Гадныхны анхаарлыг татаж эхэлсэн "Road expo 2015"
Авто замын хөгжлийг тодорхойлж, шинэ техник технологийг сурталчлах зорилготой “Road ехро 2015” олон улсын авто замын үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.
Энэ жилийн үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Зам тээврийн яам, Аж үйлдвэрийн яам, Монголын авто замчдын холбоо ажиллаж, ерөнхий ивээн тэтгэгчээр “Hera equipment group” ХХК, “Wirtgen group" ХХК ажиллаж байгаа юм.
Үзэсгэлэнд анх 10 гаруйхан байгууллага оролцож байсан бол оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр энэ жил л гэхэд 30 гаруй байгууллага оролцож байна. Зам барилгын ажил эхлэх үетэй үзэсгэлэн давхацсан тул үзэж сонирхох үзэгчдийн тоо ч цөөнгүй байлаа.
Оролцогч байгууллагуудын найм нь Япон, БНХАУ-аас оролцож буй олон улсын компани, үлдсэн нь Монголынх байсан юм. Экспод ажлын хувцас үйлдвэрлэх компаниас эхлээд мэргэжилтэн бэлтгэх сургууль, замын авто машин худалдаалах компани, авто замын салбарын төрийн бус байгууллага, гүйцэтгэгч компаниуд гээд замын салбартай холбогдох бүхий л байгууллагууд энэхүү үйл ажиллагаанд нэгдэн оролцож байсан юм.
Мөн “Road ехро 2015” үзэсгэлэнгийн үеэр “Монгол Улсын зам, тээврийн хөгжил, шалгуур үзүүлэлтүүд” сэдвээр Сiti engineering international компанийн Кенжи Маруока, “Зөөврийн зориулалттай асфальт, бетон зуурмагийн үйлдвэрийн технологи” сэдвээр “Адамат” ХХК- ийн менежер А.Амгаланбаяр, Zcxs-3 Мөс бутлах, цас зайлуулах төхөөрөмж технологийн талаар “Харбин Зонгчен Шинжлэх ухаан, технологийн хөгжил” ХХК-ийн Ерөнхийлөгч Жан Шиочен нар тус тус илтгэл тавьж, замчдын технологи болон мэдлэгт шинэ мэдээ мэдээллийг өглөө. Үзэсгэлэнгийн үеэр мөс хагалж, цас цэвэрлэгч машиныг Хятадын зам тээврийн нийгэмлэг болон “Харбин Жунчен шинжлэх ухаан технологийн хөгжил” ХХК- иас бэлэглэсэн юм. Өвлийн цагт замын мөсийг зориулалтын бус аргаар хагалах нь зам эвдрэхэд гол нөлөө үзүүлдэг учир чухал төхөөрөмж болохыг онцоллоо. Цас зайлуулж мөс хагалах уг машин нь Монголд анх удаагаа орж ирж буй шинэ техник юм.
Үзэсгэлэнгийн үеэр Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Road ехро 2015” үзэсгэлэнг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ жилийн үзэсгэлэн өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой байх бол?
“Road ехро 2015” олон улсын авто замын үзэсгэлэн гурав дахь жилдээ болж байна. Экспогоос харахад үзэсгэлэнг жил бүр зохион байгуулах шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Энэ жил гадаадын компаниуд манай үзэсгэлэнг өөрсдөө оролцож байгаагаас байгаа юм. Авто замын шинэ техник технологийн талаар инженерүүдийг урьж илтгэл тавиулдаг байсан бол жил ирэх бүр өргөжин тэлсээр гадаадын инженерүүд манайхыг сонирхож өөрсдөө ирж илтгэлээ тавьдаг болсон байна.
-Олон улсын авто замын үзэсгэлэн өмнө нь хоёр жил болж байсан. Энэхүү үзэсгэлэнгээс гарсан бодит үр дүн нь юу байв?
Үр дүн гарч байгаа. Шинэ тоног төхөөрөмж, технологиудыг оруулж ирж байна. Гадаад руу өндөр үнэ төлж зорьж очин шинэ техник технологиудтай танилцдаг байсан бол үүнийг нутагтаа харах боломж бүрдсэн байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр манай замчдын замын технологи, стандартын талаарх мэдлэг дээшилсэн гээд олон зүйлийг нэрлэж болно.
-Авто замын салбарт зайлшгүй шинэчлэл хийх хэрэгтэй гэдэг.
Хоёр дахь экспогоороо Германы стандартыг хэрэгжүүлье гэж ярьж байсан. Тэр дагуу одоогоор Канадын стандартыг боловсруулж байна. Ирэх жилээс батлагдаад гарах байх.Үзэсгэлэн Дүнжингаравхудалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна. Энэ хугацаанд Зам тээврийн яамнаас Дүнжингарав худалдааны төв рүү 9, 12,15 цагаас нийтийн тээврийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.