Б.Цогтгэрэл: Зээлийг нь шууд олго гэж арилжааны банкуудад тулгаж болохгүй
Засгийн газраас экспортыг дэмжиж импортыг орлох хөтөлбөр хэрэгжүүлэхээр 888 төслийг шалгаруулсан. Энэ хүрээнд өчигдөр ҮХААЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж, санал солилцсон юм. Дэд сайдтай уулзаж дараах яриаг өрнүүллээ.
-Засгийн газраас экспортыг дэмжиж импортыг орлох, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор шалгаруулсан 888 төслийн “хувь заяа” ямар шатандаа яваа бол. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс нэлээд санхүүжилтийн асуудлыг хүндхэн байгаа гэж байна шүү дээ?
-Өнөөдрийн /өчигдрийн/ байдлаар арилжааны найман банкаар нийт 145 төсөл судлагдаад 174 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдохоор шийдвэр гарсан байна. 732 тэрбум төгрөгийн 133 төсөл судлагдаж байгаагаас 93 тэрбум төгрөгийн 46 төсөл буцаагдсан гэсэн дүн мэдээ бий. Өөрөөр хэлбэл 174 тэрбум төгрөг эзэддээ оччихсон гэсэн үг.
-Ямар төслүүд буцаагдсан хэрэг вэ?
-Зарим нь төсөл гэж үзэхэд тун хэцүү, нөгөө хэсэг нь эзэн холбогдогч нь олддоггүй, банкууддаа очихгүй, очсон ч шаардлагатай материалаа бүрдүүлж өгөхгүй байна гэх зэрэг шалтгаануудаар буцаагдсан байгаа. Банкууд ирсэн бүх зээлдэгчдийн материалыг судлаад дэмжих байдлаар ажиллаж байгаа гэдгээ хэлсэн.
-Төсөлд оролцогчид Хөдөлмөрийн яам болон танай яам, Хөгжлийн банк гэсэн маршрутаар явж маш их цаг алдаж байгаа тухай хэлж байна?
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн хөнгөлөлттэй зээл бодлого, нэршил, санхүүгийн эх үүсвэрүүд нь өөр учраас төсөлд оролцогчид хольж, хутгаад байгаа тохиолдол бий.
Тодруулбал хоёр тэрбум төгрөгөөс доош дүнтэй төслүүдийг Хөдөлмөрийн яам руу явуулчихсан. Хоёр тэрбумаас дээш дүнтэй 262 төслийг манай яамныхан судалж, эрэмблээд Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк болон бусад арилжааны банкууд руу хүргүүлчихсэн. Энэ дагуу судалгаанууд нь хийгдэж байгаа.
Түүнчлэн 888 төслөөс гадна “Чингис” бондоос санхүүжин хэрэгжих төслүүд бий. Өөрөөр хэлбэл ноос, ноолуур, хүлэмж, оёдол, сүүний гэх мэтчилэн чиглэлийн төслүүд бүгд тусдаа эх үүсвэртэй. Үүнд хамаарагдах хоёр тэрбум төгрөг хүртлэх төслийг манай яам авч үлдсэн. Энэ нь 888 төслөөс өөр, тусгайлсан эх үүсвэртэй учраас тухайн салбартаа шаардлагатайд өгүүлэхийн тулд авч үлдсэн хэрэг.
Мөн Жижиг дунд үйлдвэрийн чиглэлийн төслүүдийг Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн сан, Хөгжлийн банк, арилжааны банк гэсэн гурвалсан гэрээ хийгээд ажлаа үргэлжлүүлж байгаа юм билээ.
Хоёр тэрбумаас дээшхи буюу манай яаман дээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн хувьд бусад банкуудтай тойрч гэрээ хийх шаардлагагүй. Үүнийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас 210 дугаар журмыг гаргасан.
Өөрөөр хэлбэл хөнгөлөлттэй зээлийг хэрхэн, яаж олгох талаарх журам. Тодруулбал яамнаас дэмжигдсэн бол шууд арилжааны банкин дээрээ очиж, судалгаагаа хийх үүрэгтэй.
-Арилжааны банкийг төсөлд оролцогчид өөрсдөө сонгож байгаа юу?
-Хөгжлийн банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ хийчихсэн арилжааны 11 банк бий. Тэдгээр банкууд судалгаагаа хийгээд “бид энэ төсөлд зээл олгох бүрэн боломжтой” гэж үзсэн тохиолдолд манай яам руу явуулна. Нэгэнт бид дэмжээд, арилжааны банк зөвшөөрчихвөл бодлогын гэрээ байгуулаад, энэ аж ахуйн нэгжид, төдий хэмжээний зээл олгож өгнө үү гэдэг хүсэлтийг Хөгжлийн банк руу илгээж байгаа. Тэндээс эх үүсвэрийг нь тухайн арилжааны банк руу өгөх зарчмаар явж байна.
Мэдээж банкаа өөрсдөө сонгох боловч бизнес эрхлэгч, төсөлд оролцогчид өмнө нь харилцаж байсан банкиндаа хандвал ядаж л зээлийн түүхтэй байдаг. Тиймээс ажил нь арай хурдтай байх болов уу. Түүнээс сонгосон банкиндаа анх удаа хандвал судалгаанаас эхлээд ажил нэлээд удаашрах магадлал нь өснө.
-Бичиг цаас хэрэггүй гэж байгаа ч төслүүд банкны шалгуур давж чадахгүй бүдэрч байна шүү дээ. Тухайлбал судалж үзээд “үгүй” гэдэг хариулт өгсөөр байна гэх юм?
-Банкууд тухайн төслийг судалж үзээд дэмжих эсэх нь тэдний асуудал. Яагаад гэвэл эрсдлийг банк хариуцаж байгаа шүү дээ.
-Банкны шалгуурын нэг өндөр даваа нь барьцаа хөрөнгө болж хувирч байна. Төсөлд оролцогчдын барьцааг шийдвэрлэх гарц бий юу?
-Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа 888 төсөл бол урьд нь байгаагүй үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөр болсон. Яг өнөөдөр шууд бүгдийг нь хэрэгжүүлэх боломжгүй ч цөөнгүй аж ахуйн нэгжид үр өгөөжөө өгч эхэлсэн. Тухайлбал, “Шилмэл мал” үзэсгэлэнд фермерийн үйл ажиллагаа эрхэлдэг маш олон аж ахуйн нэгж оролцож байна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд Орхон аймагт молебдиний үйлдвэр, Булганд төмрийн нойтон баяжуулах, Баруун хараад рапс боловсруулах анхны үйлдвэр гэхчилэн тоочоод байвал олон бий.
Бид өмнө нь 500 саяас тэрбум төгрөгийн хооронд төсөл хэрэгжүүлдэг байсан. Одоо бол олон тэрбумын төсөл яригддаг, хэрэгждэг болсон. Үүнтэй холбоотойгоор барьцаа болгох хөрөнгөгүй гэдэг асуудал үүсч байна. Энэ бол бидэнд, өнөөгийн нийгэмд тулгарч буй шинэ сорилтуудын л нэг. Хэрхэн давах вэ гэдэг дээр Засгийн газар, холбогдох яамд ажиллаж байгаа. Батлан даалтын сангийн баталгаа гаргах хэмжээг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн чухал салбарт барьцаа хөрөнгө шаардахгүйгээр хэрхэн шууд санхүүжүүлж болох вэ гэх зэргээр судалж байна.
Бидний зүгээс төслүүдийг дэмжээч, зээл олгооч гэдэг хүсэлт тавьж байгаа. Түүнээс хуулийн хүрээнд бол шууд зээл олго гэж тулгаж болохгүй.
-Бизнес эрхлэгч, төсөлд оролцогчдод наймдугаар сарын 30-наас өмнө банкны судалгаа хийлгээгүй бол зээл олгохгүй гэсэн ойлголт байгаад байна. Яагаад гэнэт ийм хугацаа заах болов оо?
-Ийм асуудал яригдсан юм билээ. Эдийн засгийн яамныхан бид ярилцаад шийдвэрлэчихсэн. Учир нь Хөдөлмөрийн яамны эх үүсвэр нь 100 тэрбум төгрөг. Тэр нь хуваарилагдаад бараг дуусч байгаа. Тиймээс эх үүсвэр байхгүй гэдэг шалтгаанаар дахин хамаагүй их төсөл судлах хэрэггүй гэж үзээд, хугацаа заах тухай яригдсан юм билээ. Гэхдээ үүнийг бид хэлэлцээд хугацаа тогтоох хэрэггүй гэдэг саналаар дэмжигдсэн. Дээрх хугацааны асуудлаас болоод банкууд ч судалгаагаа зогсоосон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс одоо давтан хэлэхэд ямар нэгэн хугацаа заагаагүй учраас үйл ажиллагаагаа хэвийн явуулах хэрэгтэй.
Түүгээр ч зогсохгүй хоёр тэрбумаас дээш хөрөнгө оруулалт шаардсан төслүүдэд дамжуулан зээлдэх гэрээнийхээ дагуу бүх төслийг судлах ёстой, үүрэгтэй.
Жижиг дунд үйлдвэрлэлийн тухайд ч эх үүсвэрт санаа зовох хэрэггүй.
-Зарим төслийг жилийн өмнө боловсруулсан бөгөөд валютын ханшийн зөрүүнээс зээлэхээр хүссэн хөрөнгө оруулалтын хэмжээнд өөрчлөлт гарч байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?\
-Энэ тухайгаа арилжааны банкиндаа танилцуулах учиртай. Инфляцийн нөлөөлөл, ханшийн өөрчлөлтөөс болоод энэ төсөлд ийм өөрчлөлт гарсан гэдгээ тайлбарлаж, ойлгуулах шаардлагатай. Үүнийг санхүүгийн байгууллагууд ойлгоно шүү дээ.