Хилийн боомт нээх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодын тогтоолоор Говь-Алтай аймгийн Таяннуурын төмрийн хүдрийн, Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний, Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний ордууд, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Хөх эргийн чиглэлээр ОХУ-тай хиллэдэг хэсэгт хилийн боомт нээх асуудлыг судлах, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймагт байрлах хилийн хороод, зэвсэгт хүчний анги, салбаруудын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Жекей, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, Ж.Энхбаяр нар багтжээ.
Шалгалтын дүнг 2009 оны 11 дүгээр сарын 05-ны Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна.