Казинотой Монгол
Хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын жагсаалтаас олны анхаарлыг татаж буй хуулийн нэг нь “Казиногийн тухай хууль”.
Тэртээ 1999 онд хүчингүй болгосон уг хуулийг дахин өргөн барьж байгаа нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн гэж хууль санаачлагчид үзэж байгаа. Анх 1998 оны нэг сард УИХ-ын гишүүдийн 85 хувийн дэмжлэгтэйгээр батлагдсан тус хууль жил хүрэхгүйн хугацаанд хүчингүй болж, нэр бүхий гурван гишүүн дээлээ нөмөрснөөр асуудал шийдэгдсэн.
Харин түүний дараагийнх нь 2007 онд өрнөсөн. Учир нь 1998 онд казиногийн хуулийн эсрэг кноп дарж байсан УИХ-ын Ц.Шаравдорж “Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг санаачилан өргөн барив. Гэхдээ ганцаараа биш тухайн үеийн УИХ-ын гишүүд болох А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А. Мурат, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нартай хамтран өргөн барьсан байна.
УИХ-ын гишүүн асан Д.Шаравдорж нарын гишүүд 2007 онд өргөн барьж байсан.
Гэтэл тэднийг “Морин нуур” төслийнхөн лообийдсон гэсэн хардлага дагасан юм. Тиймдээ ч УИХ дахь АН-ын зөвлөл яаралтай, бас халуухан хуралдаж, казиногийн асуудалд “хутгалдсан” таван гишүүнээ хуулийн төслөөс нэрээ татахыг үүрэгдэв. Тухайн үед АН-ын зөвлөлийн дэд дарга байсан С Ламбаа “Уг хуулийг “Морин нуур” төслийн лообий гэж хардаж байна. Тиймээс АН-ынхан үүнд оролцохгүй” хэмээн шулуухан мэдэгдэж байсан юм. Ц.Шаравдорж тэргүүтэй МАХН-ынхан “Лообий биш” гэж тайлбарласан ч төсөл санаачилсан олонх гишүүн нэрээ татсан тул төлөвлөгөө нь нурсан юм.
Түүний дараагийнх 2009 онд хуучин Хан-Уул дүүргийн засаг дарга байсан УИХ-ын гишүүн Загдажавын ангийн нөхөдтэйгөө өргөн барьсан “Хязгаарлагдмал казиногийн тухай” хуулийн төсөл. Гурван жилийн өмнөх төсөлтэйгөө яг адилхан байсан нь нэг компанийн лобби яваад байгааг дахин батлах шиг болсон.
Үүнээс үүдээд Д.Загджав гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэх шуугиан дэгдсэн. Учир нь засаг даргаар ажиллаж байхдаа Мөрөөдлийн “Морин нуур”-ын эзэдтэй дүүргээ хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцэж, бүр гарын үсэг зурсан нь лоббинд орсон гэх хардлагыг төрүүлж байлаа. Гэхдээ энэ бас л бүтэлгүйтэв.
УИХ-ын гишүүн асан Д.Загджав
Ийм баялаг түүхтэй Казиногийн тухай хууль дөрөв удаагаа өргөн баригдахаар тэсч ядан хүлээгдэж байна.
Казино байгуулах гэж буй шалтгаан
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг энэ салбараас бүрдүүлэх зорилтыг засгийн газар дэвшүүлээд байгаа юм. Энэ хүрээнд “Казиногийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсныг ЗГ-аас мэдээлсэн.
Хуулийн төсөлд зааснаар хоёр бүсэд байгуулж, хоёр ААН-д зөвшөөрөл өгөгдөхөөр тусгагдсан аж. Энэ хоёр бүс Алтанбулаг болон Замын-үүд хилийн боомтууд байх нь ойлгомжтой. Хэрвээ үүнээс илүүг байгуулвал аялал жуулчлалын даацаа дийлэхгүй байх магадлалтай. Түүнчлэн хуульд тусгаснаар тоглогч нь зөвхөн гадаадын иргэн байх ёстой. Гэхдээ сүүлд хэлэлцэхэд улсад 20 сая төгрөгийн татвар төлсөн Монгол улсын иргэн тоглож болох талаар шуум явсан.
Хуулийг хэрэгжүүлэхэд 35 тэрбум төгрөг байхаар тусгаж, тусгай зөвшөөрлийг 10 жилээр олгоно. Хэрвээ байгуулагдлаа гэхэд 80 ширээтэй, 1500 автомат тоглоомын машинтай казино жилд дунджаар 124.0 сая ам.долларын орлого олно ажлын хэсгийнхэн тооцжээ.
Урьдчилсан байдлаар тооцоход эхний жилдээ 138 орчим тэрбум төгрөг, дараагийн жилээс дунджаар 74 орчим тэрбум төгрөгийн орлогыг татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төсөвт оруулах юм байна. Энэ нь нэг казиногоос олох ашиг бөгөөд хэрэв хоёрыг байгуулна гэж үзвэл орлогын хэмжээ 74.0 тэрбум төгрөгөөс 148.0 тэрбум төгрөг хүртэл нэмэгдэх боломжтой.
Түүнчлэн Какиногийн хуулийн төслийг дагаад нэлээд хэдэн хуулиудад нэмэлт өөрчлөлт болон хүчингүй болгох заалтууд байгаа юм. Үүнд Эрүүгийн тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг багтаад байгаа юм.
Инфографик