О.Баасанхүү: Тавантолгойн 51 хувийг төр эзэмших ёстой
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.04.30

О.Баасанхүү: Тавантолгойн 51 хувийг төр эзэмших ёстой

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-САЙД ОЧСОН ЯАМНЫХАА АЖИЛТНУУДТАЙ ЗОХИЦОЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ-
-УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /өчигдөр/ Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгээс гарах үр дүн юу байх вэ?

Парламентын 25 жилийн түүхэнд гурав дахь нээлттэй хэлэлцүүлэг болж байна. Төрийн албан хаагчдыг ажлаас халсан асуудлаар хэлэлцүүлэг хийх болсон шалтгаан нь нэгдүгээрт Өргөдлийн байнгын хороонд 500 өргөдөл ирвэл тухайн газар нь тухайн асуудлаар заавал тодорхой арга хэмжээ авахаар явна.

900 өргөдөл ирвэл байнгын хороо хуралдаж чиглэл гаргана. Өөрөөр хэлбэл 40 мянга гаруй ирсэн өргөдлийг хувийн шинжтэй, нийтийн шинжтэй гэж ялгаад хувийн шинжтэй асуудлыг тухайн иргэнд нь асуудлыг шийдвэрлээд явдаг. Нийтийн шинжтэй асуудлаар бодлого тодорхойлох ёстой. Бид энэ удаа ирсэн өргөдлийн дагуу хэлэлцсэн.

-Хэлэлцүүлгийн үеэр маргаан гарч байсан. Намуудын хувьд нэлээд эмзэглэж хүлээж авч байх шиг санагдсан?

Намуудын хувьд нэлээд эмзэглэж хүлээж авч байна. Өнөөдөр Улс төрийн намын тухай хууль, улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хууль яригдаж байгаа энэ босгон дээр бид олон нийтэд мессэж өгөх ёстой. Нөгөө талаасаа сайд очсон газраа ажилтнуудтайгаа зохицож ажиллах ёстой болохоос биш, ажилтнууд нь сайдтайгаа зохицож ажиллана гэдэг боломжгүй. Би Өргөдлийн байнгын хорооны дарга болоод нэг ч хүнийг халаагүй. Халах үндэс ч байхгүй. Яг тэрэн шиг сайдууд тэгж ойлгоод зохицох ёстой. 2008 он хүртэл харамсалтай нь бүх төрийн албан хаагчид улс төрийн намын харьяалалтай байсан. Тэгэхээр намын харьяалалтай байсан гэдэг утгаараа намуудынхаа төлөө явах уу, төрийн төлөө явах уу гэдэг нь ойлгомжгүй болчихсон байсан.

Дараа нь 2008 онд Төрийн албаны тухай хууль батлагдсанаар ерөнхийдөө намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлэх гэдэг үг өөрөө хоёр талтай л даа. Итгэл, үнэмшилтэй байх, аль нэг нам эвсэлд нэгдэн орох нь тодорхой ч гэсэн энэ бол түр зуур гэсэн ойлголтоор ойлгочихоод намууд болохоор “чи түр зуур болохоос биш жинхнээсээ бол манай намын гишүүн шүү” гээд төрийн албан хаагчийг хуваагаад авчихсан, улс төржилт дээд цэгтээ хүрчихсэн байхгүй юу. Тэгээд энэ нь хямрал руу авчирч байна. Өөрөөр хэлбэл Үндэсний аюулгүй байдалд хүрэхүйц болчихлоо. Шүүх шийдвэр гаргаад ямар ч нөлөө байдаггүй. Төрийн албаны зөвлөл албан бичиг явуулаад тэрийг нь биелүүлдэггүй.

-Түр орлон гүйцэтгэгч болохоор нь зарим яамдууд халсан гэсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх боломжтой гэж харж байна вэ?

Хөдөлмөрийн яам болохоор түр орлон гүйцэтгэгч ерөөсөө байж болохгүй, тэрийг жинхэлсэн гэхэд Байгаль орчны яам болохоор түр орлон гүйцэтгэгч байх ёстой. Түр орлон гүйцтгэгчээр дамжуулж түр орлон гүйцэтгэгчийг томилох ёстой гэсэн байдлаар хандаж байна. Манай Эрүүл мэндийн яам ч гэсэн.

Ийм зарчимгүй асуудлууд байгаа учраас бодлогын хэмжээнд гаргаж тавья гэдэг утгаараа энэ хэлэлцүүлгийг хийсэн. Бид энэ асуудлыг аваад байнгын хороондоо санал дүгнэлт боловсруулж, Засгийн газарт чиглэл өгч хууль тогтоомжийн төсөл боловсруулахад саналуудаа оруулах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ.

-Эдийн засгаа сэргээнэ, эрчимжүүлнэ гээд хамтарсан засаг байгуулсан. Гэтэл төрийн албан хаагчдаа хомроглон халснаас үүдээд нөхөн олговорын мөнгө олон тэрбум төгрөг улсын төсвөөс гаргах тухай яригдаж байна. Энэ нь төсөвт тодорхой хэмжний дарамт учруулна биз дээ?

7,8 тэрбум төгрөг гэдэг аймшигтай тоо. Өөрөөр хэлбэл төрийн алба өнөөдөр цомхотгол явуулах ёстой, бүтцийн өөрчлөлт хийх ёстой гэдэг чиглэлийг Засгийн газраас өгсөн. Бүтцийн өөрчлөлт гэдэг бол бодлогын өөрчлөлт байх ёстой. Жишээлбэл Хөдлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн халамжийн яам нийлээд нэг яам болсон бол бодлогоосоо хамаараад явж байгаа биз дээ.

Гэтэл жижигхэн үг, үсэг оруулаад өөрсдийн дур зоргоороо авирлах, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулин дээр байна. Бүтцийн өөрчлөлтөөр халагдсан бол гэнэт халагдсаны тэтгэмж олгоно гээд таван тэрбумыг урьдчилж төлөвлөж байгаад хүмүүсээ чөлөөлж байна. Энэ чинь хэмнэлт юм уу. Бид хэмнэх гэж яриад байгаа болохоос биш хэмнэсэн нэрээр нам, нам өөрсдийнхөө гар, хөлүүдийг бий болгож зориуд таван тэрбумыг гаргаж болохгүй.  Хоёрдугаарт 2,8 тэрбумыг буцааж олго гэсэн шүүхийн шийдвэр гарсан гээд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн албан ёсны тайлбар ирсэн.

Тэр бол ноцтой мэдээ. Хэн энэ хариуцлагыг үүрэх вэ. Өөрөөр хэлбэл хувийн компанид хэн нэгнийг халья гэж байгаа бол компанийн эзэн өөрөө мөнгийг нь төлдөг учраас маш болгоомжтой ханддаг. Энэ хүн үнэхээр ноцтой зөрчил гаргасан уу, үнэхээр сахилгын зөрчил гаргасан уу, ур чадваргүй ажилласан уу гэдгийг бүгдийг нь нарийн тооцож байгаад өөрчилдөг бол төрийн албан хаагчыг тэгэхгүй. Дуртайгаа хийдэг. Тэртээ, тэргүй шүүх дээр тавьбал, тавина л биз. Би ямар кармаанаасаа мөнгө төлөх юм биш. Тэрийг хэн төлөх вэ гэвэл нөгөө улс, сангийн яам, татвар төлөгчид нь төлөх юм чинь гэсэн хүнийрхүү сэтгэлээр хандаад байгаа байхгүй юу.

-Энийг яаж өөрчлөх ёстой вэ?

Бид зарчим оруулах ёстой. Иргэний хуулинд тодорхой байгаа. 498-ын 4 заалт. Тэр нь юу гэхээр албан тушаалтан бусдад хохирол учруулсан бол төр тэрийг хариуцаад төлчихье. Харин тухайн хохирол учруулсан албан тушаалтнаас буцааж нэхэмжлэх ёстой. Тэр утгаараа Үндэсний Аудитын газар өнөөдөр энэ дээр дүгнэлт гаргах ёстой юм уг нь. Жишээлбэл, Иргэн А-г нэг сайд, эсвэл Төрийн нарийн халлаа гэж бодьё. Шүүх тэрний үнэн бурууг тогтооно. Шүүх магадгүй сайд, төрийн нарийн хоёр буруутай гээд гарах юм бол тэрийг улсаас мөнгө гаргана.

Тэгвэл тушаал гаргасан этгээдээс болоод улсаас мөнгө гарчихаж байгаа биз дээ. Тэгэхээр тэр тушаал гаргасан этгээдээс улсаас гаргасан мөнгийг нэхэмжилж, хувийнх нь мөнгөнөөс гаргуулдаг  болох хэрэгтэй. Хэрвээ бид ингэж чадах юм бол хэн нэгэн төрийн албан хаагчдаа дураараа аашилж халах боломжгүй болно. Нөгөө талаасаа шүүхэд нотлох баримт бүрдүүлэлт дээр анхаардаг болно. Улсад 2,8 тэрбум төгрөгийн хохирол учруулчаад байна. Энийг улс төлнө. Нээлттэй хэлэлцүүлгээр тодорхой ярьлаа. Бүх намууд төлөх ёстой гэдэг дээр санал нэгдэж байх шиг байна.  

-Хэлэлцүүлэгт орсон сайд нарын хувьд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр цомхотгосон, түр орлон гүйцэтгэгч байсан, эсвэл би ажилчдаа хууль бусаар халаагүй, төрийн нарийны хийсэн ажил гэх зэргээр тайлбар өгч байсан?

Хууль зөрчсөн үгүйг шүүх тогтооно. 2,8 тэрбум төгрөг тэнгэрээс буугаад ирчихсэн юм уу. Бусдыг ажилд нь эргүүлэн томил гэдэг үнийн дүнгээрээ 2,8 тэрбум төгрөг гарчихаад байна. Үндэслэлгүй ажлаас халсан бол ажилд нь эргүүлэн томил тэгээд ажилгүй байсан хугацааны цалинг нь олго гээд тавьчихсан байна. Сайдыг хууль зөрчсөн, зөрчөөгүйг би шийдэхгүй. Бодлогын хувьд ямархуу байна гэдгийг олон нийтэд ил болгоё, хоёрдугаарт энэ сайдууд олон нийтийн өмнө ядаж хууль зөрчөөгүй гэдгээ хэлж сураг. Дараа нь энэ чинь нотлох баримт болно шүү. Яагаад гэхээр энэ чинь түүхэнд үлдчихнэ. Магадгүй 2021 онд иймэрхүү зүйлүүдээр хариуцлага тооцоод ярихад энийг ингэж шийднэ гээд гарч ирнэ.

-1996 оноос хойш намын харьялалаар төрийн албан хаагчдыг халдаг, сэлгэдэг асуудал эхэлсэн гэдгийг зарим гишүүд хэлж байсан. Ялангуяа орон нутагт энэ асуудал бүр их байдаг шүү дээ. Магадгүй дараа сонгуульд аль нам гарна. Тэр намын хүмүүс л ажилтай болохыг үгүйсгэхгүй. Ер нь үүнийг өөрчлье гэсэн ч хурдан ухгацаанд хийх боломжтой юу?

Энийг засах ёстой. 1996 оноос гэж ярьдаг боловч 1996-2008 оны хооронд төрийн албан хаагч хуулиараа зөвшөөрөгдчихсөн. Аль нэг намын гишүүн байж болдог байсан. Төрийн албаны зөвлөл ч гэсэн 1996 онд байгаагүй. 2000 оноос байгуулагдсан. Миний хэлээд байгаа зүйл бол 1990 оноос хойш бид сайнтай, муутай алдаатай, оноотой явж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бид монгол төрийг тогтвортой, хар хайрцагтай, монгол төрийн залгамж халааг алдахгүйгээр, монгол төрийг тасралтгүй байх зарчмыг авч явья гэж байгаа бол төрийн алба нь тогтвортой байх ёстой юм.

Өөрөөр хэлбэл нэг хүүхэд сургууль төгсөөд би энэ байгууллагадаа мэргэжилтэн хийнэ, дараа нь ахлах болно, тэгээд хэлтсийн дарга, газрын дарга, төрийн нарийн болно. Энэ төрдөө нэг номерын мэргэжилтэн байна гэдэг итгэл үнэмшилтэй ажиллаж байтал өнөөдөр түүнийг ажлаас нь чөлөөлөөд хэн ч биш болгож байна. Насаараа төрд ажиллаж байсан хэлтсийн даргыг нэг нам нь ирээд та яв даа л гэж байгаа байхгүй юу. Энэ бол улс төрийн сэдэв байх ёсгүй. Энийг шийдье  гэвэл Улс төрийн намын тухай хуулиа харахаас өөр аргагүй. Нам гишүүнчлэлгүй байх ёстой. Намын санхүүжилтын асуудлыг шийдэх ёстой. Төрийн албаны тухай хуулиндаа тодорхой зохицуулалт хийж, төрийн албаны зөвлөл гэж ямар эрхтэй байгууллага байх вэ гэдгийг шийдэх ёстой.

-Ажлаа халагдсан албан тушаалтан шүүхэд хандлаа маргаан хоёр, гурван жил үргэлжлэх, тохиолдол байдаг?

Шүүхэд хоёр жил шүүхдээд дээд шүүхээр шийдвэр гарлаа гэхэд тэр хоёр жилийн цалин гээд ямар мөнгө гарах вэ. Аймшигтай тоо гарна ш дээ. Тийм учраас шүүх ч гэсэн хялбаршуулсан журмаар шийддэг байх уу гүй юу гээд үүнийг эрхзүйн бодлого дээр зохицуулах ёстой. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж ярьдаг. Ялангуяа МАН бол нэлээд эмзэг хүлээж авсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэсэн мэдээллийг сонин.мн дээр гаргасан байна лээ. Дээрээс нь өөрсдийнх нь хуулийн зөвлөх нь ТББ нэрээр миний эсрэг хэвлэлийн хурал хийлгүүлээд миний эсрэг мэдэгдэл явуулсан байна. Баасанхүү гэдэг хувь хүнд дургүй байж болно. Монгол төрийн ажлыг хэвийн болгох гээд явж байгаа хүнд, буруудуу байвал засаад хамт явья л даа, зөв байвал дэмжээд яв л даа. Тэрнээс биш буруутгахын дон туссан юм шиг.

-Бүх яамдуудад л халаа, сэлгээ их бага хэмжээгээр хийгдсэн байх. Яагаад бүгдийг нь оруулаагүй юм бэ?

Гадаад хэргийн яамыг оруулах тухай ярьж байсан. Олон хүн өргөдөл ирүүлсэн. Гэхдээ гадаад бодлогын асуудал гэж байдаг. Олгой хагаравч тогойн дотроо гэж олон улсад, олон нийтэд мэдээллэх хэрэггүй. Дээрээс нь Хууль зүйн яамны тухай ярьж байна. Хууль зүйн яаман дээр цоо шинэ баг очсон гээд нөгөөх нь одоогийн сайд болон хуучин сайд нь Ардчилсан нам дотроо ороод явж байгаа. Ямар нэгэн байдлаар Хууль зүйн яамтай холбоотой нэг ширхэг ч гомдол манайд ирээгүй. Гомдол ирээгүй зүйлийг хэвлэл дээр суурилж, шийдвэрлээд асуудлуудыг хөндөж тавих боломж байхгүй.

-НАСААРАА ИДЭЖ БАРАХААРГҮЙ ХӨРӨНГӨӨ ШИЙДЭХ ГЭЖ БАЙЖ БИД СЭТГЭЛ ХӨӨРЛӨӨР ХАНДАЖ БОЛОХГҮЙ-
-Тавантолгойн төслийн талаар таны байр суурийг сонирхъё. Ажлын хэсэг гарч дахин ажиллахаар болсон юм шиг байна. Ер нь Тавантолгойтой холбоотой гомдол, санал ирж байна уу?

Тавантолгой бол маш тодорхой асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай Өргөдлийн байнгын хороон дээр 15 мянган иргэдээс өргөдөл ирсэн. Тавантолгойн энэ гэрээ чинь олон улсын гэрээ биш байхгүй юу. Олон улсын гэрээ байвал Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцээд УИХ-аар оруулдаг. Энэ бол аж ахуйн нэгжийн гэрээ. Эрдэнэс Тавантолгой компани бусад компанитай хийх гэрээ. Гэрээн дээрх нэр нь хөрөнгө оруулалтын гэрээ. Хэнд хөрөнгө оруулах гэж байгаа юм бэ. Яагаад гэвэл Эрдэнэс Тавантолгой компанид хөрөнгө оруулах ёстой болохос биш, Монгол Улсад хөрөнгө оруулах тухай байхгүй. Нэрнээсээ авахуулаад асуудал үүсээд байгаа байхгүй юу.

-Гэрээний төсөлтэй танилцсан уу. Иргэдийн 1072 хувьцаа болон, Тавантолгойг ашиглах талаар ер нь та хэрхэн дүгнэж байгаа вэ?

Гэрээн дээр дөрвөн шалгуур тавьчихдаг. Нэгдүгээрт нь гэрээний талууд, гэрээний хугацаа, үнийн дүн, үүрэг хариуцлага дээр үндэслээд цаашид задаргаа хийгдээд, судалгаа хийгээд явчихдаг. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой гэдэг компани оролцоогүй, оролцох ёсгүй, болохгүй  гээд байгаа цаад утга нь Эрдэнэс Тавантолгой компаниар дамжуулагдаад иргэдийн 1072 хувьцаа чинь яригдахгүй л гэсэн үг болчихож байгаа юм. 1072 хувьцааг бид яагаад авахыг хүсээд байгаа вэ гэхээр  аман дээрээс нь нүүрсийг 30 доллараар аваад Хятадад зарж байгаа. Ухаа худаг аман дээрээсээ нүүрсээ аваад угаагаад 85 доллараар зарах гэж байгаа юм. 30 доллараар бид олон саяар Хятад руу гаргасан.  Хамгийн гол нь Ухаа худаг ямар ч хүн хараад 30 доллараар авах нь хямд уу, 85 доллараар авах нь хямд уу. 30 доллараар гаргаад байхаар борлуулалт нь багасаад бараг дампуурлын байдалд орж байгаа байхгүй юу. Хоёрдугаар асуудал нь за та нар тэгвэл хөрөнгө оруулалтаа Эрдэнэс Тавантолгойд хий. Гэхдээ та нар 1072-ыг үнэлгээжүүлээд тусгай бүлэг болгочих гэхээр “үгүй ээ Эрдэнэс Тавантолгой чинь тусдаа дампуурсан компани. Энэ юу ч ярихгүй. Бид нар л юм ярина” гээд Монгол Улсын сайд хүн  гээд аж ахуйн нэгжийн өмнөөс яриад яваад байх юм.

1072 хувьцааг хоёр сая иргэн өмчилж байгаа. Энэ чинь тэдний өмч. Энийг оруулахгүй байна гэдэг асуудал мөн үү мөн. Эд нарын улиарал цаашдаа бүр даамжраад гадныхны өмнө муухай харагдуулах гээд байгаа байхгүй юу. Яагаад гэхээр аливаа гэрээ хэлэлцээрийг эцэслэж байгаа бол тэр нь үүрэг өгсөн талаасаа зөвшөөрөл авч байж хийх ёстой.

Гэтэл энэ эцсийнх шүү одоо өнгөрсөн, өнгөрсөн гэж болохгүй шүү дээ. Бид нар чинь Монгол Улсын сайд, Засгийн газрыг чинь томилж явуулаад байгаа ш дээ. Өөрөөр хэлбэл үүрэг нь юу вэ гэхээр энийг үнэлгээтэй болгоё, энийг үнэ цэнэтэй болгоё, Монгол Улсын төлөө улайран тэмцэж явья гээд явах ямар ч сонирхолгүйгээр нүүрс үнэгүй боллоо, зах зээлээс шахагдлаа гээд ядаж элчин сайдад хүртэл мэдээллийг зөв өгөөгүй байгаа байхгүй юу. Энэ нь Монгол Улсын эрх ашигт хортой л доо.

Үнийн дүн гээд ярихад бараг 100 тэрбумын тухай яриад байна ш дээ. 30 жил зөөх, дахиад 30 жил бараг 60 жил зөөнө. Монгол улсыг идэж, ууж бардаггүй юм уу. Ухаа худагыг ашигтай ажилуулах уу, ашиггүй ажилуулах уу гэдэг нь хувийн компанийн асуудал. Яагаад заавал манай юманд давхар оруулаад байгаа юм. Хувийн компани төрийн эрх мэдэлтэй болчихсон юм шиг. Монгол төрийг компанийн, коропрацийн бодлого удирдах гээд  байгаад эмзэглээд байна. Тэрнээс биш надад хувийн ашиг сонирхол юу ч байхгүй. Монголын ард түмэн 100 хувь Тавантолгойг хөдөлгөмөөр байна. Гэхдээ бид нар хувь компанид өгөөд алдмааргүй байна.

-Оюутолгой шиг болгочих вий гэж санаа зовниж байгаа хүмүүс бас байна?

Оюутолгой, Тавантолгой яг адилхан схемээр явж байна. Оюутолгойг яасан С.Баярцогт, Д.Зоригт нар. Энэ Зоригт бүр алга болчихлоо. Зоригтыг гаргаж яриулмаар байгаа байхгүй юу. Энэ нөхөр Монголын төрд их гай тарьсан хүн шүү. Эд нар яасан бэ гэхээр 34 хувийг Оюутолгойгоос авахдаа зээл авчихсан. Зээл авангуутаа эх орны хишиг гээд бидэнд  өгчихсөн. Хүүтэй мөнгө бидэнд өгчихсөн байхгүй юу. Бид ядаж тэр 20 мянгыг авахдаа хүүтэй бол авмааргүй байна ш дээ. Одоо оюутолгойд өртэй учраас цаад талд хөрөнгө оруулалт нэмэгдэх хэмжээгээр бидний өр нэмэгдэнэ. Яг энэ схемийг хийх гээд нөхөр Сайханбилэг 200 сая долларыг зээлэх гэж байсан. Зээлэхээр бүр тохирчихсон байсан. Та бид 1072 гээд ярингуут өө май май гээд хүн болгонд 100, 100 мянгыг тараагаад өгчихнө, хүүтэй. Чалкогийн 130 сая долларын өрөнд Тавантолгойгоо алдаад байгаа юм шиг яриад байгаа боловч 200 сая долларын өр гэхэд Ухаа худаг, Энержи ресурсын өөдөөс юу ч ярих эрхгүй болох байхгүй юу.  

Яагаад гэвэл гэрээг цуцалж болохгүй. Цуцаллаа гэхэд гадаадын арбитр шийднэ. Гэтэл ямар ч оронд  өнөөдөр гэрээ байгуулсан газар нь шийдүүлэх гэж явдаг. Эх орондоо ч асуудлаа шийдүүлэх эрх байгүй. Хөрөнгө оруулж байгаа мөнгө, хөрөнгө оруулалтаас гарах үр дүн, оруулсан хөрөнгө оруулалтыг нь буцаах хугацааг, дээрээс нь Монгол Улсад үлдэх юм гэж байдаг биз дээ. Зээлийн гэрээ бол бид хүүний тухай л ярина. Энэ бол ажил гүйцэтгэх гэрээ байхгүй юу. Та нарын юмыг ухаад өгье. Та нарын юмыг зараад, татварыг чинь өгье, үйлдвэр өгье гэж л ярьдаг гэрээ. Гэтэл тийм зүйл байхгүй. Ингэж л шүүмжлээд байгаа юм. Энэ бол Энхболд, Баасанхүү нарын хувь хүний сонирхлоор яриад байгаа юм биш. Насаараа идэж барахааргүй хөрөнгөө бид шийдэх гэж байгаа учраас өнөөдөр сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй.  Би Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд, МАХН-ын гишүүний хувьд, хуульч хүнийхээ хувьд, УИХ-ын гишүүний хувьд би ийм явуургүй үйлдэл дээр дуугүй явж чадахгүй.

-М.Энхсайхан сайд улстөржүүлээд ажил явуулахгүй байна гэх зүйл ярьж байсан. Өөрийгөө өмгөөлж байна гэж ойлгож байна уу?

М.Энхсайхан сайдад би ганцхан зүйл хэлж байгаа. Та хэний төлөөлөгч вэ. Та Монгол Улсын төлөөлөгч юм уу, за биш юм аа гэхэд ядаж Эрдэнэс Тавантолгойн төлөөлөгч шиг яриач ээ гэж. Эрдэнэс Тавантолгойд ямар ашиг орж ирэх гээд байгаа юм. Ийм нарийн гэрээ хэлэлцээр хийж байхад Монгол Улсын эрх ашиг гэж байна даа.

-Тавантолгойн 51 хувийг төр эзэмших ёстой гэдгийг дэмжиж байгаа юу?

Зөв ш дээ. Монгол Улсын Их хурлын гишүүнийхээ хувьд яг тийм байр суурьтай байна. 51 хувийг төр эзэмших ёстой. Гэхдээ үнэгүй. Хөрөнгө оруулж байгаа юм бол 20 хувийг нь Монголын ард түмэн авья л даа. Ийм л хүсэлт тавиад байна. 2010 оны УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.