Олимпиадад түрүүлсэн сурагчийг 10 сая төгрөгөөр урамшууллаа
Увс аймгийн Өмнөговь сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гишүүн Н. Тэгшбаяр
2015.05.07

Олимпиадад түрүүлсэн сурагчийг 10 сая төгрөгөөр урамшууллаа

Увс аймгийн Өмнөговь сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гишүүн Н. Тэгшбаяртай ярилцлаа.

-Танай сумын нэрэмжит математикийн олимпиад боллоо. Олимпиадыг зохион байгуулах болсон тухайгаа ярихгүй юу?

Өнөө жил Увс аймгийн 90 жилийн ой болж байгаа. Ойн хүрээнд сум бүр нийгэм рүү чиглэсэн үр дүнтэй ажил зохиохоор болсон юм. Өмнөговь сумын тухайд хамгийн олон эрдэмтэн, сайд төрсөн оюунлаг сум. Тиймээс математикийн олимпиад зохион байгуулж түрүүлсэн хүүхдийг боломжийн хэрээр урамшуулъя гэж шийдсэн юм. Монгол Улсыг оюуны өндөр чадавхитай, тархиндаа бяртай хүүхдүүд л авч явна. Гэтэл ажаад байхад оюунлаг, толгой сайтай хүмүүсийг тэр бүр урамшуулахгүй юм. Морь, бөхөөр тэдэн рүү байдгаа бариад гүйчихдэг.

Оюунлаг хүүхдүүдийг дэмжих үүднээс олимпиадад түрүүлсэн сурагчийг 10 сая төгрөгөөр урамшууллаа.

Увсын ард түмэн хүчит бөх, шандаст хурдан хүлгүүдээ байлж чаддаг. Увс гэлтгүй бусад аймгийнхан маань ч нутгиинхаа нэрийг гаргасан бөх, хурдан хүлэгтээ өндөр бай шагнал өгч байна. Хамгийн сүүлийн үеийн жийп машин, хамгийн тохилог орон сууцыг тэдэнд л өгч байгаа, Харин оюуны чадварыг үнэлэх үнэлэмж бага. Би багадаа сум, аймгийн олимпиадад оролцдог л байлаа. Амжилт гаргахаар буцах автобусны мөнгө ч өгдөггүй. Цаасан өргөмжлөл, медаль өгдөг байсан.

-Одоо харин түрүүлсэн хүүхдийг 10 сая төгрөгөөр шагнаж байгаа гэв үү?

Олимпиадын 10-12 дугаар ангийн ангилалд түрүүлсэн хүүхдийг 10 сая төгрөгөөр шагная гэж шийдсэн. Гэхдээ энэ мөнгийг аль нэг компанийн эзнээс аваагүй. Манай сумын зуун хүн 100, 100 мянган төгрөг хандивласан. Түрүүлсэн хүүхдэд 10 сая төгрөгөө Увс аймгийн 90 жилийн ойн Увс нуур цом, алтан гэрэгийн хамт өгсөн. Гэхдээ нэг шинэ жишиг оруулъя гэж шийдсэн юм.

Түрүүлж байгаа хүүхэд сайн байна гэдэг аав, ээжтэй нь холбоотойгоос гадна тухайн сурагчийг бэлдсэн багшаас хамааралтай. Тиймээс түрүүлсэн хүүхдийн шагналын 10 сая төгрөгийг багш, шавь хоёрт тав, таван саяар хувааж өгөхөөр болсон. Сурагч ирэх жилийнхээ сургалтын төлбөрийг шийдчихлээ гэхэд багш нь түүн шиг сайн сурагч олныг бэлдэхийн төлөө урам зоригтой ажиллах болно.

-Ямар хүүхэд түрүүлэв?

“Олонлог” сургуулийн 12-ын “В” ангийн сурагч Г.Баяржавхлан түрүүлсэн. Олимпиадын шалгуурын дагуу нэлээн хүнд бодлого ирэхэд түрүүлсэн хүүхэд маань ганцаархнаа гурван бодлого бодож 21 оноо авсан.

-Нийт хэдэн сурагч оролцсон бэ?

21 аймаг, Улаанбаатар хотын шилдэг 450 сурагч оролцлоо. “Монголын математикийн шилдгүүдийн олимпиад №1” гэсэн нэртэй болсон. Дараа жил №2 гээд зохиох боломжтой. Зарим хүн Увсын Өмнөговь сумаас зохион байгуулж байгаа болохоор зөвхөн Увсынхан оролцох юм байна гэж ташаа ойлгосон байж магадгүй. Түрүүлсэн хүүхэд маань л гэхэд Улаанбаатар хотын харьяат байх.

-Аймгуудаас ирж оролцсон сурагчдын зардлыг хэрхэн зохицуулсан бэ?

Манай олимпиадын өмнөхөн улсын математикийн олимпиад болсон юм. Тэнд оролцохоор ирсэн хүүхдүүдэд давхар боломж олгосон. Бид энэ олимпиадыг зохион байгуулснаар дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд тэнцсэн хүмүүсийн зардлыг Засгийн газраас дааж байгаа бодлоготой нийцэж байгаа юм.

-Олимпиадын нийт төсөв хэдэн төгрөг байв?

Хорь гаруй сая төгрөгийн төсөвтэй. 10-12 дугаар ангийн ангилалД түрүүлсэн сурагчид 10 сая төгрөг өгөхөөс гадна бусад ангилалд түрүүлэхэд сая төгрөг өгч байгаа. Олимпиад маань 3-5,6-7,8-9,10-12дугаар анги гэсэн дөрвөн ангилалд зохиогдлоо. 10 сая төгрөгийг өгөхдөө 10-12 дугаар ангийн ангилалд өгье гэж шийдсэн юм. Яагаад гэвэл тэр ангилалд түрүүлсэн хүүхдийн 12 жилийн хөдөлмөрийг үнэлсэн хэрэг. Хүүхдүүд гадаа тоглож байхад тоо бодож оюунаа хөгжүүлж байснаар өнөөдрийн амжилтад хүрч байгаа.

Ийм л хүүхдүүд Монголын ирээдүйг авч явна. Тэдэнд урам зориг хайрлая гэж нэгдүгээрт бодсон. Хоёрдугаарт гэвэл оюунлаг ирээдүйгээ дэмжих сэдлийг бусдадаа үлгэрлэе гэсэн юм. Энэ жил манай улсад математикийн олимпиад зохиож эхэлсний 51 дэх жил болж байгаа юм билээ. Олимпиад маань 31 дүгээр сургууль дээр болсон. Тус сургуулийн захирал нь манай аймгийн математикийн дархан аварга болж байсан хүн.

3-5 дугаар ангийн ангилалд

  1. Л.Буянтогтох (11 дүгээр сургууль)
  2. Б.Бат-Од (МУИС-Ш)
  3. Б.Эрекхулан (Олонлог)

9- 10        дугаар ангийн ангилалд

  1. Г.Амарсанаа (11 дүгээр сургууль)
  2. Н.Түвшинбилэг (11 дүгээр сургууль)
  3. Х.Санжаахүү (Хөвсгөл аймгийн Мөрөн сум)

10- 12        дугаар ангийн ангилалд

  1. Г.Баяржавхлан (Олонлог сургууль)
  2. С.Цэнд-Аюуш           (I сургууль)
  3. З.Батзориг (Орчлон сургууль)