Мэндчилгээ
“Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” олон улсын өдрийн мэндчилгээ
Улс эх орныхоо хөгжлийн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүч, амьдралаа зориулж буй Эрхэм хүндэт ээжүүд, Монголын мянга мянган эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүд Та бүхэндээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын хамт олны зүгээс болон хувиасаа "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” Олон улсын өдрийн халуун мэндийг хүргэж аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхниийг хүсэн ерөөе.
Манай улсын нийт хүн амын 51,7%, хөдөлмөрийн насны хүн амын 50,4%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн дээд боловсрол эзэмшигчдийн 64%, боловсролын салбарт ажиллагсдын 71,3%, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувь, мэргэжлийн болон техникийн албанд ажиллагсдын 58 хувь, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 82 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ бүхнээс харахад эмэгтэйчүүд бол улс эх орны өнөөгийн хөгжлийг цогцлуулахад үнэтэй хувь нэмэр оруулагч төдийгүй монгол хүний, монгол гэр бүлийн, монгол улсын хөгжил дэвшилд шийдвэрлэх үүрэг, оролцоотой эрхэм хүмүүс билээ.
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч, Германы нэрт улс төрч Клара Цеткин Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 3 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий ассемблейгээс дэмжиж тус өдрийг “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг зарлан тунхагласан тэр цагаас хойш 104 жилийн туршид дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн түүхтэй.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн Газар, НҮБ болон олон улсын бусад байгууллага, дэлхийн болон үндэсний эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд эмэгтэйчүүдийн хүний эрхийг баталгаажуулах, тэдний улс төр, нийгэм, эдийн засгийн тэгш эрх, тэгш оролцоог хангах асуудлыг өргөнөөр хэлэлцэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг нэгтгэн, шинэ эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг.
Монгол Улсын төрөөс эмэгтэйчүүдийн эрхийг хангах, тэднийг хөгжүүлэх асуудлаар тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд 2002 онд Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, 2012 онд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль, 2013 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Засгийн газрын дунд хугацааны стратегийг (2013-2016) тус тус батлан хэрэгжүүлж байна. Эдгээр хууль, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар эмэгтэйчүүдийн төдийгүй, олон мянган охид, хүүхдийн эрх хамгаалагдаж байгаа юм.
Улсын Их Хуралд та бүхний итгэлийг хүлээн сонгогдсон 11 эмэгтэй гишүүд нам үл харгалзан нэгдэж, "УИХ дахь Эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг"-ийг байгуулан хууль тогтоох түвшинд эрх мэдлийн цөөнх болдог эмэгтэйчүүдийн төлөөлөл болон УИХ-аас гарч буй аливаа шийдвэрт эмэгтэй хүний хэрэгцээ, туршлага, мэдрэмжийг тусгуулахыг зорьж ажиллаж байгааг дурьдах нь зүйтэй. Эмэгтэйчүүдийн нийгмийн хариуцлага өндөрсөж, төр улсдаа хариуцлагатай алба хашиж байгаад би хувьдаа таатай байна.
Мөн 2014 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо болж өнгөрсөн Эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн "Бээжин +20" бага хуралд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцож дуу хоолойгоо нэгтгэлээ.
Бид бүхэн Монгол хүнээ хэрхэн хөгжүүлэх, хэрхэн хамгаалах цогц бодлогыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр зорьж, гэр бүлийн хөгжилд суурилсан хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогыг эдийн засгийн өсөлттэй уялдуулж иргэнд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн дээр ахмад настан, гэр бүл, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүдийн дуу хоолой, үнэтэй саналыг сонсохоор үндэсний чуулган, зөвлөгөөнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрхийг хамгаалах, дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж байгаа энэ бүх хүчин чармайлт нь Монголын хүүхэд, өрх гэр бүл, хүн бүрт нийгмийн хөрөнгө оруулалт болж эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.
Айл өрх, улс орны гэрэл, гэгээ болсон эмэгтэйчүүд, эхчүүд та бүхэндээ хөгжил дэвшил, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд
С.Эрдэнэ