Б.Батболд: Улаанбаатар хот гудамжиндаа биш барилгадаа зориулсан дэд бүтэцтэй
"Гудамж" төслийн захирал Б.Батболд
2015.02.06

Б.Батболд: Улаанбаатар хот гудамжиндаа биш барилгадаа зориулсан дэд бүтэцтэй

“Гудамж” төсөл бий болсон шалтгаанаас яриагаа эхлэх үү?

Би 10-аад жил гадаадад сурсны дараа 2004 онд Монголдоо ирсэн. Тэр жилдээ БХБ-ын яаманд хот байгуулалтын асуудлыг хариуцан ажиллах болсон. Мэргэжлийн хүний хувьд Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдсан, орчин үеийн жишгээр шинэчлэх хэрэгтэй юм байна гэдгийг анзаарсан.  Тэгээд судалгаа хийж үзээд Улаанбаатар нь “Гудамж”гүй хот юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Англи хэлээр бол “Streetless” гэж нэрлэдэг. Судалгааны дүнг эрдэмтэд, яамны холбогдох хүмүүст танилцуулсан. Гадны сэтгүүлүүдэд ч хэвлүүлсэн. Тэр үед Н.Батбаяр БХБ-ын яамны сайдаар ажиллаж байсан. Өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг санааг маань дэмждэг байсан.

Хот байгуулалтад “Гудамж” гэсэн гол ойлголт байдаг. Нийслэлд “Гудамж” цөөхөн учраас машин бага байлаа ч түгжрэл ихээхэн гардаг байсан. Тиймээс хотын авто замын сүлжээг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах шаардлага бий болсон юм. Энэ асуудал яригдсаар байгаад 2012 оны сүүлээр хэрэгжих боломж бүрдсэн. Эдийн засгийн хөгжлийн яамны санаачлагаар Чингис бондын хөрөнгөөр “Гудамж” төслийг хэрэгжүүлэх шийд гарсан.

Улаанбаатар хотын авто замын сүлжээний нэг гол асуудал бол замын уулзварууд нь хөрөөний ир шиг зөрчихсөн байсан. Тиймээс эхлээд эдгээр уулзварыг өргөтгөн шинэчлэж нэвтрэх чадварыг нь сайжруулахаар зорьсон. Дэлхийн том хотууд голдуу төвдөө олон тооны “Гудамж”-тай, авто замын сүлжээ нь торон бүтэцтэй байдаг. Ийм жишгээр хотыг хөгжүүлэхээр болсон.

“Гудамж” гэдэг ойлголтын талаар та тодруулж ярихгүй юу?

“Гудамж” үзэмжтэй байвал хот үзэмжтэй байна. Хэрэв “Гудамж”-ийг орон сууцтай зүйрлэвэл тэр  нь хотод амьдарч буй хүмүүсийн “Зочны өрөө” гэсэн үг. Энэ зочны өрөө нь  нийт иргэдийн хэрэгцээ шаардлага, орон зайд тохирсон байх ёстой. Хүмүүсийн тав тухтай амьдрах орчин болох “Гудамж”-ийг байгуулж чадах эсэх нь тухайн хотын санаачлага, гол нь санхүүгийн чадавхиас хамаарна. Хот гэдэг чинь бидний амьдрах гэр орон шүү дээ. Гэр орондоо бага санаа тавьдаг, хангалттай мөнгө зарцуулж чаддаггүй бол ямар байх нь ойлгомжтой. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бараг байхгүй, энхэл донхолтой зам, явган зам нь сайн тавигдаагүй зэрэг асуудлууд одоогийн манай хот байгуулалтад ихээр тохиолддог.

Бөхийн өргөөний хуучин, шинэ уулзвар

“Гудамж” гэдэг ойлголтод авто зам, явган зам, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гудамжны хаягжилт, дулаан, цэвэр бохир ус, цахилгаан, харилцаа холбооны газар дээрхи болон доорхи дэд бүтцийн шугамууд, дээр нь дугуйн зам, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэд бүтэц, ногоон байгууламж гээд олон зүйл багтдаг.

Уулзваруудыг засах, хурдны зам тавихаас гадна нийслэл хотын авто замын сүлжээг шинжлэх ухааны үндэстэй яаж хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Хотын төвд олон улсын жишигт ойртсон орчин үеийн шилэн барилгуудыг барих болсон нь сайшаалтай. Үүнийг улс биш хувийн хэвшлийнхэн л хийсэн. Гэхдээ барилга барихаас гадна бид хотын төвийн авто замынхаа сүлжээг улам сайжруулах хэрэгтэй.

33 уулзвар шинэчлэхээс одоогоор 24-ийг нь шинэчилж өргөтгөөд байна.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн, суурьшлын бүсэд саад болдог хоёр том хүчин зүйл бий. Энэ нь төмөр зам, Туул гол хоёр Улаанбаатар хотын хөдөлгөөний хоёр хэсэгт хуваачихдаг. Тэгэхээр хөгжингүй орнуудын жишгээр гол ч байсан, төмөр зам ч байсан чөлөөтэй нэвтэрч болох инженерийн байгууламжуудыг барьж байгуулах хэрэгтэй болно. Энэ нь туннель, гүүр, давхар уулзвар зэрэг байдаг. Одоо ажиллаж байгаа Сонсголон, Зайсан, Маршалын гүүр нь дэндүү хүрэлцээгүй байна. Ийм их машинтай хотод гуравхан гүүр байж таарахгүй. Төмөр замын дээгүүр болон доогуур хийж болох гарцуудыг  барьж байгуулах хэрэгтэй. Дээрхи инженерийн байгууламжуудыг барьснаар түгжрэлийг ихээхэн багасаж чадна.

Хоёрдугаарт гэр хорооллыг “Гудамж”-жуулж орчин үеийн дэд бүтэцтэй болгох зайлшгүй шаардлагатай. Шинээр “Гудамж” барьж байгуулахад өртөг их шаарддаг. Тиймээс тухайн хот өөрөө бизнесийн таатай орчинтой, санхүү эдийн засгийн чадавхитай байх шаардлагатай.

Хотын авто замын сүлжээг шинэчлэх ажилд барилгажилт, газартай холбоотой ямар бэрхшээлүүд гарч байна вэ?

Эхнээсээ авто замын зөв сүлжээ, гудамжны зөв зохион байгуулалттай байж чадаагүй зэргээс болж энд тэндгүй төлөвлөлт муутай барилгажилтаар дүүрсэн байдаг. Шинэ “Гудамж” төлөвлөөд дараагийн том гудамжтай нийлүүлэх гэхээр нэг том барилга хөндөлдүүлээд барьчихсан байдаг. Тухайн барилгыг тойруулах гэхээр зөв төлөвлөлттэй “Гудамж” биш болдог. Эсвэл шинэ гудамж гаргах болохоор баахан хөрөнгө мөнгө, нөхөн олговрын асуудал үүсдэг.

Гэр хороололд ч гэсэн замын улаан шугаман дээр хашаа хатгачихсан байдаг. Холдуулах гэхээр өмчлөлийн асуудал гарч, бөөн маргаан  үүсдэг.

Нэг үгээр хэлбэл Улаанбаатар хот нь гудамжиндаа биш харин барилгадаа тааруулсан дэд бүтэцтэй хот болж таарч байна. Гудамжуудаа зөв төлөвлөсөн хотод барилга барихад ямар ч асуудалгүй, элдэв хүндрэл гардаггүй. Хамгийн ойрын жишээ бол Хятадын Эрээн хот шүү дээ.  

“Гудамж” төсөл орон нутагт хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?

Өнгөрсөн оны гуравдугаар сард Гудамж төслийг аймгуудад хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдсан. Бид Увс, Архангай, Хэнтий гурван аймгаас бүтээн байгуулалтын ажлаа эхэлсэн. Архангай аймагт гэхэд 8,8 км гудамж, автозамын зам барилгын ажил цогцоороо хийгдсэн. Өнөөдөр энэ аймгийн төв эрс өөрчлөгдөн өнгө зассан байгаа. Аймгийн төвийг хотын төв болгож болдог гэдгийг үүнээс харж болох юм.