“УИХ-ын даргын хүсэлтээр Тавантолгойн гэрээг хэлэлцэхийг хойшлуулсан”
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь
2015.04.29

“УИХ-ын даргын хүсэлтээр Тавантолгойн гэрээг хэлэлцэхийг хойшлуулсан”

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 09:00 цагт хуралдаж, “Тавантолгойн  нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх байсан боловч хойшилсон. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас тодрууллаа.

-Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэх байсан боловч хойшиллоо. Ямар шалтгаанаар хэдий хүртэл хойшлогдсон бэ?

Эдийн засгийн байгын хороогоор Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх байсан ч түр хойшлууллаа. Учир нь УИХ-ын дарга захирамж гаргаж ажлын хэсэг байгуулж байна. Өнөөдөр УИХ-аас нэлээн олон хүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, гэрээ тогтоолын төсөлтэй холбогдуулж санал, дүгнэлт гаргана. Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Намын бүлгүүд энэ асуудлыг хэлэлцэж, байр сууриа илэрхийлэх ёстой ч одоохондоо зарим намын бүлгийн шийдвэр гараагүй байна. Ер нь Тавантолгойн орд газрын ашиглах, гадаадын хөрөнгө оруулалт оруулах саналыг 2010 онд Засгийн газар, УИХ-ын шийдвэр гаргасан байдаг. Үүнээс хойш олон улсын нээлттэй сонгон шалгаруулат зарласан.

-Ажлын хэсгийн дүгнэлт хэдий хугацаанд багтаж гарах ёстой вэ?

Ямар хугацаанд ажлын хэсэг дүгнэлтээ гаргахыг би хэлж мэдэхгүй байна. Засгийн газар УИХ-ыг яаралтай шийдэж өгөөч гэсэн хүсэлттэй байгаа. Гадны хөрөнгө оруулалт багассан, төсвийн орлого тасраад байгаа ийм цаг үед яаралтай горимоор хэлэлцэх ёстой гэж Засгийн газар бидэнд шилжүүлсэн. Ажлын хэсэг дүгнэлтээ түргэн гаргасан тохиолдолд Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхэд бэлэн.  

-МАН-ын бүлэг Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцсэн үү?

 Манай намын бүлэг Даваа гарагт хэлэлцээд Тавантолгойн гэрээг дэмжих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж дүгнэлтээ гаргасан.

-Ажлын хэсэгт ямар гишүүд орсон бэ?

 Ажлын хэсэгт хэн, хэн багтасныг би хэлж мэдэхгүй байна . УИХ-аас ажлын хэсэг байгуулна.