Т.Бадрал: Дорнод, Хэнтийн хойд хэсгээр байдал хүнд байна
ОБЕГ-ын дарга Т.Бадрал, Гамшигтай тэмцэх газрын дарга С.Залуухүү, улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нар улсын хэмжээнд гараад буй ой хээрийн түймэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд 89 түймэр гараад байгаагаас дөрвөн түймрийг цурманд оруулж чадаагүй байна. Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас гарсан түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сумд руу тархан ороод байгаа. Түймэр газар авах болсон шалтгааны талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Эхний хоёр өдөр салхины хурд 21-22 метр секунд байсан нь түймэр тархах нөхцөл болсон. ОБЕГ өнгөрөгч хоёрдугаар сарын 15-наас ой хээрийн түймэр гарч болзошгүй бүс нутагт хүчээ байршуулан Сүхбаатар аймагт бүтцийн өөрчлөлт хийж 14 хүний бүрэлдэхүүнтэй хоёр багийг шинээр бүрдүүлсэн. Мөн Дорнод аймагт 10 хүний бүрэлдэхүүнтэй аврах ангийг байгуулж урьдчилан таамаглаж, хамгаалах бэлтгэл ажил хийж байсан. Түймэр гарсан даруйд манай хоёр баг очиж ажилласан боловч салхины хурдыг гүйцэж чадаагүй. Тиймээс нэмэлт хүч татаж ажилласан боловч салхины хурдтай холбоотойгоор тархац нь өндөр байсан" гэх тайлбар хийлээ.
Одоогоор Сүхбаатар аймагт гарсан түймрийг бүрэн унтрааж, цурамд оруулаад байгаа аж. Харин Дорнодын Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн баруун хойд хэсгээр маш том хэмжээний гал асч салхины хурдаар өөрчлөгдөж, байдал хүнд байна гэсэн юм. Тус газруудад хил хамгаалах отрядын хоёр анги, Зэвсэгт хүчний 194 алба хаагч, орон нутгаас 330 гаруй хүн ажиллаж байгаа талаар мэдээллээ.