Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан цалингаа хандивлана
Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа
2015.04.20

Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан цалингаа хандивлана

Манай Улсын зүүн гурван аймагт гарсан хээрийн гал түймэрийн хамрах хүрээ, учруулж байгаа гарз хохирол гамшгийн хэмжээнд хүрч байгаатай холбогдуулан салбарын зүгээс шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн яамны гамшгийн штаб 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдан дараахь шийдвэрийг гаргалаа. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан түймэрт өртсөн сумдын малчид, иргэд, тэнд ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны дэм өгөх, хүнс, өргөн хэрэглээний бараа, эд материалын дэмжлэг, туслалцаа үзүүлэх хандивын арга хэмжээг салбарынхаа нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд зохион байгуулахаар тогтов. Энэ ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яам түүний харъяа байгууллагын нийт 305 ажилтан нэг өдрийн цалингаа түймэрт өртсөн сумдад өгөхөөр боллоо. 

Цасан шуурга болон түймэрт хамрагдсан аймаг, сумдад гарсан хохирлыг тооцон малын эм, эмнэлгийн хэрэгсэл болон худаг, хашаа, хорооны засвар, шинэчлэлд шаардлагатай байгаа хөрөнгийг тооцож Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдаанд 4 дүгээр сарын 20-ны дотор танилцуулж шийдвэрлүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Үүнээс гадна яамны дотоод нөөц боломжийг ашиглан малын эм, бэлдмэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг холбогдох сумдад яаралтай хүргүүлэх, зарим шаардлагатай зардлыг шийдвэрлүүлэхээр боллоо. 

Мөн Булган, Өвөрхангай, Төв, Увс аймгуудад цасан шуурганы улмаас хорогдсон малын хохиролыг бууруулахтай холбогдсон тодорхой зардлыг тооцож, арга хэмжээ авах саналыг УОК, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэхээр боллоо. 

Одоогийн байдлаар, хандив тусламжийн хүрээнд Атар-Өргөө, Талх чихэр, Мах-Импекс компаниуд нийтдээ 70,0 сая төгрөгийн хоол хүнсний материалыг түймэртэй байгаа сумдад хүргүүлээд байна.