Ж.Эрдэнэбат: Зээл авч төсвийн зардлыг санхvvжvvлэх нь хамгийн муу vр дагавартай
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.02.27

Ж.Эрдэнэбат: Зээл авч төсвийн зардлыг санхvvжvvлэх нь хамгийн муу vр дагавартай

Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас дараах асуултад хариулт авлаа. Ойрын үед тун их ажил ихтэй байгаа сайд цагаа байн байн хараад байсан тул илүү дэлгэрэнгүй ярилцах боломж гарсангүй. 

-Та Сангийн сайдын ажлыг хүлээж аваад хоёр сар хагас болж байна. Ямархуу байдалтай Сангийн яам хүлээж авсан бэ? 

Өнгөрсөн 2014 он Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн хувьд хүндхэн жил байсан. Би Сангийн сайдын ажлыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд хүлээж авсан. Түүнээс хойш хоёр сар хагасын хугацаанд нэлээдгүй ажил хийж хэрэгжүүлж, төлөвлөөд явж байна. Товчхондоо улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа. Үүнтэй холбоотойгоор төсөв, санхүүгийн асуудал багагүй төвөгтэй байдлаар хэрэгжиж байгаа учир бүх зүйлийг хуулийн хүрээнд явуулахыг л чухалчлан ажиллаж байна.

Ажил хүлээж авснаасаа хойш батлагдаад сар гаруйхан болж байсан 2015 оны төсвийг УИХ-аар дахин хэлэлцүүлж, тодотголыг нь батлууллаа. Энэ нь улсын төсвийг эдийн засагт үүсчихээд байгаа бодит нөхцөл байдалтайгаа зайлшгүй уялдуулах, бодит нөхцөл байдалд нь буулгаж ирэх зайлшгүй шаардлагаас урган гарсан юм. 

-Төсвийн тодотголоор Засгийн газрын зардал хэмнэхээр оруулж ирсэн олон санал нэлээн их шүүмжлэл дагуулж, заримыг нь буцаан татсан. Мэдээж та бүхний төсөвлөж байсан үр дүнгээс багагүй ухарсан нь тодорхой? 

Ухарсан. Мэдээж урьд нь зүгээр авдаг байсан халамжыг нь бууруулчихаар хэн дуртай байх вэ дээ. Бидний зүгээс нийтдээ 900 орчим тэрбум төгрөгөөр орлого, зарлагыг бууруулж байж эдийн засгийнхаа өнөөдрийн бодит хүчин чадал дээр ойртож ирнэ гэсэн тооцоолол гаргасан байсан.

Байж болох жижиг гэлтгүй хэмнэлтүүдийг нийлүүлж, хамж шимж байж л дээрх 900 орчим тэрбум төгрөгийг тооцоолсон байсан ч УИХ дээр унасан. Ард иргэдийн зүгээс ч багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. 

Ингээд бид бүх нөөц бололцоогоо шавхан судлаад үзтэл нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ тодорхой хэмжээгээр буурч байгаа учир бидэнд татвар ногдуулах бололцоо гарч ирсэн. Тэр боломжоо ашиглаад нийгмийн халамжийн чиглэлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд санхүүжүүлээд явъя гэж л тогтсон.

Гэхдээ хамгийн гол нь бидний өөрсдийн маань бодит нөөц, боломж юу билээ гэдгээ л маш сайн үнэн зөвөөр тооцож, харах хэрэгтэй болчихоод байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын төсвийн нийт зардлын 60 гаруй хувь нь зөвхөн цалин, тэтгэвэр, халамжийн зардалд л яваад өгдөг юм шүү дээ. Байдал ийм байгаа учир төсвөө таная, хасъя гэвэл зайлшгүй эдгээрээсээ л хасахаас өөр аргагүй байдалтай болчихсон.

Тэгээд энэ зардал руугаа орохоо болъё гээд бидний анх төлөвлөсөн 900 тэрбумаар зардлаа бууруулах тооцоо маань 500 тэрбум дээр л тогтсон. Олон улсын валютын сангийнхан бидэнтэй уулзаж, гаргасан зөвлөмждөө

“Та нарын хассан 500 тэрбум бол зардал хэмнэлт огтхон ч биш байна. Дахиад энэ хэмжээгээр зардлаа бууруулж байж Монгол Улсын төсөв бодит нөхцөл байдалдаа ойртож очно шүү” гэж анхааруулж байх жишээтэй. Тэгэхээр Сангийн яамнаас гаргасан анхны 900 тэрбумын зардал хэмнэлт бол бодит байдалд их ойртсон хасалт байсан юм.

-Ер нь төсвийн орлого бүрдүүлэлт сүүлийн жилүүдэд дандаа л нэг их наядаар тасраад яваад байсан гэдэг. Орлого нь нэг их наядаар тасарсан юм чинь зардлаа нэг их наядаар бууруулах нь тодорхой.Энэ зайлшгүй хэмнэлтийг төрийн данхайсан бүтцээс эхлэн хасч, танаж болдоггүй юм уу? 

Бид судалж үзсэн. Гэхдээ эдийн засгийн хүндрэлийн үед ажилгүй иргэдийн тоог нэмэгдүүлэх нь эргээд маш том эрсдэл дагуулдаг. Ингэхээр аль болох цөөхөн орон тоог цомхотгох үүднээс яам, агентлагуудад 15 хувийн цомхотгол хийсэн. Агентлагуудын хувьд хоёр орлогчтой байсныг байхгүй болгосон. Зарим байгууллагуудын гадаад томилолтыг бүр тэглэсэн бол бүх газруудын дотоод томилолтыг 50 хувь бууруулсан.

Дээр нь бүх яамны гадаад томилолтын зардлыг 50-60 хувь буурууллаа. Шатахууны зардлын хувьд Онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагуудаас бусад бүх байгууллагын зардлыг 25-40 хувь бууруулсан нь ер нь л бүх байгууллагууд дээр тэвчиж болох бүх л зардлын зүйл анги дээр хэмнэлт хийсэн гэсэн үг.

Дээр нь Монгол Улсын гадаад өрийн үйлчилгээний зардал гэхэд 12 хувь байгаа юм. Товчхондоо өрийн үйлчилгээний зардалд төсвийн зардлынхаа 12 хувийг зарцуулж байгаа бол нийт хөрөнгө оруулалтад ердөө л долоон хувийг зарцуулж байгаа.

Монгол Улсын төсвийн нийт зардал болох хоёр их наяд төгрөгөө тооцоод үзвэл цалинг 60 хувиар нэмчихвэл зөвхөн цалин, тэтгэвэр тавиад л дуусах мөнгө шүү дээ. Гэтэл төрийн бүх байгууллагуудын бараа, үйлчилгээний зардал нь нийлээд төсвийн зардлын 19.7 хувь нь л байдаг юм. Эндээс харахад төсвийн бүтэц маань ихээхэн алдагдсан нь харагдаж байгаа юм.

Энэ бүхнээс шалтгаалан сүүлийн гурван жил төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасраад явж байгаа. Хэрвээ 2015 онд бас л ийм хэмжээний төсвийн алдагдалтай байвал Засгийн газрын дотоод өрийг нэмэхээс өөр аргагүй болно. Ер нь төсвийн орлого бол татвар, татварын бус орлого, төсвийн алдагдал нөхөх зээл гурваас л бүрддэг зүйл шүү дээ. 

-Оны өмнөхөн ДНБ-д ногдох Монгол Улсын гадаад өр хэдхэн хоногийн дотор суга өсөөд байсан. Энэ нь юутай холбоотой байсан юм бэ? 

Нэг юмыг их сайн ойлгох хэрэгтэй. Улсын гадаад өрөнд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг юм. Тэгээд ч миний хувьд 52, 55, 58 хувь гэсэн гуравхан тоо л хэлсэн. Энэ нь мэдээж ДНБ-д ногдох өрийн хэмжээ л дээ. Хамгийн эхлээд валютын ханш орно. Жишээ нь ам. долларын ханш 100 төгрөгөөр нэмэгдэхэд л манай ДНБ-ний 2.5 хувь болдог юм. Гэтэл Монгол Улсын гадаад өр тодорхой хэмжээнд өндөр байгаатай холбоотойгоор нийт өрийн хэмжээ савладаг.

Хоёрдугаарт улсын төсөв дээр зээл аваад түүгээрээ Хүний хөгжил сангийн мөнгийг олгочихсон байсан. Үүнийг 2014 оны төсвийн тодотголоор оруулж ирээд Хүний хөгжил сан дээр бонд гаргасан байхгүй юу. Ийм учраас бидний хувьд он дамжихдаа өрийн хэмжээ ДНБ-ний 55 хувьтай тэнцүү байсан.

Бид сая төсвийн алдагдлаа бууруулах гэж багагүй хэмжээний таналт хийгээд оруулж ирсэн ч харамсалтай нь УИХ-аас дэмжлэг авч чадаагүй учир Засгийн газрын дотоодын бондыг гаргаж төлөвлөгдсөн зардлаа санхүүжүүлэхээс өөр арга байхгүй.

Гэхдээ зээл авч төсвийн зардлыг санхүүжүүлнэ гэдэг бол хамгийн муу үр дагавартай зүйл л дээ. Манай Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдлыг хоёр хувьд барина гэсэн заалт тухайн үед байсан. Энэ хоёр хувь бол иж бүрэн зохицуулалт яагаад ч биш юм. Тийм ч учраас сая таван хувь болгож батласан. 

Гэхдээ энэ таван хувийн гурав нь төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зардлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байсантай холбоотойгоор алдагдал нэмэгдсэн. Дээр нь Хүний хөгжил сангийн алдагдлыг нэмэх ёстой. Харин Нийгмийн даатгалын сан ашигтай гардаг.

Орон нутгийн сан ашиг алдагдал нь тун ойролцоо байдаг ч бас л жаахан алдагдалтай байдаг. Товчхондоо энэ дөрвөн төсвийн нийт тэнцлээр алдагдлыг тодорхойлдог юм. Яг бодит алдагдлын хувьд улсын төсөв 8.6 хувийн алдагдалтай явж байгаа. 

-Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрт Төрийн өмчит компаниуд хөнгөлөлттэй зээл авбал Засгийн газар 20 хүртэл хувьд нь баталгаа гаргаж өгөхөөр оруулсан байсан. Энэ нь ялгаагүй Монгол Улсын өрийг нэмэгдүүлж байгаа хэрэг биш үү? 

Эдийн засаг руугаа орох мөнгөний урсгалыг нэмэгдүүлж байж хүндрэлээс гарч, цаашаа явахгүй бол өнөөдөр тун хүнд нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Жишээ нь өнөөдөр байгаа нийт мөнгөний 25 хувийг Засгийн газар дотоод бондоороо аваад хав дараад суучихсан байгаа. Гэтэл Монгол Улсын эдийн засагт энэ 12 их наяд төгрөг чинь эргэлдэж байх учиртай юм л даа.

Гэтэл гурван их наядыг нь төр хав дараад суугаад байсны гор өнөөдөр гарч байна. Засгийн газар дотоод бондоор гурван их наяд төгрөгийг хав дарж суулгүй үндсэний үйлдвэрүүдээ дэмжээд явж байсан бол өнөөдрийн хямрал арай ч ийм байдалд хүрэхгүй байсан болов уу.

Цаашдаа Засгийн газрын дотоод бондыг бууруулах, багасгаж байж эдийн засаг руугаа орох мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ер нь эдийн засаг руу ордог гол мөнгөний урсгал нь гадны хөрөнгө оруулалт юм л даа. Нөгөө талаар мөнгөний бодлогоор тусгайлан эдийн засгаа дэмжих ёстой. 

-Сүүлийн өдрүүдэд Гацууртын орд хамгийн халуун сэдэв болоод байна. Засгийн газрын зүгээс энэ ордыг хөдөлгөөнд оруулахаар яарч байгаа нь ч тодорхой болоод байгаа. Сангийн сайдын хувьд Гацууртын ордын асуудлыг аль талаас нь харж байгаа вэ? 

Гацууртын ордын 20 хувийг Монголын төр эзэмших талаар яригдаж байгаа. Ингэхдээ энэ ордыг есөн жил ашиглахаар тооцоолж байгаа. Хөрөнгө оруулагчид нь оруулсан хөрөнгөө таван жилд нөхөх тооцоо хийсэн юм билээ.

Тэгэхээр үлдсэн дөрвөн жилд нь бид 20 хувийн ашиг авна гэсэн үг. Гэхдээ ингэсэн нь дээр үү нөөц ашигласны төлбөрөө нэмээд явсан уу дээр үү гэдэг л асуудал байгаа юм. Товчхондоо бид таван жил татвараа авч явж байгаад зургаа дахь жилээс нийт ашгийнх нь 20 хувийг авах тухай л яригдаж байгаа.

Үгүй бол шууд эхнээс нь “Сентерра гоулд”-ын олборлож байгаа алтны борлуулалтынх нь орлогын таван хувиас нөөцийн төлбөр нэмээд нэмэлт төлбөр маягаар аваад явбал Монголчуудад илүү ашигтай хувилбар болно.

-Удахгүй Засгийн газар ажилдаа орсон 90 хоног болно. Ямар нэг амжилт мэдэгдэж байна уу? 

Ажил авах үед байдал маш хүнд байсан. Энэ хүнд байдлаас гарах бүх л арга, тактикийг боловсруулаад эхнээс нь ажил хэрэг болгох гээд л явж байна. Манай Сангийн яамны хувьд мэргэжлийн томоохон баг ажиллаж байгаа. Гэхдээ аливаа асуудалд улстөрчдийн гаргаж байгаа шийдвэр гол нөлөө үзүүлж байгааг тооцохгүй бол болохгүй. 2015 оны төсвийн тодотгол бидний санаж байсан хэмжээний талд нь ч хүрээгүй.

Мэдээж энэ нь төсөвт томоохон дарамт учруулна. Энэ салбарт 20-иод жил ажилласан хүний хувьд Сангийн яамны жинхэнэ мэргэшсэн албан хаагчидтай хамт өглөөнөөс үдшийн бүрий тасартал зүтгэж л явна. Ямар ч гэсэн зохих үр дүн удахгүй харагдах байлгүй дээ.