ХК-аас ХХК руу их нүүдэл айсуй
475 компаниас одоо СЗХ-д бүртгэлтэй 330 орчим компани байдаг. Үүнээс хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нь 260 компани байгаа.
2015.03.09

ХК-аас ХХК руу их нүүдэл айсуй

Одоогоос 25 жилийн өмнө. Төрийн өмчийг хувьчлах ажил эхлэж нийт 475 төрийн өмчит аж ахуйн нэгжийг Хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж иргэдэд хувьцааг олгож эхэлсэн бөгөөд уг үйл явц 1995 он хүртэл үргэлжилсэн.

1995 оноос зах зээлийн шинэ үе шат буюу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэснээр өмнө нь буюу анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцаа худалдаж авсан этгээдүүд буцаагаад хувьцаагаа бэлэн мөнгө болгох буюу зарах боломж нээгдсэн.

Энэ үеэс иргэдээс хувьцааг худалдан авах замаар компанийн хяналтын багцыг эзэмших буюу хувьцаа, төвлөрөх процесс эхлэж 1998-1999 оны үед маш идэвхтэй явагдсан.

Ингэж хувьцааны хэт төвлөрөл үүсэх болсон шатгаан манай биржийн үүсгэн байгуулагдсан зорилго буюу Төрийн өмчийг хувьчлах замаар ХК бий болж байсантай холбоотой.

Учир нь эдгээр компаниуд мань анхнаасаа хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулалт татаагүй бөгөөд харин хэдийнэ үйл ажиллагаа явуулж байсан төрийн өмчийн бэлэн орон байр, техник тоног төхөөрөмж бүхий аж ахуйн нэгжүүд.

Гэтэл одоо тэдгээр компаниуд биржийн бүртгэлээс хасагдах процесс ажиглагдаад байгааг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд хэлэх боллоо.

Хөгжил боомилогчид

Нөгөө 475 компаниас одоо СЗХ-д бүртгэлтэй 330 орчим компани байдаг бөгөөд хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нь 260 компани байгаа.

Тэд ХК гэсэн нэртэй ч, хувьцаа нь цөөн хэдэн хүний гарт хөдлөхгүй төвлөрсөн бөгөөд тэд хэзээ ч бусад оролцогчдод боломж олгож, хувьцаагаа зардаггүй, нэмж гаргадаггүй.

Тиймээс хөрөнгийн бирж сүүлийн жилүүдэд хатуу шаардлага тавихаар болж, засаглалыг хэрэгжүүлэх болон хувьцаа гаргахыг шаардахад тэд ХК-аас ХХК  руу шилжих явц ажиглагдаж эхлэв.

Тэд массыг мал байхад цэнхэр ягаан тасалбарыг маш хямдаар авч, сийрүү бөндгөрийнхөө ачаар хөрөнгийг гартаа атгасан. Тэдний хөлдөлтийн байдал гаргаж, арилжаа хийхгүй байснаар Монголын

Өнөөгийн биржийн гол асуудал бол хөрөнгийн зах зээлээ сайжруулья, өсгөе гэж байгаа бол хөрвөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

хөрөнгийн биржийн өсөлт царцаж, үнэт цаасны зах зээлийн хөрвөх чадварын түвшин суларсан. Энэ нь эргээд зах зээлд гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж, эрэлтийн шокыг давхар бий болгож байна.

Энэ нь нэгдүгээрт, хөрөнгө оруулагч талдаа өмч хувьчлалын сөрөг үр дагавраар бүртгэлтэй компанийн хувьцааны төвлөрөл хэт өндөр болсон, 2010-2011 онуудад иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэгүй хуваарилсанаар иргэд дансаа идэвхитэй нээлгэн, өөрийн нэр дээрх хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр авсан хувьцааг борлуулсанаар томоохон хувьцаа эзэмшигчид хувьцааг улам төвлөрүүлэн авсан.

 Хоёрдугаарт, хувьцаат компани байхад аливаа мэдрэгдэхүйц давуу тал байхгүй байгаагаас шинэ бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалтгүй, зах зээлийг идэвхжүүлэгчийн үйл ажиллагаа төлөвшөөгүй, үнэт цаасыг зээлээр арилжаанд оруулах нөхцөл үүсээгүй гэх мэт олон салбар хамарсан шалтгаанаас хамааралтай байна.

Одоо хөрөнгийн бирж дээр хувьцааны төвлөрөл нь 75 хувь буюу түүнээс дээш болсон 193 компани байгаа бөгөөд эдгээр компаниудын үнэт цаасны арилжаа хийгдэхгүй гэдэг нь үндсэндээ тодорхой болчихсон.

 Дэлхийн банкнаас улс орнуудын хөрөнгийн зах зээл дээр тухайн жилд арилжаалагдсан нийт үнэт цаасны үнийн дүнг тухайн жилийн зах зээлийн үнэлгээнд харьцуулсан харьцаагаар хөрвөх чадварын үзүүлэлтийг гаргадаг.

Энэ үзүүлэлтээр үзэхэд манайх 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1 хувь ч хүрэхгүй гарсан байх юм. Өнөөгийн биржийн гол асуудал хөрөнгийн зах зээлээ сайжруулъя, өсгөе гэвэл хөрвөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Үүний тулд нөгөө хөлдүү 193 компанийн хувьцааны төвлөрлийг багасгах ёстой. Тэдэнд сонголт бий.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй байх бол нийт хувьцааны 25-аас дээш хувь нь арилжаанд оролцох буюу нэгдмэл сонирхолтой, томоохон багц эзэмшигчдийн хувьцаа эзэмшлийн хувийг 75 хувиас бага байлгах ёстой.

Өөрөөр хэлбэл хувьцааны төвлөрлөө бууруулж жижиг хувьцаа эзэмшигчдэд тухайн хувьцааг чөлөөтэй худалдан авах, худалдах боломжийг олгох ёстой гэсэн үг.

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 24 жилийг тохиолдуулан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монголын хөрөнгийн биржийн 4896 дахь удаагийн арилжааг нээн “Цан” цохиж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Ийм шаардлага тавиад эхэлбэл өндөр төвлөрөлтэй байгаа компаниуд нэг бол биржийн бүртгэлээс хасагдаж өөр компанийн хэлбэрт буюу ХХК эсвэл хаалттай ХК шилжих, эсвэл нэмж хувьцаа гаргах юм уу томоохон багц эзэмшигчид нь одоо эзэмшиж буй хувьцаагаа зарах замаар 25 хувиас илүү гаргана гэсэн үг.

Өнөөдрийн хувьд тэдгээр компаниудын ихэнхи нь ХХК болох чиглэл рүү явах хандлага ажиглагдаад байна.

Уг нь ХХК болохгүйгээр, жинхэнэ утгаараа ХК болж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлээд ажиллавал компанийн нэр хүнд, нэмэгдэж хөрөнгө оруулалт татах чадвар сайжирна. Гэтэл барын сүүл болсноос бтганы толгой явсан нь дээр гэдэг хандлага манайд хүчтэй оршсоор байх юм.

Одоо хөрөнгийн биржийн үзүүлэлтийг ганц авч яваа хэдхэн компани байдаг бөгөөд тэд 2005 оноос хойш байгуулагдсан юм.

Ер нь хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй топ 30 компанийг аваад үзэхэд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 87 хувийг, арилжааны 97-98 хувийг бүрдүүлж байгаа юм. Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны тайланг үзэхэд, өдөрт дунджаар 101.6 сая төгрөгийн гүйлгээ хийж, 236.2 мянган ширхэг хувьцаа арилжсан байна. Идэвхитэй арилжигдсан 30 үнэт цаасны тоо ширхэг нь нийт арилжигдсан ширхэгийн 99.22 хувь, үнийн дүнгийн 94.89 хувийг тус тус эзэлж байна.

МХБ-ийн 3 сарын 10-ны арилжааны мэдээ.  "II", "III" ангилалд нийт 34 хувьцаат компанийн 6,870 ширхэг хувьцаа, багцын арилжаагаар 1 компанийн 23,975 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 81,526,646.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр MSE ALL индекс 978.52 нэгж болсон нь өмнөх өдрөөс 0.93%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд 123 компанийн үнэт цаас арилжигдсанаас өмнөх оны мөн үетэй харьцуулахад 74 компанийн үнэт цаасны ханш өсч, 38 компанийн үнэт цаасны ханш буурч, 11 компанийн үнэт цаасны ханш тогтмол байв. Ногдол ашиг, тараалтын хувьд 2014 оны эхний хагас жилийн байдлаар 17 хувьцаат компани 10.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдвэрлээд байна.  

Үнэт цаасны арилжааны гүйлгээгээр “БиДиСек” ХК, “Тулгат чандмань баян” ХХК, “Стандарт инвестмент” ХХК, “Дэлгэрхангай секюритиз” ХХК, “Булган брокер” ХХК зэрэг компаниуд хамгийн их арилжааг хийсэн байна.

Бусад 200 шахам хувьцаат компаниуд таг чиг, мөстлөгийн үедээ амьдарсаар.

Хэрвээ сайн зүйл болоод хувьцаат компаниуд хувьцаагаа арилжаанд идэвхтэй оролцуулаад эхэлэв биржийн хөрвөх чадвар сайжирна. Хамгийн гол нь үйлдвэрлэгч, бизнесийнхэнд санхүүгийн хямд эх үүсвэрийг татаж, хөрөнгө оруулалт босгох боломж бүрдэнэ.