Э.Бат-Үүл: Хувийн хэвшлийн зах зээл рүү орохыг хатуу хориглоно шүү
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2015.01.16

Э.Бат-Үүл: Хувийн хэвшлийн зах зээл рүү орохыг хатуу хориглоно шүү

Нийслэлийн Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр болов. Тус хурлаар Нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх эдийн засгийн стратеги төлөвлөгөө, Ухаа худаг дахь Монгол наадам цогцолборын тайлан, нийслэлийн цагдаагийн даргын мэдээллийг хэлэлцэв.

Нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги буюу мастер төлөвлөгөө нь эхнээсээ үг үсэг, утгын алдаатай хэмээн шүүмжлэл хүлээж нэг их яригдсангүй шууд дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр хойшлуулав. Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас танилцуулсан уг төсөлд “Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн корпораци” байгуулах тухай санал байсан юм.

Дараагийн хэлэлцэх асуудал Ухаа худаг дахь “Монгол наадам" цогцолборт зарцуулах хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн хүсэлт. Энэ мөнгийг зам тавих, зочид, жуулчид тухлах гэр барих, морины уяа, эко автобус зэрэгт зарцуулах саналтай. Нийслэлийн ЗДТГ- ын дарга Ё.Гэрэлчулуун түрүүчийн олгосон багагүй хэмжээний хөрөнгө хэрхэн ашиглагдаж байгааг сонирхов.

“Монгол наадам” цогцолборын дарга Д.Цогтбаатар зарим барилгыг улсын комисс хүлээж аваагүй" гэж хариулав. Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Гэр барихаас эхлээд бусад үйлчилгээ үзүүлэх ажлыг хувийн хэвшлийнхэнд өгөх ёстой. Үүнд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахгүй. Зам. цахилгаан гэх мэт хувийн , хэвшил хүчрэхгүй тийм зүйлд л мөнгө зарна. Нэг зарчмыг хатуу барина шүү.

Хувийн хэвшлийн зах зээл рүү төр орж булаацалдахыг хатуу хориглоно. Бид зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа биз дээ. Энэ төслөөр бол эргээд социализм байгуулах нь л дээ. Батаа дарга энэ асуудал дээр сайн ялгаж хандаарай" гэснээр дээрх асуудал бас л дахин хэлэлцэгдэх болов.

Удирдах зөвлөлийн дараагийн хэлэлцсэн асуудал цагдаагийн даргын мэдээлэл. Өнгөрсөн жил цагдаад ирэх мэдээлэл бараг тав дахин нэмэгдсэн гэнэ. Гэмт хэргийн тоо ч нэлээд өссөн аж. Шинэ зарчмаар томилогдон ажиллаж байгаа нийслэлийн цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар нийслэл дэх эрүүгийн байдлыг маш нарийн тоо баримтаар танилцуулав.

Түүний судалгаанд биеэ үнэлэгчдийн тооноос эхлээд хаана, хэн, ямар гэмт хэрэг үйлдэж байгаа тухай нас, зүстэй нь тольдож болно. Гэмт хэрэг өсч байгааг Удирдах зөвлөлийн гишүүд олон янзаар дүгнэсэн боловч Засаг дарга Э.Бат-Үүл “Ядуурал ажилгүйдэл нэмэгдэж, хямрал гүнзгийрч байгаа нь л гэмт хэрэг өсөх нөхцөл бүрдүүлж байна” гэж үзэв.

Тэрээр цааш ярихдаа татвар төлөгчид эхний ээлжинд аюулгүй байдлаа л хангуулах хүсэлтэй байдаг. Тэр бүхнийг нийслэл бүрдүүлэх ёстой. Ч.Болдбаатар дарга яг хаана, ямар зориулалтаар хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай гэдгийг оруулж ирэх хэрэгтэй.

Ер нь иргэдийнхээ аюулгүй байдалд бид мөнгө хөрөнгө гаргах ёстой. Цаашдаа ч энэ асуудлыг боловсронгуй болгож шаардлагатай хөрөнгө гаргах амлалт өгснөөр Удирдах зөвлөлийн ээлжит хурал өндөрлөв.