсон. Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсгийн даргыг томилдог. Дэд ажлын хэсгийг мөн байнгын хорооны дарга томилдог. Тэр дэд ажлын хэсэгт МАН-ын бүлгийн ажилтнууд ороогүй юм, уг нь. Гэтэл МАН-аас ажлын хэсгийг ахалсан Л.Энх-Амгалан гишүүн намын бүлгийнхээ ажилтнуудыг дагалдуулан Хөгжлийн банкин дээр очиж мэргэжилтнүүдийг нь айлган сүрдүүлсэн ажиллагаа хийсэн байдаг юм. Асуудлыг байнгын хороон дээр хөндсөн. Байнгын хорооны даргын гаргасан тогтоолд орсон хүмүүс ажлын хэсэг, дэд ажлын хэсгийг бүрдүүлдэг болохоос бус хэн дуртай хүн нь очиж болохгүй, дүрэм журмаараа явах ёстой гэдгийг ярьсан.
Цогоо гэдэг хүн тэгэхэд орсон учраас энэ дагуу л над руу дайрч байгаа юм. Айгаад, эмзэглээд байх асуудалгүй. Би очиж уучлалт гуйх юм гэнэ. Би тэр хүнтэй очиж уулзах юм гэнэ. Тийм юм байхгүй. Би хийх ёстойгоо хэнээр ч заалгалгүй хийнэ. Хэрвээ буруутай байвал асуудлаа шийдээд явна. Энэ бол цэвэр улс төрийн тоглоом. Л.Энх-Амгалан гишүүн “Энержи ресурс”-тэй холбоотой хүн. Энэ утгаараа явцуу хүрээнд энэ ажиллагааг зохион байгуулж байна уу гэж би хардах эрхтэй. Хардаж ч байна. Яагаад гэвэл АН-ын бүлгийн дарга гэдгээр асуудалд хандаад байна.
Р.Бурмаа: Сонгуулийн хуулийг ирэх долоо хоногт өргөн барина
Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Р.Бурмаа хуулийн төслийн талаар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, “Бүх намын төлөөлөл оролцсон УИХ дахь Ажлын хэсэг хуралдаад УИХ-ын сонгуулийн тогтолцооноос бусад бүх асуудал дээрээ санал нэгдсэн. Үг үсэг, цэг таслал дээр өгүүлбэр болгоноор нь ажилласан.
96 хуудас хууль бий. Эндээс хоёр заалт дээр мэргэжлийн байгууллагаас нь санал авах нь зүйтэй гэж үзсэн. Тогтолцоог бол одоогийн хуулийн төсөлд 28 нь намын жагсаалтаар, 48 нь нэг мандаттай тойргоос сонгогдох хувилбар явж байгаа. Гэхдээ энэ асуудал одоогоор нээлттэй байгаа.
Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн сонгуулийг 100 хувь мажаротар системээр явуулна. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай хамт явагдахаар өргөн баригдсан. МАН энэ асуудлыг эргэж бүлэг дээрээ яриад саналаа өгөхөөр болсон, бусад намуудын тухайд саналаа өгчихсөн. Сонгууль зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр байна. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн үеийн санхүүжилтын асуудлыг зохицуулсан. Ингэхдээ сонгуульд зарцуулах дээд хэмжээг өмнө нь СЕХ тогтоодог байсныг энэ удаа Аудитын газар тогтооно.
Мөн телевизээр гарах нэвтрүүлэг дээр зохицуулалт орсон. Тухайлбал тухайн телевиз аль нэг намыг дагнасан нэвтрүүлэг, сурталчилгаа явуулахыг хориглож байгаа. Телевиз радиогийн нэвтрүүлгийн цагийг тэгш хуваарилах, ижил хэмжээний хэвлэмэл хуудас материал тараах зэргээр нэр дэвшигчдийг тэгш өрсөлдөх боломжоор хангасан. 18 нас хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж болохгүй гэсэн заалттай холбогдуулан Хүүхдийн төлөө газар, хүний эрхийн байгууллагаас санал авахаар болсон.
Бас сонгуулийн үед цахим орон зайн сурталчилгаанд ямар зохицуулалт хийх нь тохиромжтой талаар мэргэжлийн байгууллагаас санал авна. Цахим орон зайг хэрхэн зохицуулах вэ, тэгш боломжийг яаж хангах вэ, нэр дэвшигчийг үндэслэлгүйгээр гүтгэвэл яах вэ зэрэг олон асуултууд бий. Өмнөх сонгуулийн хуулиуд дээр ийм асуудал байгаагүй учир мэргэжлийн байгууллагаас санал авахаар болсон. Ирэх долоо хоногт хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болно.