ХХАА-н сайд Р.Бурмаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
Үр тарианы тариалалтыг энэ сарын 4-нөөс эхэлсэн, төмс хүнсний ногооны тариалалт энэ сарын 10-наас эхэлж ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Сайдын цаг” уулзалтын үеэр хэллээ.
Энэ жил 328,6 мянган га-д үр тариа үүнээс 300 мянган га-д улаан буудай, 13,9 мянган га-д төмс, 8,7 мянган га-д хүнсний ногоо, 33 мянган га-д тосны ургамал, 16 мянган га-д малын тэжээл, нэг мянган га-д жимс, жимсгэнэ тариалахаар төлөвлөжээ.
Тариалалтад 2880 трактор, 2170 үрлүүр, хөрс боловсруулах 4680 техник, төмс, хүнсний ногооны үрлүүр 326 ажиллахад бэлэн болсон. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх 125-165 морины хүчтэй 132 тракторыг энэ сарын 15-ны дотор нийлүүлнэ гэж сайд хэллээ.
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн төслийг УИХ, Засгийн газраар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, Хүнсний улаан буудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор 2015 оны ургацаас тариалан эрхлэлтийг дэмжих санд 23-аас дээш хувийн цавуулагтай, стандартын шаардлага хангасан 100 хүртэл мянган тн хүнсний буудай худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх зэрэгт анхаарч ажиллаж байна гэж сайд ярилаа.
Мал тооллогын дүнгээр 2014 оны эцэст мал сүргийн тоо 52 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 6,8 саяар өссөн. Улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 70 хувь буюу 15,2 сая эх мал төллөж, 14,9 сая төл хүлээн аваад байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Дундговь, Ховд аймаг 80-аас дээш, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгууд 70-аас дээш хувьтай байна зэрэг мэдээллийг ХХАА-н сайд өгөөд сэтгүүлчдийн асуултад хариуллаа