Б.Цогтгэрэл: Энэ хөтөлбөрөөс гайхамшигтай үр дүн хүлээх маш хэцүү
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл
2015.04.06

Б.Цогтгэрэл: Энэ хөтөлбөрөөс гайхамшигтай үр дүн хүлээх маш хэцүү

Импортыг орлох, экспортыг дэмжих 888 төслийн асуудлаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-Импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрүүдийг Засгийн газраас нэг их наяд төгрөгөөр санхүүжүүлснээр ямар ахиц гарна гэж хүлээж байгаа вэ?

-888 төслөөс хэд нь хэрэгжихийг хэлэхэд хэцүү. Гэхдээ бүх л төсөл Монголын эдийн засагт онцгой чухал. Монгол Улс бараа, түүхий эдээ байнга импортолж ирсэн. Одоо дотооддоо үйлдвэрлэснээр ажлын байр нэмэгдэнэ, татварын бааз суурь өргөжнө, банкууд тогтвортой зээлдэгчтэй болж, хүчирхэгжих зэрэг олон давуу тал бий.

Нөгөө талд, үйлдвэрээ дагаад хүмүүсийн чадвар сайжирна, техник технологитой танилцана. Бас зарим үйлдвэр дотоодын хэрэгцээг хангах төдийгүй бүтээгдэхүүнээ экспортод гаргаснаар Монгол Улсын валютын нөөц нэмэгдэх, валют, төгрөгийн ханш тогтворжих, орлого өсөх гээд олон боломж бий. Үйлдвэрлэлийг дэмжих энэ бодлого Шинэчлэлийн Засгийн газрын гаргасан түүхэн санаачилга байх. Яагаад гэвэл ингэж олноор нь дэмжих бодлого өмнө нь хэрэгж үүлж байгаагүй. Хамгийн түрүүнд хэлэхэд, зөвхөн “Нарантуул”, “Хархорин”-оор төсөөлдөг зах зээлийн тухай ойлголт өөрчлөгдөж, хийж бүтээх ёстой юм байна, үйлдвэрлэж болдог юм байна гэсэн бүтээлч сэтгэлгээнд суурилаад бидний ярьдаг өрхийн бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ), цаашилбал экспортод чиглэсэн томоохон үйлдвэрүүд бий болох хөрс суурь бүрэлдэх юм.

-Энэхүү 888 төсөлд санхүүжилт олгох ажил одоо ямар шатандаа үргэлжилж байна вэ?

-Одоогоор 150-160 төсөл банкуудаас дэмжлэг авчихсан байгаа. Арилжааны банкууд дэмжээд, зээл олгож болно гэсэн төслүүдтэй бид гэрээ байгуулаад, Хөгжлийн банкнаас эх үүсвэрийг нь авч зээлдүүлж байгаа. 150-160 төсөл гэдэг бол 200-гаад тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тэнцэнэ. Тэгэхээр нэг их наяд төгрөгийн санхүүжилтийн 20 хувь нь эзэндээ хүрсэн гэж ойлгож болно. Мөн 200-гаад төсөл судалгааны шатандаа байгаа. Харин 100 орчим төсөл банкуудын шаардлагыг хангаагүйн улмаас буцаагдсан.

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас ямар салбарын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхээр анхаарч байгаа вэ? Жишээлбэл, монголчуудын сүүний хэрэгцээ импортоос бараг бүрэн хамааралтай болчихлоо шүү дээ.

-Яамнаас хамгийн түрүүнд бодлогоор дэмжих салбарын төслүүдээ өнгөрсөн жил “Чингис” бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн. 888 төслийн хөтөлбөр зарлагдахаас нэг жилийн өмнө. Эдгээрт ноос, ноолуур, хүлэмжийн аж ахуй, сүү, оёдол, дээрээс нь арьс ширний салбар багтаж байгаа. Энэ салбарын үйлдвэрлэлийг монголчууд заавал хэрэгж үүлэх ёстой, түүхий эд нь Монголд бэлэн, хамгийн их ажлын байр бий болгодог салбарууд учраас тэргүүн ээлжинд дэмжих ёстой гэж үзсэн юм. Монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой нэг сая гаруй хүн амтай ийм том хотыг хуучных шиг хөдөөнөөс махаа бэлтгээд, сүүгээ авчраад хангах ямар ч боломжгүй. Тэгэхээр төвлөрсөн фермийн аж ахуй, хүлэмжийн аж ахуйг хамгийн түрүүнд дэмжих шаардлагатай. Ер нь үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ аль үйлдвэр нь нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа вэ, хоёрдугаарт, ямар үйлдвэрийг дагаад бусад үйлдвэр хөгжих бололцоотой вэ гэдгийг нь харгалзаж үздэг. Жишээлбэл, сав баглаа боодлын “Eco pack”, “Mon pack” үйлдвэрийг дэмжээд нэлээд хэмжээний санхүүжилт өгсөн. Сав, баглаа, боодол нь бэлэн байвал монголчууд янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд гаргах бололцоо нь бүрдэж байгаа юм.

-Одоогоор санхүүжилтээ аваад байгаа аж ахуйн нэгжүүдээс хамгийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа нь ямар төсөл байна вэ?

-Манай салбар маш өргөн шүү дээ. Монголчуудын 99 хувь нь шууд ба шууд бусаар үйлдвэр, хөдөө аж ахуйн салбартай холбогддог. Ач холбогдол багатай үйлдвэр гэж байхгүйг би тодотгож хэлмээр байна. Хамгийн их ач холбогдолтой үйлдвэр бол мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдэд суурилсан үйлдвэр. Жишээлбэл, амьд малын ноос, үс, хялгас, хөөвөр, зогдор, эвэр, сүүг нь авч ашиглана. Энэ бүгдээс нь хэдэн арав, зуун төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой. Нядалсны дараа мах, арьс, үс, ноос, яс, булчирхай, дотор эрхтэн энэ бүгд дор бүртээ нэмүү өртөг шингэх үйлдвэрлэлийн боломжтой түүхий эд. Гадаадад, хөгжсөн орнуудад нэг хонь нэг сая төгрөг, нэг үхэр 10 сая төгрөгтэй тэнцэхээр үнэтэй байдаг. Үхэр гэдгээрээ 10 сая төгрөг биш, ашиг шимт байдал нь тийм үнэд хүрдэг.

-Мал аж ахуйн салбарт төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж хэр олон байна вэ?

-888 төслийн дунд ийм үйлдвэрлэлийн төслүүд байгаа ч бид өөр эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Өмнө нь “Чингис” бондоос хуваарилсан хөрөнгө бүрэн ашиглагдаагүй, “Голомт” банкаар дамжуулаад хэрэгжиж байгаа. Ашиглагдаагүй хөрөнгө бий учраас “Чингис” бондоос эх үүсвэр олгох бололцоог нь хангаж байгаа. Одоогийн байдлаар мал аж ахуйтай холбогдох 60 гаруй төсөл санхүүжилт хүссэнээс ноолуурын салбарт 39 компани зээлээ аваад, үйл ажиллагаагаа явуулж байна.

Ноосны чиглэлийн 20 орчим аж ахуйн нэгж мөн зээлжсэн. Гэхдээ хэдийгээр санхүүжилт авч байгаа ч бидний хүсэж байгаа нийгэм, эдийн засгийн үр дүнд хүрч чадахгүй байна. Тэр нь олон шалтгаантай. Нэгдүгээрт, банкны шалгуур маш өндөр. Арилжааны банкууд наймааны эдийн засгийг тэтгэж ирсэн учраас эрсдэлээ тооцож, өндөр хүү тогтоосон.

Эрсдэлийг бууруулахын тулд заавал байр, байшин, орон сууц барьцаалах дадал хэвшил нь улам даамжраад одоо бүр банкны практик болчихсон. Тийм болохоор өнөөдөр бодитой хуримтлал бий болгож чадаагүй, олон жил маш өндөр хүүтэй зээлээр санхүүжсээр байгаад санхүүгийн тайлан баланс нь сайн биш аж ахуйн нэгжүүдийн зээлжих чадамж муу байна. Нөгөөтэйгүүр их удаан судалж байна. Үйлдвэрлэлээ хөгжүүлчихье гэсэн хамтын ажиллагаа аль аль талдаа дутагдаж байна.

Тэгэхээр хамгийн наад зах нь зээлийн батлан даалтын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр Зээлийн батлан даалтын сан нэг аж ахуйн нэгжид 250 хүртэл сая төгрөгийн батлан даалт гаргадаг. Үүнийг ядаж нэг тэрбум төгрөг болгож өгөөч гэсэн асуудлыг бид тавьж байгаа. Хоёрдугаарт, нэг аж ахуйн нэгж дангаараа дийлэхээргүй, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой салбаруудыг төрөөс дэмждэг, шууд хөрөнгө оруулалт хийдэг, баталгаа, барьцааг нь гаргадаг ийм механизм руу орохгүй бол болохгүй нь.

Төрөөс сайн бодлого гаргаж байгаа боловч эцсийн шийдвэрийг нь арилжааны банк гаргаад байна шүү дээ. Тэгэхээр Монгол төрийн бодлого нь хаана байна вэ? Төлөвшиж амжаагүй, хөл дээрээ зогсоогүй салбаруудыг хувийнханд даатгаад орхих нь бид улам л орон зайгаа алдаад, гаднынханд боломж олгоод байна гэсэн үг.

-Цоо шинэ бодлого, механизм хэрэгтэй гэж хэлэх гээд байна уу?

-Төрөөс шууд дэмждэг ямар механизм байж болох вэ? Төр үйлдвэр байгуулж болно шүү дээ. Бүр шаардлагатай гэвэл хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн олон нийтийн байгууллагыг оролцуулаад, тооцоо судалгааг нь хийгээд, үйлдвэрийг нь байгуулж өгөөд тодорхой хугацааны дараа хувьцаа гаргадаг юм уу, худалддаг юм уу эсвэл хувьчлаад, оруулсан хөрөнгөө буцаагаад гаргаж авах бололцоотой. Жишээлбэл, ноолуурын салбарт л гэхэд ээрэх үйлдвэр барихад 150-200 сая ам.доллар хэрэгтэй байна.

Үүнийг хувийнхан ойрын 10 жилдээ байгуулж чадахааргүй харагдаж байгаа. Арьс ширний цогцолбор гээд бид их ярьдаг. Үүнийг хувийнхан бас хийж чадахгүй. Хэн нь хамаагүй хийе гэвэл Хятадын компаниуд ирээд дуртай үедээ барих боломжтой.

Гэхдээ энэ чинь Монгол төрийн бодлого юм уу. Нийслэлийн сүүний хэрэгцээний 80-90 хувийг дандаа импортын хуурай сүүгээр хангаж байна. Импортын хуурай сүү биш, бид шингэн сүүгээр хэрэглэгчдээ хангадаг гэдгээ харуулахын тулд үйлдвэрүүд үзүүлэнгийн шинжтэй жижигхэн фермийн аж ахуй ажиллуулдаг.

Үндсэн үйл ажиллагаандаа хуурай сүүг л ашиглаж байна. Импортын хуурай сүүг хязгаарлая, үйлдвэрүүдээ фермийн аж ахуйтай болгоё гэхээр барьцаалах хөрөнгө нь ердөө хэдэн үхэр, малын хашаа, саравчхан. Түүнийг барьцаалаад хэдэн тэрбум төгрөгийн зээл олгох боломжгүй. Үүнийг яаж шийдэх юм бэ? Бид үүнийг хийх ёстой. Бүгдийг нь арилжааны банкаар дамжуулснаар ямар асуудал үүсгээд байгаагаа шийдвэр гаргагчид нь ойлгохгүй байгаа юм.

Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг нэмэгдүүлээд эсвэл эрсдэлийг нь төр даагаад, босгоод, тэлдэг ийм бодлого гаргахгүй бол болохгүй. Хүлэмжийн аж ахуй мөн адил. Нэг бизнесмен таван га газрын лиценз бариад яваад байдаг, тэнд нь юу ч байхгүй, их л удаж торон хашаа байдаг. Тэнд яаж хэдэн тэрбумын үнэтэй хүлэмжийн аж ахуй байгуулах юм бэ? Үүнд Монгол төрийн бодлого гарцаагүй үгүйлэгдэж байна.

-Хөдөө орон нутгийн үйлдвэрлэгчид энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй байгаа тухай ярьж байна. Тэднийг хэрхэн дэмжих вэ?

-Тэд бас л барьцаа хөрөнгийн асуудалтай. Аймаг, суманд амьдарч байгаа хүмүүст хуримтлал гэж юу байх вэ дээ. Орон нутгийнхан томоохон хэмжээний хөтөлбөрт хамрагдах бололцоо байхгүй, нийслэлийнхэн голдуу зээл авдаг. Үүнээс болоод л эдийн засаг, хүн амын нягтрал бүх юм хотдоо төвлөрөөд байна.

Төрийн бодлого тэнд үнэхээр хүрч ажиллаж чадахгүй байгаа. Хүсэл байгаад ярьж хэлсэн ч хана мөргөж байгаа юм шиг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байна. Энэ бол зах зээл, ардчилал гэдгийгээ бид буруу, дутуу бодоод, өнгөн талаар нь ойлгоод байгаагийн нэг шинж. Төлөвлөлт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл хөгжлийн бодлогод төрийн шууд оролцоо маш чухал.

-888 төслийг хэзээ судлаад, санх үүжилтийг олгож дуусах юм бол?

-888 төслийн эзэд бүгд ариджааны банкуудад хандчихсан байгаа. Банкуудын судалж байгаа хурд нь л ийм байна. Хугацаатай зээл учраас хурдан хэрэгжүүлэх ёстой. Магадгүй олгохгүй байх тусам бага хүүтэй зээлийг арилжааны өөр зээлд ашиглах сонирхол зарим арилжааны банкинд байж магадгүй.

Үүнд хяналт байх ёстой. Харилцан хариуцлагатай байх учиртай. Нэгэнт төрөөс зорилгоор гаргасан эх үүсвэрийг маш хурдан олгоод, үйлдвэрлэлээ эхлүүлбэл энэ салбар хөгжинө. Ингээд хойшлуулаад байх юм бол арилжааны бондын төлбөр хийх хугацаа хаяанд байна. Одоо бараг хоёр жил нь өнгөрчихлөө. Тэгэх тусам хүүгийн дарамт нь хувийнханд, нөгөө бизнес хийх гэж ядаж байгаа хүмүүст очно. Одоогоор арилжааны 11 банк Хөгжлийн банктай Дамжуулан зээлдүүлэх гэрээтэй.

Эд л ажлаа эрчимжүүлэх ёстой. Хурдан шуурхай ажиллаад зөвхөн ирүүлсэн материалыг хянаад, тийм юм дутуу байна гээд буцаагаад шидэх биш, зөвлөөд, туслаад, хөтлөөд, дэмжих бодлого арилжааны банкуудад уг нь хэрэгтэй байгаа юм, нэгэнт арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлж байгаа тохиолдолд.

Түүнээс биш салбарыг нь хариуцаж байгаа газар шийдвэр гаргаад, хариуцлагыг нь үүрэх ёстой. Буруу хийсэн, алдаа дутагдал гаргасан бол албан тушаалтай нь, толгойтой нь “ярьдаг” байх ёстой. Тэгж болдог гэдэг ойлголт манайханд байхгүй, болохгүй юм шиг бодоод зах зээлийн хуулиар, арилжааны банкаар дамжуулна гээд балай тойрог руу орчихлоо.

Одоо манай хувийн хэвшлийнхэн дунд үнэхээр олон жил зүтгээд мохож байгаа улс байна шүү дээ. Бизнес хийх ямар ч итгэлгүй болчихсон.

Олон жилийн хөдөлмөрийг нь, ноу хау, патент, онцгой эрхүүдийг барьцаа хөрөнгөөр хэрхэн үнэлэх вэ? Зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний нэр хүнд, брэндинг нь хэрхэн үнэлэгдэх вэ? Хэрэглэж байгаа тоног төхөөрөмж төдийгүй менежментийн багийг нь үнэлдэг байх ёстой. Гүүдвилл гээд бусад орны балансад бий. Энэ мэтчилэн хөдлөх хөрөнгүүд үнэлдэг байвал нөхцөл огт өөр болно. Одоо бол банкны систем бүгдээрээ ломбардын зарчмаар ажиллаад байна.

Үүнтэйгээ улс тэмцэж, банк санхүүгийн системийг сайн хянаж, шалгадаг байхгүй бол банк өөрөө мөлжлөгийн систем, авлигын систем болж хувираад байна. Бид эндээс маш чухал гээд дэмжээд банк руу явуулахаар судлах, эсэх нь тэнд шимтгэлтэй, олгох, эсэх нь хүртэл бонустай болж хувирсан. Ийм гомдлыг би өдөр тутам сонсдог. Үүнийг Ерөнхий сайд, УИХ-ын түвшинд ярих ёстой.

-Тэгэхээр хэзээ санхүүжүүлж дуусна гэсэн үг вэ?

-Санхүүжүүлж дуусахгүй. Яагаад гэвэл энэ компаниудын ихэнх нь зээл авч чадахгүй. Бүтэхгүй аргаар, эсвэл хувиараа тохироод авч чаддаг юм уу гэхээс биш. Эсвэл зээл авах гэж зүтгэж байгаа хүмүүст барьцаа хөрөнгөтэй бизнесменүүд барьцаагаа шилжүүлж зээлийг нь авахуулчихаад тэр мөнгийг нь барилга, худалдаа гээд өөр зориулалтаар ашиглахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр үйлдвэржүүлэх бидний үндсэн зорилт хэрэгжиж чадахгүй. Ийм эрэмдэг болчихсон, хагас дутуу зээлээ авчихсан компани түрүүчээсээ байна. Энэ бол их ноцтой асуудал.

Нэгэнт банкууд ийм шаардлага тавьж байгаа юм чинь өөр яах юм бэ? Маш хөнгөмсгөөр, өөдрөгөөр харах юм бол хэн нь ч байсан яадаг юм, бага хүүтэй зээл аваад ашиглаг, хэдэн төгрөгтэй болж байвал амьдрал ахуй нь дээшилнэ гэж бодож байвал болно. Гэхдээ энэ бол төлөвлөлтгүй, системгүй хандлага учраас эндээс гайхамшигтай үр дүн хүлээх маш хэцүү. Тав, гурван төгрөг олсон ч гэсэн худалдаа наймаагаар олж байгаа хөрөнгө хэзээ ч суурь шинжтэй хөгжлийг авчирдаггүй юм.

-Арилжааны банкууд арын хаалгаар зээл олгосон асуудал гарсан уу?

-Ийм яриа бий. Нэртэй, нэргүй гомдлуудыг бид авч эхэлж байгаа. Дээрээс нь Төвбанкныхан ч гэсэн үүнд анхаарах хэрэгтэй. Журмаа арай либерал болгохгүй бол зээлжих боломж алга. Одоо монголчууд зах зээлийн систем гэдгийг ойлгодог болчихсон. Банкууд харилцагчдаа мэддэг болчихсон. Өмнө нь хийж бүтээсэн хүмүүст арай хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог болох ёстой.

Зээл унтдаггүй, зээл баяр тэмдэглэдэггүй гэдгийг хүмүүс нэг үеэ бодоход мэддэг болчихсон шүү дээ. Тэгэхээр замбараагүй их зээл авна гэж байхгүй. Банкууд мэдлэгжчихсэн учраас нэн чухал, эргэн төлөгдөх боломжтой төслүүдээ шигшээд ирээдүйн орлогыг нь харгалзаж үзээд зээл олгоход бие биенийгээ дэмжээд явах бүрэн бололцоо бий. Гагцхүү хатуу журам хязгаарлаад байна.

Зарим банк 42 төрлийн бичиг баримт нэхэж байна. Жирийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст тийм хэмжээний дарамт учруулна гэдэг утга учиргүй юм байхгүй юу. Зээл авах бүрт Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлнэ, тэр болгонд нотариатаар баталгаажуулдаг гээд энэ олон давхардал, шимтгэлүүд үндсэндээ зээлдэгчдийг тамирдуулж байгаа юм. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж 20 жил зүтгэсэн бизнесийн салбарынхныг би сайн харж байгаа учраас ингэж хэлж байна.

Зарим нь бүр тамирдчихсан, үгээ хэлчихсэн, больё доо гэж байгаа хүмүүс байна. Гэр хорооллоор явахад хашааныхаа нэг буланд овоолоод, эрээн уутаар бүтээчихсэн тоног төхөөрөмжүүд өчнөөн байна. Түрээслэгчид нь боомилоод, социализмын үед бий болгосон сайхан сайхан объектуудыг хувьчлаад авчихсан нөхдүүд юм хийе, бүтээе гэсэн хүмүүсийг түрээсийн үнийн дарамтаар мохоогоод, шимээд сууж байдаг.

Гэсэн атлаа ямар ч татвар төлдөггүй. Ийм түрээслэгч, мөнгө хүүлэгчидтэйгээ төр учраа олохгүй бол Монголд үйлдвэрлэл хөгжих асуудал их сунжирна. Системтэйгээр дэмжиж байгаа гаднын хөрөнгө оруулагчид, эсвэл хөрөнгөжсөн хэсэг болоод мөнгөтэй хэсэг, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлтэй гаднынханд л орон зайгаа тавьж өгөөд байгаа юм. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэдэгчлэн боломжоо устгаад байгаа хэрэг.

Монголбанкны бодлогын хүүг арван хэдэн хувь гээд автоматаар тогтоочихоор үндсэндээ Монголд үйлдвэрлэл хэзээ ч хөгжүүлэхгүй гэдэгтэй агаар нэг. Өөрчлөлтийг эндээс л эхлэх ёстой. Хэзээ Монголбанкны бодлогын хүү гурав, дөрвөн хувь хүрнэ, тэр цагт л үйлдвэрлэл хөгжинө. Тэгэхгүй бол хаа хаанаа бие биенийгээ хуурсан, хулхидсан, өр зээлэндээ баригдсан ийм эргүүлгээсээ гарч чадахгүй.