Мегатөслийн санхүүгийн бүртгэл гадны компанийн “МЭДЭЛД” орж байна
Төсвийн мөнгө арилжааны банкуудын зээлийн хүүгийн эх үүсвэр болоод хэвтэж байна
Аудитын тогтолцооны шинэчлэлийн асуудлыг хөндлөө. Бид энэ удаад “ИхМонгол Хөлөг аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Тунгалагтай ярилцаж, компаниудын хувьд ямар байр суурьтай байгаа болон асуудлын нөлөөллийн талаар сонирхлоо.
- Аудитын тогтолцоо Монголд хэрхэн төлөвшиж, хөгжиж байгаа гэж боддог вэ. Аудитын ач холбогдол нь яг юу юм бэ. Улс оронд ямар хэрэгтэй вэ?
Аудитын тогтолцоо нь Монголд шинэ зүйл байхаа больж, аль хэдийнээ олон түмний мэддэг зүйл болчихсон. Монгол улсын хувьд хөл дээрээ тогтчихсон гэж ойлгох хэрэгтэй.
Манай улсад аудитын тогтолцоо нь төрийн аудит , хараат бус буюу хувийн, дотоод аудит гэсэн чиглэлээр хөгжиж ирлээ. 1997 онд Аудитын хууль гарснаас хойш бараг өдгөө 18 жил өнгөрчээ.
Миний хувьд аудитын салбар нь улс орны эдийн засагт маш өндөр үнэтэй хувь нэмэр оруулдаг маш чухал салбар гэж үздэг. Учир нь аливаа аж ахуй нэгж байгууллагын захирал, нягтлан хоёр бол улсаас ч бай, хувиасаа ч бай олсон орлогоо үнэн зөв бүртгэж мэдээлж байх учиртай. Үүний үнэн зөв гэдгийг төрийн өмнө, хувь нийлүүлэгчдийн өмнө хэн баталж өгөх вэ, Үүнийг аудиторууд л хийх ёстой шүү дээ.
1991 оны өмч хувьчлал явагдсны дараа монгол улсад НББ-ийн тогтолцоо үндсэндээ алдагдаад байсан. Тухайлбал улсын нэг том сангийн аж ахуй 33 жижиг аж ахуй нэгж болж хуваагдаж, 33 нягтлан, 33 захиралтай болоход нягтлангууд нь мэргэшээгүй, туршлагагүй, зөвхөн цалингийн нягтлан байснаа бүхэл бүтэн аж ахуй нэгжийг авч явах хэмжээнд алдаа дутагдал их гаргаж байсан.
1990-1997 он хүртэл нягтлан бодох бүртгэл задраад ямар ч мэдээлэлгүй болж, тэр олон аж ахуй нэгжүүдийн тайлан нь хөл толгой нь мэдэгдэхгүй болсон байсан. Харин 1995 онд Нягтлан бодох бүртгэлийн,1997 онд Аудитын хуулийг батласны дараа хувийн компаниуд аудитын байгууллагуудаадаар үйлчлүүлж, тайлан тэнцлээ баталгаажуулж, зөвөлгөө авч ажиллах болсон нь үндэслэлтэй мэдээлэл гаргах боломжийг бүрдүүлсэн.
Үүнээс хойшхи Улсын статистикийг үзэхэд эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ашиг орлого өссөн байдаг. Тэгэхээр аудитын компаниуд улс орны эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Гэтэл үүнийг төр засгаас ерөөсөө дэмжиж үнэлэхгүй байна.
-Яагаад дэмжих ёстой вэ. Дэмжсэнээр ямар үр дүн гарна гэж?
Монгол улс аудитыг хөгжүүлэхдээ үл ялиг буруу байдлаар хөгжүүлчихсэн нь мэргэжлийн байгууллагууд, төрийн захиргааны байгууллагуудаас хяналтыг муу тавьж ирсэнтэй холбоотой.
Чанарын хяналтыг хийж байгаагүйгээс аудитын нэр хүнд унаж, юу ч хийлгүй зүгээр тамга дараад, мөнгө авдаг гэсэн ойлголт нийгэмд бий болсон. Гэтэл уг нь үнэхээр олон нийтийн эрх ашгийн төлөө аудит ажиллаж байгаа учраас төр засгийн зүгээс хяналтыг маш сайн хийх ёстой.
Өнөөдөр би нэг компанид аудит хийлээ гэхэд төр засгаас шалгаж нягтлаад, чи аудит хийхдээ ямар хөтөлбөр, горимоор ажилласан бэ, төлөвлөгөөтэй байсан уу, гэрээтэй байсан уу, хариуцлагаа хэн нь хүлээх вэ, аудитын олон улсын стандартын дагуу хийсэн үү, үгүй юу гэдэг хяналт үндсэндээ хийгдэхгүй байсан гэсэн үг. Энэ нь стандарт дүрэм журмыг нь баталж өгч байгаагүйтэй холбоотой.
Аудитын компаниудыг дэмжсэнээр олон нийтийн эрх ашгийг хамгаалах болно. Өнөөдрийг хүртэл хувийн компаниуд ихэнхдээ орлогоо нуух, татвараа нуух, хөрөнгө оруулагчиддаа ашиг хувь хүртээхгүйн тулд аль болохоор алдагдалтай тайлан гаргаж, орлогоо бууруулж, зардлаа өсгөх явдал байсаар л байна.
Иймэрхүү худлаа тайлан гаргах нь улс орны эдийн засгийн дүн мэдээ, өсөлт хөгжилтийг буруу мэдээлэх аюултай. Жишээ нь 200 сая төгрөгний орлого олчихоод 50 сая төгрөгний орлоготой гэж мэдээлдэг. Үүний цаана компанийн бусад хувь нийлүүлэгчид, хувьцаа эзэмшигчид хохирч үлддэг.
Ийм чухал ажлыг хийж, компанийн үйл ажиллагаа, эдийн засгийн гол өсөлт үзүүлэлтүүдийн хаана нь буруу зөрүү мэдээлэл байна, алдаа байна гэдгийг шалгадаг аудитын тогтолцоог төр захиргаа, үндэсний хувийн компаниуд, аж ахуй нэгжүүд ерөөсөө дэмждэггүй. Томоохон хөрөнгө оруулалтаар гадны төсөл, компани орж ирлээ гэхэд дандаа гадны аудитаар л аудит хийлгэдэг.
Гадаадын аудитын компаниуд аль том, аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрт маш өндөр үнээр аудитыг хийгээд явж байдаг. Дотоодын компани 10 саяар хийчих аудитыг заавал гадныхнаар 60 сая төгрөгөөр хийлгэх жишээтэй. Тухайн төсөл, компанийн эдийн засгийн бүх мэдээлэл бүртгэл гадныхны л гарт орно гэсэн үг шүү дээ. Мэдээллийн аюулгүй байдал алдагдана.
Түүнчлэн монголын мөнгө гадагшаа л урсана гэсэн үг. Монголын амьдралыг монгол хүн л мэднэ. Гадны хүн ирчихээд юуг нь мэдэж хийх вэ дээ. Одоо гадны хөрөнгө оруулалттай ихэнхи уул уурхайн компаниуд бүгд гадныхаар л аудитлуулдаг. Гэтэл өнөөдөр тэд бүгд гараад явчихаж байгаа биз дээ.
Монгол хүмүүсийг оюуны чадвар сайтай гэж үздэг байтал үндэсний компаниудаа томруулах бодлого барихгүй байгаад үнэхээр гайхдаг.
-Аудитын компаниудад ямар асуудал тулгардаг вэ?
Татварын хуулиар техникийн үйлчилгээний салбарт аудитын үйлчилгээг хамруулаад НӨАТ-ын татвар оногдуулдаг. Аудитын үйлчилгээ нь нэмүү өртөг бүтээдэггүй цэвэр оюуны ажил шүү дээ.
УИХ-ын бизнесмен гишүүд аудитын хуулинд их хойрго ханддаад байна уу даа гэж боддог.
Түүнчлэн нэг компанид гурван жилээс аудит хийж болохгүй аудитын тухай хуулинд заасан байдаг ч дахиад сунгачихад, төрийн хяналт байхгүй учраас зарим компаниуд 10-20 жил аудит хийгээд явж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй, бараг найз нөхөд шиг болчихсон байдаг. Юун тэр алдааг нь илрүүлэх манатай.
-Аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Засгийн газарт явж байгаа. Хууль боловсруулагчдын зүгээс 50 саяас дээш жилийн орлоготой компаниуд заавал аудит хийлгэх ёстой гэснийг болиулж, жижиг дунд, томоор нь ангилж байгаа. Бараг сайн дураар аудитын үйлчилгээг сонгох болж байгаа. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
Энэ бол “завхрал” явагдана гэсэн үг. Жишээлбэл нэг компанийн хүсэлтээр аудитыг хийхэд, 400 сая төгрөгний үндсэн хөрөнгөтэй, гурван хувь нийлүүлэгчтэй байсан. Барилгын зөвшөөрөл авахад 450 сая төгрөгийн хөрөнгөтэй байх ёстой гэж компанийн гол эзэнг хуураад хоёр хөрөнгө оруулагч нь бид өндөр өртөгтэй машин, өргөгч кранаар хөрөнгө оруулна гэсэн.
Нөгөө гол эзэн нь мөнгө олоод үйлдвэрлэл явуулаад эхлэхээр нь нөгөө хоёр хөрөнгө оруулагч ашиг авна гээд маргаан дэгдээсэн байгаа юм. Гэтэл аудитлаад үзэхээр үндсэндээ 450 сая төгрөгөндөө хөрөнгө оруулаагүй бөгөөд өргөгч кранаа өгөөгүй байсан. Тэрийг аудитын горимоор илрүүлж гаргасан.
Манай улс орны том хувийн компаниуд, үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлж байгаа компаниудыг аудитлаж байх ёстой. Янз бүрийн хувьцаа эзэмшигчид, хувь нийлүүүлэгчид, нягтлангүй, тайлангийн асуудалтай, татвараас зайлсхийсэн газруудыг аудитаар байнга оруулж байх л хэрэгтэй. Тиймээс хуулийг тэгж дураар өөрчилж болохгүй.
Хэрэв зайлшгүй гадаадын аудитаар хийлгэх шаардлагатай бол үндэсний аудитын компанитай хамтран ордог байхаар хуульчилж өгөх хэрэгтэй. Тэгж байж бид гадаадын сайн туршлагаас суралцана, хөгжинө, өсч дэвжих боломж нь бүрдэнэ.
Өнөөдөр Монгол улсад хувийн аудитын компаниудын хөгжилд хамгийн их тусалж дэмжиж, сургаж байгаа ганц л байгууллага байна. Энэ нь Үндэсний Аудитын Газар юм. Энэ байгууллагатай гэрээгээр ажиллаж байгаа хувийн компаниуд авсан ажлаа чанартай хийхийн тулд бүх л хүч бололцоогоо дайчилдаг.
Хаана дэмжлэг сайн байна тэнд ажил сайжирч л байгаа шүү дээ. Хууль тогтоогчид ч үүнийг анхаарч бусад асуудалд ч энэ жишээгээр хандах ёстой гэж үздэг. Энэ нь аудиторууд зөвхөн мөнгөний төлөө ажилладагүй гэдгийг харуулж байгаа жишээ биш гэж үү.
Хэрэв аудитын салбарыг төр засгаас дэмжиж , хөгжүүлэх бүх бололцоог олгож хуульчилж өгвөл улс орны эдийн засагт асар чухал ач холбогдолтой. Худалдаа арилжаа хийдэг компани хоршоо, хувьцаат компаниуд, ТББ-ууд, хоёр ба түүнээс дээш гишүүнтэй компаниуд заавал аудит хийлгэж байх ёстой гэж хуулинд тусгах хэрэгтэй. Миний санал энэ.
-Арилжааны банкууд үндэсний аудитын компаниудаар аудит хийлгэдэг болов уу?
Миний нэг санаа зовж явдаг зүйл энэ. Төр засгаас бонд гаргаад, экспортын зээл, ЖДҮ-ийг дэмжинэ гээд арилжааны банкуудад мөнгө байршуулдаг. Төрийн өчнөөн мөнгө арилжааны банкуудын зээлийн хүүгийн эх үүсвэр болоод хэвтэж байна.
Төсвийн мөнгөнд хэн аудит хийж, хэн тогтоож өгч байгаа юм бүү мэд. Төслийн мөнгийг олгохдоо арилжааны банкууд асар өндөр шалгуурыг тавьж компаниудад бага хэмжээний зээл олгочихоод цаана нь бүтэн жилийн хугацаанд зарцуулагдаагүй өч төчнөөн сая төгрөг нь банкинд байгаад байдаг. Тэр мөнгөө төр татаж авдаггүй. Банк мөнгийг эргэлдүүлж, хүүгээрээ орлого олж байдаг.
Гол том арилжааны банкууд гадны компаниар аудитаа хийлгэдэг .
-Аудит хийж байхдаа компаниудад ямар байдлаар тусалж байсан бэ. Тухайлбал компанийн санхүүгийн бүртгэл мэдээллийг үнэн зөвөөр гаргаж, алдах гэж байсан бол хажуунаас нь түшдэг их сайн ажил шиг санагдлаа?
Компануидын нэрийг хэлээд яахав. Олон компаниудад тус нэмэр болж байсан. Жишээ нь хөдөөний газар тариалангийн компанийн аудитыг хийгээд баримтыг нь үзэхэд барилга барих гээд Хятадаас баахан бараа материал оруулсан мөртлөө, түүнийгээ шууд авсан хэмжээгээр нь ямар ч үндсэн баримтгүйгээр зарлагадаад хаячихсан байсан.
Хэрвээ татварын хуулийн дагуу шалгуулвал 400 сая төгрөгийн материалдаа нөхөн татвар, алданги, хүү торгууль тооцуулаад өч төчнөөн сая төгрөгийн татвар төлөхөөр байсан.
Тэгээд бид алдааг нь хэлээд, Хятад руу төлөөлөгч явуулаад баримтыг нь авчруулж, хил гаалиар орсон бичиг баримт бүрдүүлэн, барилгынх нь ажлын гүйцэтгэлийг нэг бүрчлэн гаргаж тулгуулсан. Ингээд татварын асуудал гайгүй болсон. Тэд бидэнд их баярлаад аудитаа гурван жилээр хийлгэхээр болсон шүү.
Аудитыг үнэхээр сайн хийвэл компанийг аливаа эрсдэлээс хамгаална. Компанид хөрөнгө оруулагчид, хувь нийлүүлэгчидийг ч эрсдэлээс хамгаална. Гуравт нь улс орны эдийн засгийн мэдээлэл маш үнэн зөв бодитой гарна.
Одоо үнэн зөв гарч чадахгүй байна. Манай орны эдийн засаг доройтойж байна гэж байгаа ч сул чөлөөтэй бүртгэгдээгүй бэлэн мөнгө хүмүүсийн гар дээр асар их байгааг анхаарах хэрэгтэй.
Тэр хүмүүс үйлдвэр аж ахуйн газар барихгүйгээр, мөнгө хүүлэх байдлаар ажиллаад явж байна. Тиймээс мөнгөний зөв бодлого барих хэрэгтэй. УИХ-ын бизнесмен гишүүд аудитын хуулинд их хойрго ханддаад байна уу даа гэж боддог.