Тэтгэврийн даатгалын санг бодит мөнгөн хуримтлалтай болгох шаардлага байна
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.04.02

Тэтгэврийн даатгалын санг бодит мөнгөн хуримтлалтай болгох шаардлага байна

УИХ-ын намрын чуулганаар батлагдсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон нийгмийн хамгааллын салбарт хийхээр төлөвлөж буй ажлын талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэн батлагдлаа. Уг хуульд ямар гол гол өөрчлөлт орсон талаар ярилцлагаа эхэлье?

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг анх гурван жилийн өмнө санаачилж, боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь тодорхойгүй шалтгаанаар нэлээд удаан хугацаанд явсны эцэст намрын чуулганаар батлагдлаа. Энэ хууль батлагдсан нь эрүүл мэндийн салбарт тогтолцооны маш том өөрчлөлт оруулах эрхзүйг үндсийг тавьсан гэж харж байна.

-Эрүүл мэндийн салбарын эмчилгээ, үйлчилгээ сайжрахгүй байна. Эрүүл мэндийн даатгалын үр өгөөжийг хүртэж чадахгүй байна гэх мэтээр даатгалтай холбоотой гомдол, санал байнга гардаг?

Энэ бүх асуудлыг шийдэх эрхзүйн зохицуулалт болсон гэж үзэж байгаа. Би энэ чиглэлээр 10-аад жил ажилласан хүний хувьд эрүүл мэндийн даатгалын үр өгөөж ямар түвшинд байх ёстой, даатгуулагч юу хүсэж байгааг мэдэж байсан. Тийм учраас энэ чиглэлээр эрхзүйн зохицуулалт хийхийг зорьсон хэрэг. Энэ хууль даатгуулагчдын сэтгэл ханамжийн баталгааг бий болгоход маш том түлхэц болно гэж итгэж байгаа.

Хуучин бол даатгуулагч зөвхөн оноосон нэг эмнэлэг, эмчид үзүүлдэг байсан. Тэгвэл одоо үзүүлэх эмнэлгээ даатгуулагч өөрөө сонгох эрхтэй болж байна. Энэ бол маш том өөрчлөлтийн алхам, зах зээлийн хамгийн чухал зарчим юм.

-Энэ хууль хэрэгжиж эхэлснээр зарчмын ямар томоохон өөрчлөлт орж байна вэ? 

Хуучин бол даатгуулагч зөвхөн оноосон нэг эмнэлэг, эмчид үзүүлдэг байсан. Өөр эмчид үзүүлье гэхэд зөвшөөрдөггүй, заавал 13А маягт авчрах хэрэгтэй гэх мэтээр чирэгдэл ихтэй байлаа. Тэгвэл одоо үзүүлэх эмнэлгээ даатгуулагч өөрөө сонгох эрхтэй болж байна. Энэ бол маш том өөрчлөлтийн алхам, зах зээлийн хамгийн чухал зарчим юм.

Хоёрдугаарт, тухайн даатгуулагч өөрөө эрүүл мэндийн даатгалаас сангийн санхүүжилтийг хэн, юунд зарцуулж байгааг ер мэддэггүй байсан. Тэгвэл даатгуулагч өөрөө санхүүжилтэд хяналт тавих эрхзүйн боломж бүрдсэн.

Гуравдугаарт, эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагад тодорхой хэмжээгээр үнэлэлт дүгнэлт өгөх, үйлчилгээний чанараар нь асуудлыг шийдэх боломж байгаа.

Тухайн даатгуулагчид эмнэлгийн үйлчилгээ таалагдаагүй бол дараа нь тэр эмнэлгээр үйлчлүүлэхгүй, өөр эмнэлэг сонгон үйлчлүүлэх эрхтэй. Энэ нь даатгуулагчийн тухайн эмнэлэгт өгсөн дүгнэлтийнхээ хүрээнд арга хэмжээ авч буй хэлбэр. Бас нэг томоохон өөрчлөлт бол Эрүүл мэндийн даатгалын хууль хэрэгжсэнээр даатгуулагч иргэн бүр цахим карттай болно.

Цахим карт нь нэгдүгээрт тухай даатгуулагчийн өвчний түүхийг бүрэн агуулна. Бүх даатгуулагчийн өвчний мэдээлэл нэгдсэн файлд орно. Даатгуулагч өөрийн пин кодтой байх бөгөөд энэ нь файл руу нэвтрэх түлхүүр болж өгнө. Иргэд өвчний түүх гээд боть ном шиг зузаан карт тэврээд явдаг. Картаа гээчихвэл өвчний түүх тэр чигтээ алга болдог. Цахим хэлбэрт шилжсэнээр өвчний түүх, эмчилгээний тэмдэглэлүүд алга болохгүй.

Цахим карт руу хэн дуртай нь нэвтрэхгүй, даатгуулагч өөрийн нууц кодыг оруулж нэвтэрнэ. Цахим өвчний түүхэд тухайн эмчлэгч эмч үзсэн бол тэмдэглэлээ оруулаад л явна. Хүн эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхэлсэн түүх файлд хадгалагдах юм. Картын бас нэг том ач холбогдол нь төлбөрийн мэдээллийн хэрэгсэл болно.

Эмнэлгээс үйлчилгээ авсны дараа цахим карт уншигч машинд картаа уншуулахад, өвчтөний эмчилгээ үйлчилгээ авсан тухай мэдээлэл Эрүүл мэндийн даатгалын мониторингийн газарт очно. Мониторингийн газар мэдээллийг хянаж үзээд, хууль дүрэм зөрчөөгүй бол ОК гэсэн командыг Эрүүл мэндийн даатгалын сан руу өгнө. Сангаас эмчилгээ үзүүлсэн эмнэлгийн данс руу үйлчилгээний төлбөрийг шилжүүлнэ. Энэ маш том давуу боломж.

-Одоо Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг хэрхэн олгож байна вэ? 

Эрүүл мэндийн даатгалын сан болон Улсын төсвөөс ч тэр эмнэлгүүдийн санхүүжилтийг жилдээ төчнөөн хүнд үйлчилгээ үзүүлнэ гэж баримжаагаар шилжүүлдэг. Гэтэл тэр мөнгө иргэн Дорж, Батаагийн эмчилгээний төлбөр гэдгийг эмч нар ер ойлгодоггүй.

Хуучин тогтолцоогоор төсвөөс орж буй мөнгө шиг л хүлээж авдаг. Тиймээс эмнэлгийнхэн үйлчлүүлэгчээ хүндлэх тухай ойлголтгүй. Харин ийм шинэ үйлчилгээнд шилжсэнээр аль эмнэлэг, эмчид үзүүлэх нь даатгуулагчийн үзэмжийн асуудал болно.

Ингээд ирэхэд эмнэлгүүд, эмч нарын дунд өрсөлдөөн бий болно. Хэн илүү найрсгаар хүлээн авч, шуурхай үйлчилнэ тэр газарт олон үйлчлүүлэгч хандана, тэр хэмжээгээр санхүүжилт нэмэгдэнэ. Эмчилгээ үйлчилгээний чанар ийм зүйл дээр л өөрчлөгддөг. Эмнэлгүүд орчин, эмчилгээ үйлчилгээ, эмч сувилагчдынхаа чадварыг дээшлүүлнэ.

Сайн эмч, сувилагчдаа тогтвортой ажиллуулахын тулд цалин, нийгмийн хангамжийг нь сайжруулна. Ингээд ирэхэд зах зээлийн зүй ёсны тогтолцоо руу шилжинэ. Тогтолцоог өөрчилж байж эрүүл мэндийн салбарт маш том дэвшил авчирна гэдгийг харсан учир энэ хуулийг санаачилсан юм.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй даатгуулагчийн үйлчилгээний төлбөр нь эмнэлгүүд өрсөлдөх чадвартай байх хэмжээний санхүүжилт болж чадах уу? 

Хэн олон даатгуулагчид үйлчилгээ үзүүлж, даатгуулагчийг татаж чадна тэр эмнэлэг л хөгжинэ. Харин чадаагүй нь зах зээлийн хуулиараа дампуурна. Нэг худалдан авалтын тогтолцоонд шилжээд ирэхэд төрөөс эрүүл мэндийн даатгалын зардлыг нь хариуцаж байгаа тэтгэврийнхэн, хүүхдүүд, цэргийнхэн зэрэг хүмүүсийн санхүүжилт мөн л тэр зарчмаар эмнэлэгт очно.

Даатгалын зарчмаар санхүүждэг тогтолцоонд шилжихэд эмнэлэг, эмнэлгийн байгууллагууд өөрсдөө цалингаа тогтоодог болно. Тоног төхөөрөмж, орчны тохижилт, засвар, тэр бүх зардлаа өөрсдөө хариуцна. Тэгэхээр сайн эмч, сувилагчаа авч үлдэхийн тулд цалинг нь нэмнэ. 5, 10 сая төгрөгөөр цалинжуулсан ч буруутгахгүй. 

Ер нь төсөв, даатгалаас эмнэлэгт очиж байгаа бүх санхүүжилтийг нэг  худалдан авалтын тогтолцоонд шилжүүлнэ. Тэгэхээр эмнэлгүүд сайн чанартай эмчилгээ, үйлчилгээ гаргадаг л байгууллага болно. Тэр бүтээгдэхүүн хэдий сайн чанартай, борлуулалт сайтай байна тэр хэрээр санхүүжилт авна. Энэ нь шударга, зах зээлийн зарчим. Сайн талх үйлдвэрлэвэл төдий чинээ сайн борлогдоно, бизнес нь өргөжнө. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ мөн үүнтэй адил.

-Өнөөдөр манай эмнэлгүүд үйлчлүүлэгч олноор ирэх тусам бухимдалтай, таагүй хүлээж авдаг?

Аргагүй шүү дээ, бүх санхүүжилтээ урьдчилаад авчихсан юм чинь. Улсын эмнэлгүүд одоо төлбөртэй үйлчилгээ рүү л хошуурч байна. Эмч нар үдээс өмнө улсын эмнэлэгт ажилласан болоод л үдээс хойш өөрийнхөө эсвэл найзынхаа хувийн эмнэлэгт очоод суучихдаг.

-Цахим картыг хэзээнээс хэрэглээнд нэвтрүүлэх вэ? 

Долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж эхлэхэд цахим картыг хэвлэх асуудал яригдана. Карт хэвлэх төсөв нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарах байх. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага энэ тал дээр хамтарч ажиллана гэж байгаа. Цахим карттай болоод энэ замд шилжих үйл явц асар их давуу талыг бий болгох юм.

-Эмнэлгийнхэн хоорондоо хуйвалдаж хуурамч өвчний түүх бичиж, даатгалаас мөнгө завшдаг хэрэг гарч байсан. Ийм хууль бус ажиллагааг гаргуулахгүй байх боломж бий юү? 

Одоо боломжгүй болно. Яагаад гэвэл хувь хүн эмнэлэгт үзүүлээд, төлбөрийн шилжүүлгээ өөрөө хийнэ. Цахим карт даатгуулагчид өөрт нь байна. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх байгууллагыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын байгууллага хамтарч  магадлан итгэмжлэл явуулаад, шалгуурт тэнцсэн эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн байгууллагуудад эрх олгох юм. Эрх олгосон байгууллагуудад цахим карт уншигч машин тараана. Даатгуулагч цахим карт уншдаг машинтай магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудаар үйлчлүүлнэ.

-Манай эрүүл мэндийн салбар шатлалын тогтолцоотой. Хүн өвдвөл эхлээд өрх сум, дараа нь аймаг, дүүрэг, гуравдугаарт нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх ёстой. Одоо даатгуулагч эмнэлгээ өөрөө сонгодог болно гэхээр шууд нарийн мэргэжлийн эмнэлэгт хандаж болно гэсэн үг үү? 

Гуравдугаар шатлал буюу нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлгүүдийг сонголтын системд нэвтрүүлэхгүй. Нэг хэсэгтээ одоогийн тогтолцоогоо хадгална. Эхний ээлжинд амбулаторийн болон анхан, хоёрдугаар шатны эмнэлгүүдийг сонголтын системд шилжүүлнэ. Гэхдээ гуравдугаар шатлалын эмнэлэгт картын үйлчилгээгээ үзүүлнэ.

-Эрүүл мэндийн даатгалын санд хэдий хэрийн хуримтлал үүсдэг вэ? 

Иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдалт 99 хувь. Ахмадууд, хүүхдүүд, цэрэг, цагдаагийнхан зэрэг төрөөс даатгалыг нь хариуцдаг хэсэг дийлэнх нь. Эрүүл мэндийн даатгалд 2014 оны эцсийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгээр давхардсан тоогоор 4.4 сая орчим даатгуулагч үйлчлүүлсэн.

Хэвтэж болон өдрөөр эмчлүүлсэн, амбулаторийн болон оношлогоо шинжилгээ хийлгэсэн, хөнгөвчлөх үйлчилгээ, нөхөн сэргээх буюу рашаан сувиллын үйлчилгээ, уламжлалт эмчилгээ, хөнгөлөлттэй үнээр эм авсан даатгуулагчдын үйлчилгээний төлбөрт 174.7 тэрбум төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон.

Даатгалын зарчмаар санхүүждэг тогтолцоонд шилжихэд эмнэлэг, эмнэлгийн байгууллагууд өөрсдөө цалингаа тогтоодог болно. Тоног төхөөрөмж, орчны тохижилт, засвар, тэр бүх зардлаа өөрсдөө хариуцна. Тэгэхээр сайн эмч, сувилагчаа авч үлдэхийн тулд цалинг нь нэмнэ. 5, 10 сая төгрөгөөр цалинжуулсан ч буруутгахгүй. Сайн эмчид хэдэн мянган хүн үйлчлүүлнэ, муу эмч үйлчлүүлэгчгүй болно.

-Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд тэтгэвэр тогтоох насыг уртасгах тухай яригдаж байна? 

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг  УИХ-д өргөн барина. Тэтгэврийн тогтолцоог яаж оновчтой болгох вэ гэсэн хүрээнд гол анхаарлаа хандуулж байна. Түүн дотроо тэтгэврийн насны хязгаарт өөрчлөлт оруулах санал явж байгаа. Жишээлбэл, 2017 он гэхэд эрэгтэйчүүдийн тэтгэврийн насны дээд хэмжээг 62, эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 58 болгоё гэж төсөлд тусгасан.  

Яваандаа Тэтгэврийн даатгалын санг бие даалгах, Тэтгэврийн даатгалын санг бодит мөнгөн хуримтлалтай болгох маш олон шаардлага байна.

Хүн амын дундаж наслалт эрс өндөр болсон. Монголчуудын дундаж наслалт 67.5 байна. Эмэгтэйчүүдийнх 70 хүрсэн. Өнөөдөр 55 настай эмэгтэй хүн тэтгэвэрт гарахад эрт байна. 60 настай эрэгтэй хүн хөдөлмөрийн чадвар өндөртэй байна. Гэхдээ тэтгэврийн насыг огцом 5-6 жилээр биш, аажим бага багаар нэмэгдүүлэх чиглэл барина. Хэрэв тэгэх бол өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийж байж шийдэх бодолтой байгаа.

-Ажил хийж буй хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэл хуримтлагдаж байгаа юу? 

Төрөөс даатгалыг нь хариуцдаг нэг хэсэг байна. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийг тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг төр бүрэн хариуцдаг. Өнөөдөр төлж байгаа иргэдийн шимтгэлээр тэтгэвэр тавьж байгаа. Тэгээд л хуримтлал үүсэхгүй байгаа юм. Хуримтлалыг яаж үүсгэх вэ гэхээр нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх зорилгоор Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн хаврын чуулганд эхлэхээс өмнө энэ асуудлыг Засгийн газарт оруулах төлөвлөгөөтэй байгаа.

Ер нь бол Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт цалингийн 21 хувийг суутгаж байгаа. Энэ мөнгө Нийгмийн даатгалын таван санд хуваагдаж ордог. Тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн даатгалын, үйлдвэрлэлийн даатгалын сан, ажилгүйдлийн санд хуваагдаж байна. Тус тусын чиглэлээр даатгуулагчид ямар нэг эрсдэл учирвал даатгалын сангаас тэтгэмж олгоно.

Жишээ нь, ажлаас гэнэт халагдвал ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Ганцхан тэтгэврийн даатгалын урт хугацаатай. Тухайн хүн тэтгэвэрт гарсны дараа тэндээсээ тэтгэвэр тогтоолгодог. Тийм ч учраас гадаадын улс орнуудад урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэх хамгийн найдвартай сан бол тэтгэврийн даатгалын сан гэж үздэг. Тэр хуримтлалыг урт хугацааны, хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтын зээлийг санхүүжүүлэх боломжтой байдаг.

-Энэ хуримталыг манай улс яаж өсгөж байна вэ? 

Манайх улс нийгмийн даатгалын сангийн болон тэтгэврийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хоёр хэлбэрээр өсгөж байгаа. Нэгдүгээрт, арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж тэндээс олсон хүүгийн орлогоор өсгөж байгаа. Хоёрдугаарт, төрөөс гаргаж байгаа аливаа үнэт цаас бондыг худалдаж авч, түүний хүүгээр мөнгийг өсгөх хоёрхон хуулийн заалттай. Түүнээс хөрөнгө оруулалт хийх, ямар нэг үнэт цаас худалдаж авах боломж байхгүй.

-Даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг өсгөх, үр өгөөжийг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ. Энэ чиглэлээр холбогдох албаныхан судалж байгаа гэж дуулсан? 

Яваандаа Тэтгэврийн даатгалын санг бие даалгах, Тэтгэврийн даатгалын санг бодит мөнгөн хуримтлалтай болгох маш олон шаардлага байна. Түүний дараа энэ тухай ярьж болно. Бид нэрийн дансны хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах хүсэлтийг төсөлдөө тусгасан. Өөрөөр хэлбэл, 1979 оноос хойш төрсөн иргэдэд нэрийн данснаас тэтгэвэр тогтоох нь зүйтэй юм болов уу гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 1995 онд энэ хууль шинээр хэрэгжиж эхэлсэн.

1979 онд төрсөн хүүхэд 1995 онд 16 нас хүрсэн. Эрхзүйн чадамжтай болж иргэний үнэмлэхээ авна, даатгуулагч болох боломжтой. Харин 1960 оноос өмнө төрсөн гэж иргэнд нэрийн данснаас бодож тэтгэвэр өгнө гэвэл нэгдүгээрт, одоогийн тогтолцоогоор бодохоос бага тэтгэвэр тогтоогдоно. Тэгэхээр даатгуулагчид хохиролтой. Хоёрдугаарт, Даатгалын санд бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй байна. Гуравдугаарт, ийм нөхцөлд бид даатгуулагчийнхаа эрхийг хүндэтгэж тухайн иргэн өөрөө нэрийн данснаасаа тэтгэврээ бодуулъя гэвэл бодож болно. Эсвэл өнөөгийн үйлчилж буй тогтолцоогоор тэтгэврээ бодуулна гэвэл сонгож болно.

-Тэтгэврийн даатгалын санд мөнгөн хуримтлал байгаа юу? 

Ямар мөнгө байх вэ. Бид чинь эв санааны нэгдлийн зарчмаар явж байгаа шүү дээ. Ер нь бол таван сангийн нийлбэрээр сангийн чөлөөт үлдэгдэл гэж тухайн жилдээ тодорхой хэмжээний мөнгө үлддэг. Тэр мөнгийг дээр хэлснээр хуулийн дагуу тодорхой хүүтэйгээр арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулдаг. Тухайн банкны активын 25 хувиас хэтрүүлэхгүйгээр байршуулдаг. Яагаад гэвэл аливаа эрсдэл учирсан тохиолдол мөнгөө гаргуулж авах боломжийг тооцож буй хэрэг.

-Хөрөнгөжүүлэхийн тулд чухам ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? 

Засгийн газар дотоод зориулалтаар янз бүрийн бонд, үнэт цаас гаргах, түүнийг нь Монголбанк худалдаж аваад, худалдаж авсан орлогоор орж ирсэн мөнгийг Засгийн газар өөрийнхөө Нийгмийн даатгалын санд төлөх ёстой мөнгөндөө суутгаж байршуулна. Нийгмийн даатгалын сангаас харин тэр мөнгийг тодорхой хүүтэйгээр арилжааны банкуудад гаргаж, банкууд тэр мөнгөөр урт хугацааны ипотекийн зээл болгож, эдийн засгийн үр ашигтай эргэлтэд оруулбал нийгмийн даатгалын сан ч мөнгөжинэ, арилжааны банкуудын санхүүгийн орчин ч сайжирна.

Бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэнэ. Иргэд ч зээл авах, орон сууцтай болох боломж нь нэмэгдэнэ. Аль ч улс оронд нийгэм эрүүл байх гол үндэс суурь нь эдийн засгийн буюу мөнгөний эргэлт. Мөнгөний эргэлт хэдий чинээ сайн байна, төдийчинээ эдийн засаг эрүүл байна.