Эцсээ хүртэл найдах хууль
Хаврын чуулганы хэлэлцэх хуулиудын нэрсэн байхгүй ч гэнэтхэн жагсаалтаар ороод ирэхийг үгүйсгэхгүй юм.
2015.04.06

Эцсээ хүртэл найдах хууль

Өнгөрсөн жилийн зургаан сард УИХ-д “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийг хэсэг гишүүд өргөн барьсан. Мөн үүнийг “Эдийн засгийн өршөөл”-ийн хууль нэмэлтээр орсон нь дотоотын эдийн засгийг бүрдүүлэгч бизнес эрхлэгчдийн чихийг нь баярлуулсан мэдээ болсон.

Монгол улс 2008 онд түүхэндээ анх удаа аж ахуй нэгж  компаниудад өршөөл үзүүлсэн нь “Татварын өршөөл”-ийн хууль. Тухайн үед 2000 гаруй аж ахуй нэгж хамрагдаж, бүртгэлээр таван их наяд төгрөг ил гарч бүгд улсын орлого болсноор Дэлхийн эдийн засгийн их хямралыг давахад нэлээд тус болсон гэдэг. Гэтэл “Эдийн засгийн өршөөл”-ийн тухай хуулийн сураг гарснаар өнгөрсөн онд татвар төлөлт нилээд буурч төсвийн орлого тасалдахад хүрсэн байна.

Тодруулбал 2013 оны эхний хоёр сарын байдлаар татварын орлого 922 сая төгрөг байсан бол 2014 оны эхний хоёр сард 633 сая төгрөг болтлоо буурсан байна. Ингэж буурсан шалтгаан нь “Эдийн засгийн өршөөл”-ийн хуулийн шуумтай холбоотой.

Өөрөөр хэлбэл өнгөрөгч жил хууль гарах сургаар компаниул тайлангаа алдагдалтай, ашиггүй гарган татвараас зугтсан арга хэмжээ авсныг мэргэжлийнхэн хэлж байна. Ингэснээр шинэ оны эхний гурван сарын байдлаар төсвийн бүрдүүлэлт 90 хувьтай байгаа нь бас л үүнтэй холбоотой гэнэ.

Харин “Эдийн засгийн ил тод байдал”-ын тухай хуулийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Манай бизнес эрхлэгчид энэ талаар буруу ойлголттой байгаа тул татварын өрийн хэмжээ өсөх, тайлан хяналт буурах хандлага ажиглагдах болсон. Бид Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль боловсруулсан. Энэ хууль далд эдийн засгийг ил болгох зорилго агуулж буй юм. Түүнээс биш татварын өрийг өршөөх тухай заалт огт байхгүй” гэдгийг “Эдийн засгийн чуулган 2015”-д оролцохдоо хэлсэн.

Монгол улсын төсвийн орлого оны эхний хоёр сарын байдлаар 745.6 тэрбум төгрөг хүрсэн ч зарлага нь 930.9 тэрбум төгрөг. Харин төсвийн алдагдал 185.3 тэрбум төгрөг гарчээ. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл төсвийн тодотгол хийнэ гэдгийг Сангийн сайд онцолсон. Үнэхээр ингэхээр бол хаврын чуулганы гол асуудлын нэг нь тооцоолоогүй төсвийн тодотгол байх нь ойлгомжтой.

Учир нь оны эхэнд нийт төсвийн 60 хувь нь зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмжид зарцуулагдаж, хөрөнгийн зардалд 50 хүрэхгүй хувийг зарцуулж байна. Энэ нь тухайн эдийн засгийн мөчлөгийн үед байгаа боломжоо зөв ашиглах ёстой байсныг харуулж буй хэрэг ажээ. Одоогийн байдлаар эдийн засгийн өсөлт 7.8 хувьтай байна гэж ярьж байгаагийн таван хувь нь уул уурхайн өсөлт аж. Уул уурхайн таван хувийн өсөлт дотроо дөрвөн хувь ганцхан Оюутолгойнх байгаа нь эргээд эдийн засагт өгч байгаа өгөөж нь маш бага байгааг харуулж байгаа юм.

Гэтэл Сангийн сайд хэлэхдээ “Зөвхөн орлогоо нуун, дарагдуулсан байсан татварыг л өршөөнө” гэдгээ хатуу хэлсэн.  Тиймээс олон улсад татварын өршөөл нь юун түрүүнд татварын өрөөр төсвийн орлогоо нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Түүнчлэн эдийн засгийн сүүдэртэй секторт нуугдаж байсан бизнес эрхлэгчдийг эдийн засгийн хууль ёсны орчинд оруулснаар татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлдэг. Татвар төлөгчид нэмэгдсэнээр төсвийн орлого нэмэгдэх учир энэ нь цаашдаа татварын босгыг намсгах, ингэснээр татвараас бултагчид цөөрнө гэсэн үзэл ноёрхдог.

Хамгийн чухал нь тэд л шийднэ.

Түүнээс гадна өршөөлийн нөхцлөөр тухайн бизнесмен гадаадад хуримтлуулсан мөнгөө хууль ёсны болгосноор тухайн орны эдийн засагт хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үздэг. Харин хувийн бизнес эрхлэгчдийн хувьд “Хэрвээ хуулийг батлах гээд байгаа бол хэвлэл мэдээллээр шуугиад байлгүй чимээгүй батлах хэрэгтэй. Ингэж сүр дуулиан болгосноор уналттай байгаа дотоодын эдийн засагт нөлөөллөөд байна” гэдэг байр суурьтай байгаа.

Түүнчлэн татвараа нуун дарагдуулсан хэсэг нөхөд нь өршөөлөөр гэм зэмгүй болчихлоо гэж үзэхэд шударгаар татвараа төлсөн нөхөд хэрхэх тухай заалт хуулинд байхгүй нь тэдгээр бизнес эрхлэгчдийг ундууцлийг хүргээд байгаа юм. Ямартай ч УИХ-ын даргын баталсан Хаврын чуулганы хэлэлцэх хуулиудын нэрсэн байхгүй ч гэнэтхэн жагсаалтаар ороод ирэхийг үгүйсгэхгүй юм. Харж л байя.