”ЭТТ”-н хувьцааны асуудлаар 11 мянган иргэн санал өгчээ
2015.05.07

”ЭТТ”-н хувьцааны асуудлаар 11 мянган иргэн санал өгчээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци ТББ, Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв ТББ хамтран дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-ныг хүртэл “Таван толгойн” хөрөнгө оруулалт, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны талаар иргэдийн саналыг авсан билээ.

Тэрбээр саналын үр дүнгийн талаараа өнөөдөр мэдээлэл хийж, иргэдийн саналыг Таван толгойн гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэчимэгт гардуулан өглөө. Чингисийн талбайд зохион байгуулсан “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны талаар санал асуулгад нийт 11,526 иргэн оролцож санал өгсөн аж. Тэд иргэдээс дөрвөн асуултад санал авчээ.

Үүнд:

  • “Таван толгойн” хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг дэмжиж байна уу гэсэн асуултад 11,460 иргэн буюу  99.4 хувь нь дэмжиж,  66 иргэн буюу  0.5 хувь нь дэмжээгүй гэсэн саналыг өгчээ.
  • “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгохыг дэмжиж байна уу гэсэн асуултад 11,421 иргэн  буюу 99.0  хувь нь дэмжиж, 105 иргэн буюу 1.0 хувь нь дэмжээгүй байна.
  • “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээхийг дэмжиж байна уу гэсэн асуултад 11,476 иргэн буюу 99.5 хувь нь дэмжиж, 50 иргэн буюу 0.4 хувь нь дэмжээгүй байна.
  • “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1,072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байна уу гэсэн асуултад 11,485 иргэн буюу 99.6 хувь нь дэмжиж, 41 иргэн буюу 0.4 хувь нь дэмжээгүй байна. 

Саналын хуудсыг хувьцаат компанийн саналын хуудас авдаг нийтлэг шалгуураар боловсруулж иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, утас, гарын үсгийг зуруулан авсан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ. Түүнчлэн иргэдээс хэд, хэдэн тусгайлсан саналууд гарсан байна. 

Тухайлбал, “Эрдэнэс Таван толгойн” хувьцааны талаар үнэн зөвөөр иргэдэд мэдээлэл өгөх, ямар ч мэдээлэл алга, дандаа буруу ташаа мэдээллийг өгч, ард түмний толгойг угааж байна. Мөн сургалт зохион байгуулахыг иргэд хүсэж байгаагаа уламжилсан байна.

Монгол Улс өндөр хөгжсөн улс орнуудаас орчин үеийн хүчин чадал бүхий уул уурхайн техник тоног төхөөрөмжийг авч, өөрсдөө газар нутаг, байгалийн баялгаа ашиглах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зэрэгт иргэдийн саналыг авах, Байгалийн баялгийг эзэмших, ашиглахыг улс төржүүлэхгүй байх, Оюу толгойн гэрээг хийсэн хүмүүстэй хариуцлага тооцох зэрэг саналыг ирүүлжээ.

Монгол хүн өргүй болмоор байна, өргүй Монгол болмоор байна, Монгол Улс эдийн засгийн хувьд аль нэг орны хараат болоход ойрхон байна, олон намуудын оронд сайн төр Монголд хэрэгтэй байна, гурван сая иргэдээ сайхан амьдруулах төр хэрэгтэй байна. Орон нутаг, бүс нутгийн эрх ашиг, эко системийг хамгаалсан тусгай бүлэг оруулах, нүүрсийг конверын системээр зөөх, төмөр замаар зөөхийг хориглох зэрэг тусгайлсан саналуудыг бичсэн байна. 

Санал асуулгад оролцсон иргэдийн  99.4 хувь нь “Таван толгойн” хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгохыг, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээхийг, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1,072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна гэжээ.

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 17 хувийг эзэмшээд байгаа Монгол Улсын 2.5 сая иргэний 2.5 тэрбум ширхэг, 553 аж ахуйн нэгжийн 8.5 сая ширхэг хувьцааг саналын эрхгүй болгож, Монгол Улсын үндсэн хуулийн 5-р зүйлийн 5.2, 5.3-р заалт, 16-р зүйлийн 16.3-р заалт, Компанийн тухай хуулийн 34-р зүйлийг ноцтой зөрчиж хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрх, санал өгөх эрхийг хязгаарлаж байгаа аж. Иймд хувьцаа эзэмшигчдийн эрхийг тэгш хангах үүднээс иргэдээс санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд энэ нь ямар нэгэн улстөржсөн асуудал биш. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг гишүүнд хүлээлгэн өгсөн иргэдийн саналыг харгалзан үзэж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг адил тэгш хангасан шийдвэр гаргахыг хүслээ.