Үндсэн хуульд өөрчлөлт хийх парламент нь энэ удаагийн УИХ биш
УИХ дахь Бие даагчдын зөвлөл
2015.04.06

Үндсэн хуульд өөрчлөлт хийх парламент нь энэ удаагийн УИХ биш

УИХ дахь Бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ. Тэд “Тавантолгойн төслийг урагшуулахыг дэмжиж байна, гэхдээ өнөөгийн зөвшилцөж буй хэлэлцээр нь харилцан ашигтай байх гэсэн зарчмыг алдагдуулсан тул дэмжих боломжгүй” хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон. Тиймээс тус ордын 51 хувь нь улсын мэдлийнх байх ёстой. Гэтэл Тавантолгойн гэрээнд Монголын эзэмших хувь хэмжээг тэг хувьтай байхаар тусгасан байна. Тус төслийн гэрээ маш нууц хэлбэрээр явагдсан. Тиймээс одоо хүртэл бид төслийн эхийг олж үзээгүй.

Гэхдээ баттай эх сурвалжаас энэ мэдээллийг авсан. Ингэснээр Монголын талын эзэмших хувь, иргэдийн 1072 хувьцааны асуудал бүрхэг байдал руу орж байна” гэв. Мөн үеэр бие даагчид Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулиар байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сонгуулийн хуулиар тойргийг жижиглэхгүй байх, намын жагсаалтаар парламентад суудал авдгийг болиулах, намууд амлалт өгөх явдлыг таслан зогсоох, хэрэв ямар нэг амлалт өгвөл сонгуульд оролцуулдаггүй байх гэх зэрэг хуулийн заалтыг оруулж өгөх ёстой хэмээн үзэж байна. Өмнөх сонгуулиудаар намууд 1-1.5 сая төгрөгийг сонгогчдод олгоно хэмээн зарлаж, популизм хийсэн.

Энэ нь одоогийн үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг бүрдүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Үүний зэрэгцээ Намуудын тухай хуульд намыг гишүүнчлэлгүй болгох асуудлыг тусгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр хэллээ. Түүнчлэн Ц.Даваасүрэн гишүүн энэ удаагийн УИХ нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн эсрэг байна, өөрчлөлт хийх парламент нь энэ удаагийн УИХ биш гэлээ.