“Олон улсын эмч нарын өдөр” тохиож байна
“Олон улсын эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах ариун үйлст эх орныхоо өнцөг булан бүрт эрдэм мэдлэг, хүч чадлаа харамгүй зориулан ажиллаж байгаа болон гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа үе үеийн эмч нар, тэдний найдвартай ар тал болох гэр бүлийн гишүүд та бүхэнд Эрүүл мэнд, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Өнөөдөр манай улс 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан түүхэн үйл явдлын зэрэгцээ хүн амын дундаж наслалт 69 болж, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах Мянганы хөгжлийн зорилтоо бүрэн хангасан ололт, амжилтаар дүүрэн байгаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтний маань нөр их* хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон хэлэхэд таатай байна.
Цаашид бид ололт амжилтаа бататган, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүртээмжтэй хүргэж мянга, мянган хүнд эрүүл, энх амьдралыг бэлэглэх үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.
Орчин үеийн анагаах ухааны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн өөрийн авьяас билэг, эрдэм чадлаа зориулж сэтгэл зүрхээ гарган ажиллаж байгаа эмч нарынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник технологийг эрүүл мэндийн салбарт өргөнөөр нэвтрүүлэхэд Төр, засгийн зүгээс анхаарал тавин ажиллаж байгаа бөгөөд, үүнд та бүхний оролцоо, дэмжлэг ихээхэн чухал гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Хорвоод мэндэлсэн анхны өдрөөс тань эхлэн өөрийн зүрх сэтгэл, авьяас чадлаа дайчлан цаг наргүй ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж ард олондоо эрүүл энхийг бэлэглэж байдаг ЭМЧ нар, тэдэнтэй мөр зэрэгцэн ажилладаг эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралын баяр баясгалан эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн зэрэгцээ чин сэтгэлийн талархлын үгээ харамгүй хэлж байхыг иргэд Та бүхэндээ уриалж байна.
Монгол улсын Засгийн газрын гишүүн,
Эрүүл мэнд, спортын Сайд Г. Шийлэгдамба