Х.Дэлгэрсайхан: Мэргэжлийн хууль салбарын мэргэжилтний асуудалд илүү чиглэх ёстой
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, докторант Х.Дэлгэрсайхан
2015.02.06

Х.Дэлгэрсайхан: Мэргэжлийн хууль салбарын мэргэжилтний асуудалд илүү чиглэх ёстой

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Нягтлан бодох бүртгэл болон Аудитын тогтолцооны шинэчлэлийн асуудлыг хөндлөө. Бид энэ удаад ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, докторант Х.Дэлгэрсайхантай ярилцлаа. 

Сур: Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хууль удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Танд хуулийн төсөлд нэмэрлэх санал байна уу?

Х.Д: Эдгээр хууль нь тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулах учраас тухайн салбарын мэргэжилтний асуудалд нилээд хэсэг нь чиглэх ёстой. Учир нь мэргэжлийн үйл ажиллагааг мэргэжилтнүүд гардан гүйцэтгэдэг.

Гэтэл өмнөх хуульд мэргэжилтний мэдлэг боловсрол, ёс зүй, нийгмийн асуудлыг нь орхисон атал ял, зэмийн талыг түлхүү оруулсан нь хүмүүнлэг нийгмийн агуулгад нь тохирохгүй байгааг шүүмжилмээр санагддаг. Энэ чиглэлээр хэдэн зүйл хэлье:

1. Сангийн Яам болон нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн холбоод нь нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэх ажиллагаанд оролцдог, хяналт тавьдаг байх шаардлагатай. Боловсрол, шинжлэх ухааны Яам мэргэжил тус бүрийн онцлогийг харгалзан сургалтын хөтөлбөр баталж байх ёстой боловч ингэж чадахгүй байна.

Харин Сангийн Яам, Мэргэжлийн холбоод бол энэ үүргийг хамгийн сайн биелүүлэх чадвартай юм. Нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрт мэргэжлийн байгууллагын оролцоог хангах асуудлыг хуульд тусгавал сайн байна.

2. Одоо нягтлан бодогч мэргэжилтэн бол данс хөтөлж, санхүүгийн тайлан гаргадаг төдий биш, харин менежер, санхүүгийн шинжээч бас компьютерийн программ зохиогч байх ёстой. Ажлын шаардлага ийм байна. Гэтэл дээд сургуулиуд нягтлан бодох бүртгэлийн онолын асуудлыг заагаад ямар ч дадлагагүй мэргэжилтэн төгсгөдөг, тэд ажил дээр гологдол болдог. Үүнийг хуулиар зохицуулах шаардлагатай.

3. Нягтлан бодогч бол СТОУС-ыг дээд зэргээр эзэмшсэн байх ёстой. Гэтэл зарим хувийн сургууль түүнийг сургалтын хөтөлбөрт оруулаагүй байна. Ажиллаж байгаа нягтлан бодогч нараас СТОУС-ын сургалтад суусан уу гэж асуухад бараг 90 хувь суугаагүй байна. Ийм хүн яаж олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлан гаргах билээ. Иймээс дипломын дараах тасралтгүй боловсролын асуудлыг хуульд тусгах хэрэгтэй.

4. Нягтлан бодогч байгууллагын хөрөнгийн хөдөлгөөний зангилаан дээр суудаг учраас эдийн засгийн өсөлт, уруудалт, ард түмний амьдралын сайжралт, доройтолыг хэнээс ч урьд мэдрэх боломжтой байдаг, гэтэл тэдгээрт шинжээчийн ур чадвар дутагдсанаас, болж байгаа үйл явцад үнэлэлт дүгнэлт өгч чадахгүйгээс байгууллагыг хямралын шуурганд цохиулж байна.

Энэ бол их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор 3 жил тутам шинэчилж байх шаардлагыг төрүүлж байгаа юм. Энэ асуудал боловсролын тухай хуульд тусгагдаагүй учраас мэргэжлийн хуульд нь тусгах нь зүйтэй.

5. Нягтлан бодогч нь бусдын өмчтэй шууд харилцаж ажилладаг, нөгөө талаар байгууллагын удирдлагын дарамтад орох нь элбэг тохиолддог бас төрийн байгууллага, харилцагч, хөрөнгө оруулагчид, олон нийтийн итгэлийг хүлээдэг өвөрмөц мэргэжил юм. Иймээс нягтлан бодогч нь мэргэжлийн ёс зүйг өндөр түвшинд баримталдаг байх ёстой.

Гэтэл манай улсад нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм гэж байхгүй явж ирсэн. Энэ нөхцөлд нягтлан бодогчид мэргэжлийн ёс зүй гэж юуг хэлдэг, ямар үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзэх, мөн ёс зүйн зөрчилөөс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдлэггүй явж иржээ. Харин өнгөрсөн жил Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн “Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм”-ийг батлаж, хүлээн зөвшөөрч, хүрээлэнгийн гишүүнээр элссэн нягтлан бодогчдоор тангараг өргүүлж эхэлсэн.

Түүнд олон нягтлан бодогч талархалтай хандсан. Иймээс мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрмийг боловсруулж батлах, хяналт тавих, зөрчигчдөд хариуцлага ногдуулах асуудлыг шинэ хуульд тусгах шаардлагатай.

6. Мэргэшсэн нягтлан бодогч гэдэг бол тухайн мэргэжлийн хамгийн өндөр зэрэг юм. Гэтэл мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын хөтөлбөр нь баклаврын хөтөлбөрт суурилсан байдаг нь харамсалтай. Миний бодоход мэргэшсэн нягтлан бодогч бол баклавраас илүү их өндөр мэдлэгтэй, туршлагатай байх ёстой учраас тусгай хөтөлбөртэй байх ёстой.

Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх ба төсөвт байгууллагад мөрдөх гэсэн 2 янзын Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт байдаг мөн төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан нь аж ахуйн нэгжээс үлэмж ялгаатай.

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг зөвхөн аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн арга зүйн асуудлаар авдаг. Иймд энэ шалгалтад аж ахуйн нэгжийн нягтлан бодогч нар илүү ихээр тэнцдэг. Харин төсөвт байгууллагад олон жил ажилласан мэргэжилтэнд маш хүнд байдаг.

Аж ахуйн нэгжийн нягтлан бодогчдоос төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн арга зүйн асуудлаар шалгалт авах юм бол тэдэнд нэн хүнд байх нь мэдээж юм. Иймээс төсөвт байгууллагын нягтлан бодогч нарт Улсын секторын мэргэшсэн нягтлан бодогч гэдэг мэргэжлийн зэрэг олгодог болох нь зүйтэй.

Энэ асуудлыг мөн хууль, тогтоомжоор шийдвэрлэх цаг нь болсон. Энэ талаар Англи улсын Засгийн Газрын Мэргэшсэн Санхүүгийн Менежер (CGFM), АНУ-ын Засгийн газрын Нягтлан Бодогчдын Нийгэмлэг (AGA)-ын туршлага бэлхнээ загвар нь болж чадах юм.

7. Нягтлан бодогчдын нийгмийн асуудалд төр анхаарал хандуулах цаг болжээ. Бусад мэргэжилтэй харьцуулахад маш их ачаалалтай, бас стресстэй, олон талын дарамт, шахалтад ордог, гэр бүлдээ анхаарал тавьж чаддаггүй гээд олон асуудал бий.

Бусад мэргэжилтнүүд янз бүрийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл, салбарын онцлогоос шалтгаалсан хөнгөлөлт, нөхөн төлбөр эдэлдэг. Гэтэл нягтлан бодогчдын цалин бага бас ямар ч нэмэгдэл, хөнгөлөлт эдэлдэггүй.

Иймээс нягтлан бодогчид тэтгэвэрт гарангуут л ядуучуудын эгнээнд шилждэг. Нягтлан бодогчдын бараг 80 шахам хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэдний дотор өрх толгойлсон эмэгтэйчүүд өндөр хувийн жин эзэлдэг. Иймээс нягтлан бодогч нарыг мэргэжлийн зэрэгтэй болгож нэмэгдэл олгох, мөн тэднийг тэтгэвэрт гарахад нь ажилласан жилтэй нь дүйцүүлэн тэтгэмж олгодог болох талаар хуульд тусгах нь зүйтэй.

Сур: Нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын удирдлагын бүтцийн хувьд ямар бодолтой байна?

Х.Д: Одоо бол Сангийн Яам улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэл, аудитын бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнээс гадна мэргэжлийн хэдэн төрийн бус байгууллага байгаа ч тэдгээр нь хоорондоо холбоогүй, эрхлэх ажил үүргийн хувааргүй, харин ч хоорондоо өрсөлдсөн, эв түнжингүй байгаа байдал ажиглагддаг. Олон улсын стандартыг нэвтрүүлье гэвэл стандарт бүрээр аргачлал, журам гаргах шаардлагатай.

Зарим стандартыг хэрэгжүүлэхэд 2-3 түүнээс ч олон аргачлал, журам гаргах хэрэгтэй байгаа юм. Ингээд тооцоход зуу гаруй журам гаргах хэрэгтэй болно. Сангийн Яамны цөөн мэргэжилтний хүчээр тийм их ажлыг хийж барахгүй.

Улсын төсөвт суурилсан стандартын хороо гэх мэт байгууллага байгуулахад төсвийн бололцоо байхгүй, байлаа ч гэсэн тэр нь чадвартай мэргэжлийн байгууллага болж төлөвших хүртэл олон жилийн хугацаа алдах юм.

Иймээс гадаад орнуудын жишигээр НББ-ийн стандартын хороог ТББ-ын хэлбэрээр байгуулах эсвэл төлөвшиж тогтсон ТББ-д гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэх хэлбэрийг сонгох нь зүйтэй. ТББ-ын нэг онцлог бол салбарын шилдэг мэргэжилтнүүдийг татаж зохион байгуулах хамтран ажиллах талаар асар их боломжтой байдагт оршино.

Ийм ТББ нь зөвхөн стандарт, аргачлал, журам боловсруулахаар ч барахгүй бас түүний нэвтрэлтийг зохион байгуулах чадвартай юм.

Сур: Аудитын тухай хуулийн төслийн талаар юу хэлмээр байна?

Х.Д: Одоо 120 гаруй аудитын компани байгаа. Тэдгээрийн 90 гаруй хувь 2-оос хэтрэхгүй аудитортой. Ийм жижиг аудитын компанид дотоод стандарт мөрдөх, чанарын хяналт, сургалт боловсрол дээшлүүлэх, техник, технологийн дэвшил нэвтрүүлэх, компани ахиж, өсөж дэвших гэх мэт ойлголт байхгүй.

Тэд төрийн аудитаас хуваарилж өгсөн хэдэн компаниас орлого олох боловч цааших зах зээлд нэвтэрч, хүрээгээ тэлэх чадваргүй байдаг. Иймд аудитын компанийг наад зах нь 6-аас дээш аудитортой болговол аудитын хөгжилд маш чухал нөлөөтэй юм. Аудитын компанийн нэр хүнд ч их дээшлэх болно.

Аудит бол нэр төрд түшиглэсэн бизнес байдаг, аудитын компани том байх тусам чадавхи нь сайжирч, нэр хүнд нь дээшилж, ажлын чадвар нь өсдөг юм. Манай улсад аудитын салбарын өсөлт хөгжилд маш чухал нөлөөтэй энэ асуудлыг хамгийн зөв хувилбараар нь хуульд тусгаж өгвөл зохилтой.

-Ярилцсанд баярлалаа.