Авто Замчин Залуучуудын Холбооны чуулга уулзалт боллоо
Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо нь 2013 оны 01 сарын 21-нд анхдугаар чуулганаа зохион байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш авто замчин залуучуудынхаа язгуур эрх ашгийг хамгаалах, салбарын хөгжил авто замчин залуучуудын оролцоо, манлайллыг хангах, тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн үндсэн зорилгоо хэрэгжүүлж, гишүүнчлэлээ өргөжүүлэн үр бүтээмжтэй ажиллажээ.
Холбооны үйл ажиллагааны дүрмийн дагуу өнгөрөгч 2 жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа нийт гишүүд, авто замын салбарын залуусдаа тайлагнах, ажил хэрэгч хэлэлцүүлэг зохион байгуулах, холбооны Тэргүүн, Удирдах зөвлөл ба Бага чуулганы бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулах зорилгоор II их чуулганаа амжилттай зохион байгууллаа.
Тус чуулганд урилгаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, МАЗИН-ийн тэргүүн, МУ-ын гавъяат барилгачин Р.Буд, НАЗГ-ын дарга Д.Нанзаддорж, МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа, АЗХЭШСТ-ийн захирал Б.Наранбат, ЗХУТ-ийн дарга Л.Батцоож, нар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар энэ үеэр залуу замчиддаа хандан хэлсэн үгэндээ “ 80 гаруй жилийн түүхтэй энэ салбар өнгөрсөн хугацаанд улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Одоо харин тэрхүү хөгжлийг түүчээлэх залуусынхаа дуу хоолойг сонсох цаг иржээ. Авто замын салбарт шинэчлэлт хэрэгтэй байна. Замын чанар чухалаар тавигдаж байгаа энэ цаг үед мөн 21 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож байгаа энэ их бүтээн байгуулалтад залуус та бүхэн манлайлж оролцоосой гэж хүсч байна.
Олон улсын замын стандартыг монголд нутагшуулахад та бүхний үүрэг оролцоо чухал” гэдгийг тодотгосон юм. Чуулганд нийт 50 байгууллагын 90 гаруй төлөөлөгч оролцож санал бодлоо солилцон МАЗЗХ-ны дүрмэнд өөрчлөлт оруулан, шинэчлэн баталж мөн бага чуулганы гишүүдээ сонголоо. Ийнхүү дүрмийн дагуу тэргүүнийг сонгох санал хураалт болж чуулганы нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Монголын Авто Замчин Залуучуудын Холбооны тэргүүнээр Н.Мөнхбаясгалан дахин сонгогдлоо.