Хэн юу хэлэв
Улсын Их Хурал
2015.04.24

Хэн юу хэлэв

Энэ долоо хоногийн анхаарал татсан мэдэгдлүүдийг тоймлон хүргэж байна. 

Х.Тэмүүжин: Хуулийн байгууллага улстөрчдийн гар хөл болох нь газар авч байна 

Авлигын хэрэгт сэжиглэгдэж, цагдан хоригдоод буй, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн гүй­цэтгэх асан Я.Батсуурь саяхан 461 дүгээр ангиас нээлттэй за­хидал бичсэн билээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хо­ригдож байгаа газар нь очиж Я.Бат­суурьтай уулзаад ирсэн бай­на. Энэ талаараа ингэж ярь­жээ. 

“Я.Батсуурь нэр бүхий хү­мүүст,  үндсэндээ намынхаа нөх­­дөд хандаж захидал бичсэн. За­­хи­далдаа   бизнес, улс төрийн бү­лэг­лэлийн явцуу ашиг со­нирхолтой захиалгын  үр дүнд хуу­лийн байгууллагын хууль бус арга барилд хэлмэгдэж бай­на гэдгээ илэрхийлсэн байна лээ.  Хүний эрхийг дээдэлсэн, хуу­лийн засаглалыг тогтоосон улс орныг бий болгохын төлөө хамт­ран ажиллаж байсан жур­мын нөхөр, намд өгсөн итгэл үнэм­шил,  зорилго байна. Гэтэл тэнд хүний эрх, хууль ёс алга. 

Ард­чилсан улс оронд байх ёстой үнэт чанарууд гээгдчихлээ. Энэ бүгдэд санаа тавьж, үүний төлөө санаа зовж ирсэн АН юу болов. Жирийн иргэн байтугай журмын нөхөр чинь энэ махны машинд хэлмэгдээд байхад яагаад дуугүй байна вэ, намайг хамгаалаач ээ гэсэн мессежийг захид­лаараа дамжуулж хүргэ­сэн байна гэж намын гишүүд үз­сэн. Ямар ч байсан  захидал до­тор дурьдаагүй зүйлтэй очиж та­нилцах үүргийг бидэнд өгсний дагуу өчигдөр Цагдан хорих 461-р ангид очиж  Я.Батсуурьтай уулзлаа. 

Уулзахдаа хуулийн бай­гууллагын шалгаж байгаа  хэр­гээс илүүтэй хүний эрх, хууль зөрчигдөж байгаад ан­хаа­рал хандуулсан. Уулзаж ярилц­сан зүйлийн талаар бүл­гийнхээ гишүүдэд эхлээд та­нил­цуулж ярилцана. Одоогоор тэр  хүний  талаар нарийвчлан ярих боломжгүй байна.  Хууль­чийн нүдээр харахад засч сайж­руулах зүйл их  бай­на, хуу­лийн байгууллага улс­төрч­дийн гар хөл болох нь га­зар авч байна,  улс төр дэх за­рим нэг бүлэглэлийн нөлөө хэм­жээ хяз­гааргүй болсон нь харагд­лаа” хэмээжээ. 

Ч.Улаан: Бүх зээлээ тооцоод явья гэсэн санал оруулж байхад дэмжээгүй

Шийдлийн Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуульд эр­чим хүч, төмөр замын салбарт авч байгаа зээлийг улсын өр гэж тооцохгүй байх тухай нэ­мэлт өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцүүлж байгаа би­лээ. Энэхүү хуулийн төслийг хэ­лэлцэх эсэхийг шийдэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан дараах байр суурийг илэрхийлсэн юм. 

Тэрбээр “Шинэчлэлийн Зас­гийн газар уул уурхай, эрчим хүч, төмөр замын салбарт хө­рөнгө татдагаараа татаад, түү­нийгээ улсын өр, зээлийн жаг­саалтад бүртгээд явья гэ­сэн санал оруулж байсан юм шүү. Гэтэл дараа нь гарч ир­сэн Шийдлийн Засгийн га­зар хөрөнгө оруулалт, зээл авчи­хаад түүнийгээ тооцохгүй явья гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Би энэ хуулийн төслийг идэм­жих­гүй” хэмээн өгүүлсэн юм.