Зарим чиглэлийн авто замын концессын гэрээг байгуулав
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар зарим чиглэлийн авто замыг концессын гэрээгээр барих шийдвэр гаргаж гэрээ байгуулах эрхийг Аж үйлдвэрийн яаманд олгосон билээ.
Үүний дагуу авто замын төслүүдийн концессын гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.
Энэ удаад Алтай-Дарви чиглэлийн 165, Дашинчилэн- Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112.7, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км авто замын төслүүдийн концессын гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү төслүүдийн концессын гэрээг байгуулснаар гадаадын хөрөнгө оруулагчдаас 619 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Монгол Улсад орж- ирнэ гэж тооцжээ. Хөрөнгө оруулагч нь амаа ашиглалтад хүлээлгэн өгснөөсөө хойш 4-6 жилийн хугацаанд Засгийн газраас хөрөнгө оруулалтаа нөхөж авах юм байна.
Мөн концессын гэрээнд авто замын нийт барилгын ажлын гуравны нэгээс доошгүй хувийг үндэсний аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхээр заажээ. Энэ нь ажлын байр шинээр нэмэгдэх, үндэсний авто замын гүйцэтгэгч болон барилгын материал нийлүүлэгч компаниудыг дэмжиж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
Дараагийн удаад Баянхонгор- Алтай чиглэлийн 129.4, Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167, босоо тэнхлэгийн төв замаас Сэлэнгэ аймгийн Мандал сум чиглэлийн 15.8 км замын концессын гэрээг байгуулах ажээ.