Э.Бат-Үүл: Ямар нэгэн шийдвэр гаргасан юм алга
Борооны улирал эхлэхээс өмнө үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, нүүлгэсэн айлуудад дахин төлөвлөлтийн бүсэд газар олгож байршуулна. Үүнд үерийн аман дээр амьдарч байгаа айл, өрх хамрагдана. Тэр дундаа үерийн далан дотор баригдсан River garden хотхоны оршин суугчдад эрсдэл учраад байна. Тиймээс арга хэмжээ авах шийдвэр хотоос гаргалаа гэдэг мэдээллүүд явж байна. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс тодрууллаа.
-Үерийн аюулд өртөж болзошгүй айл өрхүүдийн талаар ямар арга хэмжээ авахаар хотоос төлөвлөж байгаа юм бэ. River garden гэдэг хотхоныг нүүлгэн шилжүүлнэ гэх мэтийн Зүйлүүд яригдах боллоо...
Улаанбаатар хот үерийн болзошгүй гамшигт үзэгдэлд бэлэн биш. 1966 оны их үерээс хойш 49 жил өнгөрсөн байна. Тиймээс их үер давтагдах магадлал өндөр гэдгийг манай Усны хүрээлэнгийнхэн хэлээд байгаа юм. Ялангуяа Гачуурт хүртэл Улаанбаатар хотыг хамгаалах шаардлагатай. Гэтэл Дуул голын үерийн далан дотор хот төлөвлөлт хийж, River garden хотхоныг барьчихсан.
Үндсэндээ шинжлэх ухааны үндэстэй тогтоочихсон байсан үерийн далан дотор төлөвлөлт хийгээд байшин бариад хүмүүс амьдарч байна. Энэ бол тухайн компанийн буруу биш. Тэнд хот төлөвлөлт хийж, барилга барих зөвшөөрөл өгсөн тухайн үеийн хотын удирдлагын буруу юм. Тийм учраас одоо яах вэ гэдгээ бид ярилцсан хэрэг. Түүнээс биш ямар нэгэн шийдвэр гаргасангүй.
-River garden хотхоны айлуудыг нүүлгэнэ, нураана гэсэн юм байхгүй гэж үү?
Тийм зүйл яриагүй ээ. Үнэнийг хэлэхэд яах учраа олохгүй л байна. Тиймээс судалъя гэсэн. Хамгийн гол нь үерийн далан дотор нь барилга барьчихаар үерийн голдирол өөрчлөгдөнө гэсэн үг. Гэтэл “River garden”хотхоныхонөөрсдөө үерийн далан гэж буруу юм бариад байна. Ийм байдлаар айлууд нь үерийн хамгаалалт, хаалт бариад эхлэнгүүт их ус чинь даралт аваад доод хэсэг рүүгээ маш хүчтэй бууна.
Уг нь 1966 оны их үерийн дараа Улаанбаатар хотод хамгаалалтын байгууламжуудыг Болгарын мэргэжилтнүүдийн зураг төслөөр барьсан байдаг юм. “River garden”-ынхан үүнийг эвдэх байдлаар өөрсдөө хаалт бариад байна. Энэ нь үерийн аюулд өртөх эрсдлийг өндөр болгочихлоо л доо. Үерийн далан гэдэг чинь зүгээр уснаас хамгаалах хаалт биш. Шинжлэх ухааны нарийн тооцоо, судалгаатайгаар баригдаж, үерийг тохируулж, жолооддог байх үүрэгтэй. Тиймээс яах вэ гэдгийг бид судалж байна.
Дээрээс нь Туул голын усны түвшин багасаагүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. 1966 оны үерээр уулын бүх хайргыг хамж орж ирээд доор нь дэвсчихсэн учраас багассан юм шиг харагдаад байгаа юм. Тиймээс үргэлжилсэн их бороо ороход үерлэх магадлал өндөр гэж байгаа. 1966 оных шиг их үер болох юм бол яах юм. Тэр үед секундэд 80 метр куб ус урсаж байсан гээд бодохоор 80 тонн усаар цохино гэсэн үг. Ийм зүйлд хэр баргийн байшин тэсэж үлдэхгүй л дээ. Ийм аюул ойрхон байж магадгүй, эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулаад байгаа юм. Тиймээс л хот яриад байна. Ямар нэгэн шийдвэр гаргасан юм алга.