Хот нь амьд организмтай адил
Нийслэлийн Монгол Ардын Нам Ц.Сандуй
2015.04.13

Хот нь амьд организмтай адил

Хотын хүн ам ихсэх, багасах, хотын хөгжлийг хурдасгах, сааруулах зэрэгт нөлөө үүсгэдэг үндсэн хүчин зүйлийн нэг нь шилжилт хөдөлгөөн гэж ойлгоход болно.

Шилжилт хөдөлгөөн, түүний онол, практикийн асуудлыг олон эрдэмтэн, судлаачид  судалж, цөөнгүй бүтээл туурвил гаргажээ. Миний бие хотын тэлэлт болон агшилтад дотогшоо хийгээд гадагшаа чиглэх шилжилт хөдөлгөөний үзүүлэх нөлөө, онцлогийн талаар энэхүү өгүүлэлдээ тусгахыг эрмэлзлээ.Шилжилт хөдөлгөөн нь төрийн бодлогоор, урсгалаар, төлөвлөлтөөр, эсхүл оршин суугчдын хүсэл эрмэлзлээр өрнөнө. Шилжилт хөдөлгөөнийг хотын өсөлт болон суурьшлын зохицуулалтад хэрхэн ашиглах талаас нь ажиглаж харсны  үндсэн дээр өөрийн бодол, саналыг уншигч Танаа танилцуулж байна.

Өнөөгийн Улаанбаатарын хөгжил нь оршин суугчид, бизнесийн нэгжүүд болон тээврийн хэрэгслийн тооны огцом өсөлт, төлөвлөлтгүй суурьшлын тэлэлт, орчны бохирдлын нэмэгдэл зэрэг олон янзын тэлэлтийн үйл явцтай холбоотойгоор өрнөж байна. Тэлэлт нь хотын хөгжилд хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд Германы эрдэмтэд “...сүүлийн 200 жилийн хотжилтын үйл явц нь үндсэндээ хотын тэлэлт байлаа” гээд энэ нь “хотын хөгжлийн голлох чиг хандлага болж байна” гэж дүгнэжээ. Хотын тэлэлтийн хурдац ч нэмэгдсэн бөгөөд үүнд хүн амын шилжилт хөдөлгөөн хүчтэй нөлөөлж байна.

ДЭЛХИЙН НИЙТИЙН ХОТЖИЛТ: Хотжилтын үндэс, бас амин сүнс бол шилжилт хөдөлгөөн мөн. Иргэдийн шилжилт нь гадна болон дотоод гэж ангилагдана. 2015 оны эхний байдлаар дэлхий дээр 7 тэрбум гаруй хүн амьдарч байгаа бөгөөд дэлхийн хүн амын тал хувь нь хотод аж төрөх болов. Хүн амын дийлэнх нь хөдөөд амьдардаг Африк, Ази зэрэг тивийн орнуудад хотжилтын үйл явц хурдацтай өрнөж байна. Тэдгээрт хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн зогсолтгүй явагдаж буй болохоор хотуудын өсөлт өндөр хувьтай байна. Хотжилт нь Азид 35, Африкт 40, Европ, Хойд болон Латин Америкт 70 хувьтай байна. 2015 оны 2 дугаар сарын эхэнд гаргасан мэдээнээс харахад 2000-2010 оны хооронд Зүүн Азид 200 шахам сая хүн хот суурин газарт шилжин суурьшсан ажээ. Энэ тухай Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Аксел ван Тротсенберг хэлэхдээ, “Сүүлийн үед улам бүр тоо нь нэмэгдсээр байгаа шилжин ирэгсэд, ялангуяа ядууст хотын хөгжлийн үр шимийг хүртээх боломжийн талаар хотын удирдлага илүү сайн ойлгож, тодорхой үйл ажиллагаа явуулахад нь туслах зорилгоор энэхүү өгөгдөлийг мэдээлж байгаа юм” гэжээ.Шилжилт хөдөлгөөний шалтгаан орон оронд олон янз байна. Хөдөө аж ахуйн (газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг) орнуудад газрын хүрэлцээгүй байдал, ядуурал, амьдралын тогтворгүй бөгөөд доогуур түвшин нь шилжилт хөдөлгөөний нийтлэг шалтгаан болдог байна. Хотын хөгжил ч хүн амыг татах хүч болж, шилжилтэд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

МОНГОЛД ӨРНӨСӨН ШИЛЖИЛТ ТҮҮНИЙ ОНЦЛОГ: Дэлхийн томоохон хотуудын өсөлтийн үед тохиолдсон хүндрэл бэрхшээлүүдтэй Улаанбаатар  хот мөн тулгарчээ. Оршин суугчдын тоо төлөвлөснөөс илүү хурдацтай өсөж байна. Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, хотын хөгжлийн зургаан ерөнхий төлөвлөгөөнд хүн амын өсөлтийг онож төлөвлөсөн удаа үгүй ажээ.Монголчууд бид одоо 3 сая  боллоо. Монголд 1950-иад оноос хойш хотжилт эрчимтэй явагдсан байна. Нүүдлийн соёл иргэншилтэй улсын хувьд манай хүн амын 80 хувь нь хөдөө орон нутагт оршин суудаг байлаа. Өнөөдөр хотжилтын нөлөөгөөр Монголчуудын дийлэнх нь буюу нийт хүн амын 67 хувь нь хот суурин газар амьдарч байгаа нь Азийн бүсийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Монголын хүн амын дөч гаруй хувь нь Улаанбаатар хотод суурьшаад байна.Монгол Улсад 1950-иад онд аж үйлдвэржилтийн, 1960-аад онд атар эзэмшилтийн чиглэмжтэй шилжилт хөдөлгөөн өрнөжээ. 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр Монголд өрнөсөн шилжилт хөдөлгөөний үйл явц нь далайц, өрнөлийн хувьд өмнөх хоёроосоо ялгаатай байв. Төрийн бодлогоор бус, урсгалаар буюу амьжиргааны төлөөх “зөн билгийн” нөлөөгөөр өрнөжээ.

Шилжилтийн шалтгаан нь бусад хотуудынхтай төстэй байсныг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Гэхдээ бас өөрийн гэсэн онцлогтой юм. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны удирдлага дор 2004 онд хийсэн судалгаагаар шилжигсэд нь ажил эрхлэх, амьжиргаагаа дээшлүүлэх, суралцах болон зах зээлд ойртох зорилгоор УБ хот руу шилжин ирсэн нь тогтоогджээ.  Бас ахуйн буюу ураг төрлийн холбоотой шалтгаан багагүй хувийг эзэлдэг байна.

Шилжилт хөдөлгөөний 3 дахь давалгааны үеэр нийслэлд шилжин ирэгсдийн 43,3 % нь хангайн бүсээс, 31,7 % нь баруун бүсээс, 27,6 % нь төвийн бүсээс, 19,4 % нь зүүн бүсээс иржээ. Шилжилт хөдөлгөөний огцом өрнөлтөд төр засаг ч, хотын удирдлага ч бэлтгэлгүй байлаа. Энэ шалтгааны улмаас Улаанбаатарт төлөвлөлтгүй олон суурьшил үүсэж, түүнийг дагалдсан хүндрэл бэрхшээлүүд ч бий болжээ.

Ядуурал хөдөөнөөс нийслэл рүү шилжиж, үйлчилгээний доголдол үүсэж, хотын соёл бүдгэрч, нийгмийн сөрөг үзэгдлүүд даамжирч эхэлсэн юм. 2000-аад оны эхээр Улаанбаатар хотын хүн амын тоо 2 дахин өссөн нь сайшаалтай боловч нийслэл маань хөдөөшсөн хот болов.  Бас нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд,1960-аад оны хотжилт нь шинэ төлөвлөлтийг шаардаж байсан бол 2000-аад оных дахин төлөвлөлтийг шаардах болсноороо ялгаатай байв.

Улаанбаатар хотын хөгжлийн сүүлийн 12 жилийн мөчлөгт манайхан дээрээ ч, дундаа ч шилжилт хөдөлгөөнийг хараар будах, харлуулж ярих болов. Хотжилтыг төвлөрөл хэмээн андуурч, “хэт төвлөрөл” гэсэн нэр томьёо бий болгож, хотын хөгжлийн давуу талыг үгүйсгэж, онолыг нь сөрөн будилж байна. Түүгээр ч үл барам хотын хүн амын тоог хязгаарлах тухай ярих болж, бас ийм агуулгатай төлөвлөлт ч хийж, түүнийгээ хуульчлах оролдлого ч хийж иржээ.

Эдийн засгийн өнөөгийн хямрал ч хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх магадлал өндөр байна. Бид үүнд бэлтгэлтэй байж чадах уу? Хэрэв хотжих үйл явцыг нийгэм, орчны асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлнэ гэвэл бид тулгамдсан асуудлыг гамшгийн түвшинд хүрээгүй байхад нь цагийг сөрөн урьдчилж шийдвэрлэх шаардлагатай. Одоо бидний төлөвлөх, хэрэгжүүлэх чадавх улам нэмэгдсээр байгаа боловч хотжилтын суурь нь болох хүн амын өсөлт түүнээс илүү хурдацтай явагдаж байна. Ийм үед асуудлыг “дээр” шийдэх боломж хомсдож байна. Улаанбаатарт хотжилт нэмэгдэхийн хирээр төвлөрсөн эрх мэдлийн шилжүүлэлт нийслэлд ч, дүүрэгт ч, тэр байтугай хороонд ч хамаатай болоод байна.

УБ хотын хүндрэл бэрхшээлийг оршин суугчид бид бүгдээрээ сайн мэднэ, тэдгээрийг үүсгэсэн гол шалтгаан нь эмх цэгцгүй суурьшил гэдгийг ч сайтар ойлгож байгаа.Гэвч суурьшлыг удирдахад ахиц гаргахгүй байна. Төлөвлөлтгүй суурьшлаас үүдэлтэй олон долоон бэрхшээл нь оршин суугчид та бидний хамтын “бүтээл” атал төр засгаас, бусдаас бурууг эрж хайх нь бас л бодох асуудал юм. Тэгвэл бид өөрсдийгөө түмэн зөв гэж үзэж байгаа юм бол хотын давуу нөхцөлд амьдрахын төлөө оршин суугчийн татвар төлдөг үү, газар өмчилж, эзэмшиж түүн дээр хот байгуулалтын үйл ажиллагаа өрнүүлсний төлөө хот төлөвлөлтийн татвар төлдөг билүү би хэмээн өөртөө асуулт тавиад үзэх хэрэгтэй.

ХОТЫН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТУУД: Орчин үеийн хотын хөгжлийн шинжийг тодорхойлохдоо тэлэлтийн явц, хөдөлгөгч хүчийг үе шатад хуваасан ангилал болон түүний сонгомол бүдүүвчийг ХБНГУ-ын Штуттгартын Их сургуулийн Хот байгуулалтын институтын профессор.Др.Хелмут Ботт, профессор. Др.Йоханн Ежссен, профессор.Др.Франц Пеш нарын “Хот төлөвлөлтийн үндэс” бүтээлд тусгаснаар үзүүлье. Хотын хөгжлийг дараах үе шатуудад ангилдаг байна.

Нэгдүгээрт, Хотжилт – urbanization : Газар тариалангийн эрхэлдэг нийгэм нь, хотожсон нийгэм болох хандлага юм. Шилжилт хөдөлгөөн болон ердийн өсөлтийн улмаас хотын тэлэлт явагдана.
Хоёрдугаарт, Хотын захын нутаг дэвсгэрийн тэлэлт – Suburbanisation: Хотын төвийн хэрэглээ болон оршин суугчид хотын зах руу,  агломераци хот руу, эсхүл хөдөө рүү шилжих үзэгдэл юм. Хот нь бүс болон өргөжнө. Хотын захад ажлын байр илүү хурдацтай нэмэгдэнэ. Хэрэглээгээр нь орон сууцны, үйлдвэрийн, худалдааны, үйлчилгээний suburbanisation гэж ялгана.

Гуравдугаарт, Хотоос дайжилт – Counterurbanisation: Хотжилт саарах буюу хотоос дайжих үзэгдэл нь хотын бүсүүдийн хөгжил мөн. Хотын төв, төв орчим нь зориулалтаа алдаж,оршин суугчдын өсөлт нь хотын захуудад төвлөрнө. 

Дөрөвдүгээрт, Дахин хотжилт – reurbanisation: Хотын төв болон төв орчмын газруудын үйл ажиллагааг дэмжин оршин суугчид болон Бизнесүүд буцан нүүж ирснээс хотын төв “үнэ цэнээ” эргэн олно. 

Өсөж буй хотын хөгжил гэдэг нь үнэн хэрэг дээрээ хотын тэлэлт мөн. “Зүүн Азийн хот суурин газруудын өөрчлөлт: Арван жилийн орон зайн өсөлтийн хэмжилт” илтгэлд хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд, судалгаанд хамруулсан арван жилд Зүүн Азийн хот суурин газрын хамрах газар нутгийн хэмжээ жилд дунджаар 2.4 хувиар тэлсэн нь тогтоогдсон байна.Хотын шинэчлэл, өөрчлөлт нь нэгэн зэрэг явагддаг аж. Дэс дараа, чиглэл нь өөр хоорондоо ялгаатай байна. Үсрэнгүй өсөлтийг хямрал, хүндрэл дагалддаг ч даван туулдаг шаардлагатай бөгөөд түүнийг бараг зүй тогтол гэж хэлж болохоор байна.

Нийслэлийн үүрэг гүйцэтгэгч Улаанбаатар хотын өнөөгийн өсөлтийн (үсрэнгүй, бага алхмын, зогсонги) үе дэх  хотын хөгжлийн загвар нь газар нутгийн тэлэлт (нийгэм чинээлэгжихийн хирээр нэг өрх, нэг ажлын байранд ногдох газрын хэрэгцээ нэмэгддэг. Энэ нь тэлэлтэд хүргэдэг), зориулалтын тусгаарлалт, ашиглалтын эрчимжүүлэлт (барилгажсан талбайн ашиглалтыг илүү үнэ цэнэтэй зориулалтаар ашиглах), хотын төвийн хуваагдал (дэд төвүүд бүрэлдэх) болон нийгмийн орон зайн ялгаа (орлогоос хамаарсан “дээд зэрэглэлийн”, “дунд зэрэглэлийн”, “энгийн” орон сууцны бүс )-гаар тодорхойлогдоно. Хотын зах руу, эсхүл зайдуу газарт чинээлэг иргэдийн суурьшил үүсэх эхлэл тавигдаж байна. Хотын өсөлтийн үед иргэд орон сууцны нөхцөлөө сайжруулах боломж бий болдог (адил бус ч, ямар нэгэн хэмжээгээр) бөгөөд энэхүү зүй тогтол манайд нэгэн адил өрнөж байна.

Хотын тэлэлтийн үйл явц, түүний хөдөлгөх хүчний ангиллаар авч үзвэл, хотын хөгжлийн дөрвөн үе шатны эхний хоёр нь буюу хотжилт, хотын захын, хот хөдөөгийн завсрын нутаг дэвсгэр тэлэх үйл явц бөгөөд энэ нь Улаанбаатарт өрнөж буй билээ. Хотжилтын хувьд мал аж ахуй, газар тариалангийн нийгэм нь хотожсон нийгэм болох хандлага гэж ойлгож болно. Энэ үе дэх хотын шинж нь барилгажилтын өндөр нягтрал, цогц байдал, орон сууц болон ажлын байрны ойр байдал болой. Харин хотын захын, хот хөдөөгийн завсрын нутаг дэвсгэр тэлэх үйл явц нь  дөнгөж өрнөж эхлээд байна. Энэ үе дэх хотын хөгжлийн гол онцлог нь гэвэл, хот нь аажим тэлсээр бүс болон хөгждөг ажээ. Энэ нөхцөлд хотын төвийн хэрэглээ болон хүн ам хөдөө рүү, бусад агломерици руу, хотын зах руу шилждэг. Уг эерэг шилжилт хөдөлгөөний үр дүнд хотын захын хүн ам өсч, ажлын байр илүү хурдацтай нэмэгддэг байна.Хотын хөгжлийн үе шат гэдэг нь хөгжлийнх нь ерөнхий зүй тогтлыг судлан тогтоосон ангилал бөгөөд бодит практикт дор дурдсан онцлог шинжүүд бас илэрдэг байна. Тухайлбал, Үе шат нь хатуу дарааллаар явагддаггүй бөгөөд тухайн хотын газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын нутаг суурьшлын уламжлал, байгаль, цаг уурын өөрчлөлт зэргээс хамаардаг байна.

Зарим үе шат зэрэгцэн өрнөх үйл явц дэлхийн хотуудын хөгжилд тохиолдож байв.Хотын хөгжлийн бодлого, газар зохион байгуулалт болон ашиглалт, хот төлөвлөлт, байгуулалтын эрх зүйн орчин, оршин суугчдын орлогын түвшин гэх мэт эдийн засаг, нийгмийн, тэр ч байтугай сэтгэл зүйн хүчин зүйлс үе шат бүрийн өрнөлт болон түүний хурдад эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг байна. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, хотжилт болон орлогын өсөлт шууд шүтэлцээтэй бөгөөд хотын оршин суугчдын  тоо нэмэгдэхийн хэрээр нэг хүнд ноогдох эдийн засгийн бүтээгдэхүүн өсөж, үүний нөлөөгөөр хотын болон улсын эдийн засагт эергээр нөлөөлдөг байна.Хотжилт, хотын тэлэлт болон агшилт нь зах зээлийн хүчин зүйлээс ихээхэн хамааралтай тул үндэсний болон хотын түвшинд бодлого боловсруулагчдын гүйцэтгэх  үүрэг чухал байх болно. Бид юуг анхаарвал зохих вэ?

Нэгдүгээрт, ирээдүйн орон зайн тэлэлтэд бэлтгэлтэй байх. Үүний тулд газар ашиглалтыг удирдах, газар чөлөөлөх болон дахин төлөвлөлт хийх, барилга байгууламж барих эрхийг хуваарилах болон шилжүүлэх зэрэг механизмыг хэрэглэх замаар хот суурин өргөжих явцыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд газар хүрэлцээтэй байх нөхцөлийг бүрдүүлэх;

Хоёрдугаарт, хотжилт, тэлэлт, агшилт нь эдийн засгийн хувьд үр ашигтай хөгжих нөхцөлийг хангах. Энэ зорилгоор манай улс дахь нутагшил суурьшлын ерөнхий загвар болон хотжилтын стратеги боловсруулах, хотын тогтолцоог хуульчлах, хотуудын тэргүүлэх үүргийг тодорхойлон хөрөнгө оруулалтыг түүнд чиглүүлэх;

Гуравдугаарт, хотын тогтвортой хөгжлийг дэмжих. Хот болон хотожсон нутаг дэвсгэрийн хамаарлыг оновчтой тодорхойлох, хотын оршин суугчид болон байгууллагын байршил, суурьшлыг зөв сонгон төлөвлөх, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх. Энэхүү үйл ажиллагаанд оршин суугчдын оролцоог хангах, тэдний санал санаачилгад тулгуурлах нь чухал.

Дөрөвдүгээрт, хотын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг тууштай хангах. Үүний тулд  засаг захиргааны байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтыг төгөлдөршүүлэх, үйл ажиллагаандаа захиргаа болон эдийн засгийн аргыг зохистой хослуулан ашиглах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний уялдаа холбоог зохицуулж, шуурхай байдал, хүртээмж, чанарыг эрхэмлэх.

Дээр өгүүлснийг иш үндэс болгон, Улаанбаатар хотын хөгжлийн цаашдын бодлого, үйл ажиллагааны талаар цөөн санал дэвшүүлье. Юуны өмнө, иргэдийн чөлөөтэй, журамтай шилжилтийн тогтолцоог улс даяар нэвтрүүлэх хэрэгтэй байна. Засгийн газар, хотын Захирагч хамтран хөдөөнөөс хот руу чиглэсэн болон хотын доторх шилжилт хөдөлгөөнийг журамласан эрх зүйн акт гарган мөрдүүлбэл иргэд, байгууллагын байршил, суурьшлыг зохицуулахад нэмэр болох нь дамжиггүй. 

Хотын оршин суугчид, байгууллагын байршил, суурьшлыг зохицуулах зорилгоор эдийн засгийн хөшүүрэг бий болгох тухай хорь шахам жил ярьж буй боловч шийдвэрлэсэн зүйл алга. Иймд нийслэл хотын татварын тухай хуулийг батлуулах, шинэ хот, дагуул хот, тосгонд амьдрах оршин суугчид болон бизнест татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага байна. Улаанбаатар хотын дүрмийг боловсруулж  батлан мөрдүүлбэл иргэншсэн иргэнтэй болоход сайнаар нөлөөлөх болно. Орон сууцны хөтөлбөрийн чиглэмжийг шинэ хот, дагуул хот, тосгонд чиглүүлж, тэнд иргэд орон сууц барих болон худалдан авахыг урамшуулан дэмжих талаар хотын менежментийн түвшинд анхаарч үзэхийг санал болгож байна.

Эцэст нь дүгнэхэд бусад орны жишгээр Монголд хотжилт 70 хувьд хүрэхийг хүлцэж болох үзүүлэлт гэж үзэж болох талтай. Гэхдээ хотжилт 80 хувьд хүрвэл хотын хүн амын өсөлт зогсонги байдалд орж, хот агшихад хүргэсэн орон зайн уусалт бий болж, хот болон хөдөө нэгэн зэрэг доройтдог болохыг анхаарахгүй орхиж огт болохгүй юм.

 Ц.САНДУЙ  Судлаач, Эдийн засагч