Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг дэмжиж байна уу
Засгийн газар Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг Монголын “Энержи ресурс”, Хятадын “Чайна Шинхуа энержи”, Японы “Сумитото” компанитай байгуулахаар тохирсон. Энэ долоо хоногт уг гэрээний төслийг УИХ хэлэлцэж, гарын үсэг зурах эсэхийг зөвшөөрөх юм. Ингээд зарим улстөрчид дээрх асуултыг тавъж, байр суурийг нь сонслоо.
Ө.Энхтүвшин: Эдийн засгийн хүндрэлээс гарах өөр арга алга
Даруйхан хэлэлцээд явуулах ёстой. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. ‘Тавантолгой”, “Оюутолгой” төсөлдөө хөрөнгө оруулалт татахаас өөр эдийн засгаа хүндрэлээс гарах, нөхцөл байдлаа сайжруулах боломж алга. Хамгийн түрүүнд ийм арга хэмжээ авах нь ойлгомжтой юм. Цаашдаа эдийн засгаа уул уурхайн хамаарлаас гаргаж, солонгоруулах арга замаа бодно биз.
Ч.Улаан: Харилцан ашигтай гэрээ байгуулбал зөвшөөрнө
‘Тавантолгой”-г явуулах нь зүйтэй. Гэхдээ яаж явуулах вэ гэдэгт анхаарах ёстой. УИХ Тавантолгойд хэрхэн яаж хөрөнгө оруулалт татахыг чиглүүлсэн удирдамж баталсан. Удирдамжид нийцэж байвал хөрөнгө оруулалтын гэрээг явуулах хэрэгтэй. Нийцэхгүй байвал явуулахгүй Эдийн засаг хүнд байна гээд хөнгөлөлттэй нөхцөл өгч, яаран хөдлөхииг бүр зөвшөөрөхгүй. Эдийн засгаа тэтгэх харилцан ашигтай нөхцөлөөр гэрээ байгуулбал дэмжинэ. Энэ бол ойлгомжтой асуудал. Тавантолгой бол Монгол Улсын үндэсний болоод эдийн засгийн аюулгүй байдлыг шийдвэрлэх хэмжээний баялаг. Тиймээс нухацтай хандах ёстой.