Эрчүүд ноёрхсон засагт эрх мэдлийн уралдаан илүү явагддаг
Монголын эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх Н.Чинчулуун
2015.02.26

Эрчүүд ноёрхсон засагт эрх мэдлийн уралдаан илүү явагддаг

Эрэгтэйчүүдийн нөлөө, эдийн засгийн эрх мэдэл хэтэрхий давамгайлаад ирэхээр өрх гэрийн амьдрал төдийгүй улс орны бодлого доголдоод эхэлдэг.  Тийм учраас сүүлийн жилүүдэд жендерийн тэгш эрх, жендерийн мэдрэмж гэж их ярих боллоо. Энэ нь чухам юу болох талаар Монголын эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх Н.Чинчулуунтай уулзаж ярилцлаа.

- Ер нь гэр бүлийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эдийн засгийн эрх, үүрэг ямархуу байвал зүгээр вэ?

Манай уламжлал, ойлголтоор эрэгтэй хүнд хэтэрхий их эдийн засгийн ачаа үүрүүлдэг. Энэ маш их хортой. Хэтийдсэн ачаагаа дийлэхээ болихоороо эрчүүд урууддаг. Гэр бүлдээ таарамжтай амьдарч чадахаа больдог. Энэ нь судалгаагаар нотлогдсон байдаг. Эрчүүд ч өөрсдөө чадалтай ч, чадалгүй ч хаа нэгтээ, ямар нэг юмны захирагч, дарга байхыг хүсдэг. Ухаан дутсан нэг хэсэг нь хүчирхийлэгч болж, чадалтай нөгөө хэсэг нь эхнэрээ хүүхэд шиг болгочихдог. Эсвэл ганцаараа мөнгө олдогтоо эрдэж эхнэрээ хөөгөөд гаргачихдаг. Энэ тохиолдолд эмэгтэй хүнд эдийн засгийн ямар ч эрх мэдэл байдаггүй. Мөн эхнэрээ ээж шигээ үзэж халамжлуулах гээд байдаг эрчүүд ч бий. Зөвхөн эдийн засгийн асуудал гэлтгүй бүх зүйл дээр гэр бүлийн хүмүүс найзын харилцаатай байх нь хамгийн зөв.

- Эмэгтэйчүүдийн оролцоо бага байх нь нийгмийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ?

Эмэгтэйчүүд эрх мэдэлгүй улс хөгждөггүй л байхгүй юу. Лалын орнуудыг хар л даа. Эрэгтэйчүүд ноёрхсон засаг нийгмийн сайн сайхны төлөө бодлого хэрэгжүүлэх бус эрх мэдэл, өмчтэй болох эдийн засгийн уралдаан явуулдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн бодлого биш эрчүүдийн бодлого гэсэн үг. Дэлхийн олон судлаачид үүнтэй санал нийлдэг. Үнэхээр аюултай байгаа биз? Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд байвал хүүхдэд, эхчүүдэд, ахмад настанд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхаарал хандуулна. Түүгээр зогсохгүй эрэгтэйчүүддээ ч анхаардаг. Хувиарлалтыг маш сайн хийдэг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ улс төрд гарсан эмэгтэй хүн болгон мэдрэмжтэй байдаг гэсэн үг биш. Гагцхүү эмэгтэй хүнд байдаг тэр нандин чанарыг л зөв гаргах хэрэгтэй байгаа юм. Харамсалтай нь манайд эмэгтэй хүний оролцоо гэдгийг зөвөөр ойлгодоггүй, дандаа сөргөлдүүлсэн хандлага давамгайлдаг.

Эмэгтэйчүүд эрх мэдэлгүй улс хөгждөггүй л байхгүй юу.

Шийдвэр гаргах түвшинд жендерийн харьцаа алдагдсан. Эрэгтэйчүүд биллярдын ширээ, лааз пивоны ард ямар их найраа хийж байнаа. Хамгийн багаар бодоход шийдвэр гаргагчдын 40 хувь  нь эмэгтэйчүүд байх ёстой.  Ингэж байж энэ нийгэм өөр маягаар амьсгална. Гэтэл өнөөдөр хамгийн их ачаалалтай хэрнээ цалин багатай ажлыг эмэгтэйчүүд хийж байна.

- Монголчуудын жендерийн тэгш эрхийн тухай ойлголт ямар түүхтэй вэ?

Эзэнт гүрний үеэс манай ард түмэн эх хүнийг, гэргий хүнийг удам залгуулдаг гэдэг утгаар нь маш их хүндэлж ирсэн. Эмэгтэй хүнтэй ёс бус харьцвал тэдэн малаар торгоно, тэд занчина ч гэдэг юм уу. Халх журам гэдэг хууль бол тухайн үедээ хамгийн мэдрэмжтэй, дэвшилтэт хуулиудын нэг байсан. Мэдээж өнөөдрийн хэмжүүрээр тэнд хүний эрх зөрчсөн олон зүйл бий. Харин бид тэрэн дотроос хамгийн сайн заалтуудыг аваад өнөө үетэйгээ хослуулах ёстой. Дээрээс нь олон жилийн турш боловсруулаад баталчихсан олон улсын конвенциудыг мөрдөх хэрэгтэй. Уламжлалаасаа ухар гэж байгаа юм биш. Нийгмийн сэтгэл зүйг хуучны хэвшмэл ойлголтуудаар угааж байхаар уламжлалаасаа сайныг нь аваад, саарыг нь хая гэсэн үг.

- Танай сан эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах чиглэлд яаж ажилладаг вэ?

Монголын эмэгтэйчүүдийн сангийн зорилго нь нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх. Нийгмийн хөгжил гэхээр их олон янз. Оюун санааны хөгжил, үйл ажиллагааны хөгжил, эдийн засгийн хөгжил, улс төрийн хөгжил гэх мэт. Энэ бүхэнд эмэгтэйчүүд яаж оролцох ёстой юм бэ гэдэг чухал асуудал. Манай байгууллага сан гэдэг утгаараа эмэгтэйчүүдийг нийгмийн хөгжилд оролцоход санхүүгээр дэмждэг. Нэг үгээр эдийн засгийн чадварыг нь сайжруулахыг зорьдог. Бидний зорилтот бүлэг бол хүнд амьдралтай, нийгмийн эмзэг хэсгийн эхчүүд, эмэгтэйчүүд. Өөрөө юм уу эсвэл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон, нэг үгээр хэлбэл биеэ дааж амьдрахад хэцүү болсон хүмүүстэй ажилладаг.

Бид зүгээр нэг мөнгө өгдөггүй, болохгүй байгаа зүйлээ ярилцаж, бүлэг болж, орлогоо нэмэх арга замыг хайх амьдрах ухаанд бид сургадаг. Гэрээр нь багш очоод тэр хүний жаахан  ч гэсэн чаддаг зүйлийг нь хөгжүүлж, тэрийг нь орлогын эх үүсвэр болгож өгөхийг хичээдэг. Нэг гэм нь үр дүн маш удаан гардаг. Яагаад гэвэл олон жил хүнд, ядуу амьдралд нухлагдсан хүмүүс түүнээсээ амархан ангижрахад хугацаа ордог.

- Мөнгө аваад юм хийж эхэлсэн эмэгтэйчүүдийн цааш нь үйлдвэрлэлээ өргөжүүлэх чадамж нь хэр байна вэ?

Бүлэг олон байгаа ч олж байгаа мөнгө нь бага. Гайгүй орлого орж ирсэн ч яах аргагүй амьдралдаа зарцуулах хэрэгтэй болдог. Цаашаагаа өргөжих боломжгүй гэсэн үг. Тэгэхээр байнгын тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд тэдний дундаас бусдыгаа хөтлөөд аваад явчихаар манлайлагч хүмүүсийг гаргах хэрэгтэй болоод байна. Тодорхой зохион байгуулалтгүй учраас хэсэг хоршиж байснаа маргалдаж салах, нэг нэгнээ үзэхээ байх явдал байдаг. Гэхдээ л чамлалтгүй үр дүн гардаг. Гудамжинд архичин байсан эмэгтэй архинаасаа гараад компани байгуулсан түүх ч бий. Амьдралдаа хүрсэн хүмүүс багагүй бий. 2000 онд байгуулагдсанаасаа хойш бид анхны томоохон хэмжээний үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулсан.

201