Н.Агваан: Аудитын тогтолцоог хуулиар “нугаслаж” болохгүй!
Өчигдөр Сангийн яам Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барилаа. Үүнтэй холбоотой “Баталгаа аудит” ХХК-ийн захирал, Монголын мэргэшсэн нягтлан бодогч, доктор, профессор Нягуурын Агваантай ярилцаж, түүний санал бодлыг сонслоо.
Н.Агваан нь олон жилийн турш нягтлан бодох бүртгэл, аудитын салбарт мэргэжлийн сургалт судалгаа, аж ахуйн удирдлагын чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 50 шахам ном, сурах бичиг, гарын авлага бие даан зохиож хэвлүүлжээ. Эрдэм шинжилгээ судалгааны 80 шахам илтгэл, өгүүлэл, шүүмж судалгааны дүгнэлт бичиж нийтлүүлсэн нь манай улсын бүртгэл эдийн засгийн хөгжилтөнд бодитой хувь нэмрээ оруулж яваа эрдэмтний нэг юм.
Сүүлийн жилүүдэд санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ болон нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг онол арга зүй, практик ажиллагаа, стандарчиллын хүрээнд боловсруулан олон тооны аж ахуйн газруудад өгч бодитой туслалцаа үзүүлсээр байгаа ажээ. Ингээд Н.Агваан багштай ярилцав.
-Та энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд Нягтлан бодох бүртэл болон Аудитын хуулиудад ямар өөрчлөлт орох ёстой гэж боддог вэ?
Уучлаарай миний дүү! Энэ хуулиудыг заавал өөрчлөх цаг үе нь мөн үү? Ер нь монгол улсын хэмжээнд НББ, Аудитын тогтолцоо бүрдээд хориод жил болж байна. Эдийн засгийн хөгжлийн асуудалд энэхүү шинэхэн тогтолцоо тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан нь мэдээж. Цаашид ч оруулах л болно.
Манай мэргэжлийн зарим хүмүүс, Сангийн яамны бодлогын хүмүүс одоогийн цаг үеийн шинэчлэл гэгчтэйгээ холбогдуулж хуулийг өөрчлөх, шаардлага хэрэгцээтэй гэж үзсэн нь чухам юу л бол?!
Хуулийг өөрчилнө гэдэг өмнөхөө шал ондоогоор авч үзэхийн нэр биш. Хамгийн гол нь хуулийг шинэчлэн найруулна. Хоцрогдсон заалтыг хасч, тусгагдаагүй заалтыг нэмж болно. Ирээдүйд болох асуудлыг төсөөлөн үзэж байж шинэчилсэн найруулгыг хийж болно.
Гэтэл одоогийн хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг аваад үзэхээр дутагдалтай зүйл их байна. Тухайлбал 1993 онд батлагдсан
Монгол улсын хэмжээнд 120 гаруй аудитын компаниуд үйл ажиллагаа явуулж байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай, 1997 онд батлагдсан Аудитын тухай хуулиудад бичсэн хуулийн зорилго, нийтлэг үндэслэлүүдийг дараагийн шинэчилсэн найруулгад хэвээр нь авч үзсэн байхад өнөөдрийн шинэчлэл дээр анхны бүтцийг эвдсэн зүйл ихээхэн байна. Хуулийн нийтлэг үндэслэлийг зорилт, нэр томьёо хоёроор хязгаарлаж бусдыг нь бүлэг болгоод салгасан байх жишээтэй.
Нөгөө салгасан бүлэг дотор нь улам жижиглэсэн заалт оруулж түүний дотор нь бас олон заалтуудыг журмын хэлбэртэйгээр бичсэн байх юм. Бас Аудитын тухай хуулийг “Санхүүгийн аудит” гэсэн нэрээр өөрчилжээ. Ингэж болохгүй.
Ер нь хуулийн бодлого, бүтэц бүрэлдэхүүнийг хэн нэгэн этгээд өөрийн санаснаар өөрчлөн тоглох ёсгүй. Миний хувьд санхүүгийн аудит гэдгийг мэдэхгүй. Харин “Санхүүгийн тайлангийн аудит” гэдэг үндсэн үйлчилгээг Аудитын газруудад эрхэлж байдгийг мэднэ. Мөн нягтлан бодох бүртгэлийн хуулинд бас л ийм дутагдал байна.
-Хууль биш журам гэж та хэллээ. Уг нь хууль батлагдсаны дараа дагалдах журам дүрэм гардаг шүү дээ. Гэтэл хуулиндаа журмаа оруулчихаар хуулийн хэрэгжилт ямар байна гэсэн үг вэ?
Хуулийг дэндүү задалж нарийвчилснаар хуулийн үндсэн концепци алдагдаж, мөн чанар нь ойлгогдохгүйд хүрнэ гэсэн ойлголтоор л ярьж байгаа юм. Энэ хоёр хууль бол заавар журмаар хэрэгжигдэх шаардлагагүй, мэргэжлийн хүмүүстээ их тодорхой, дахин давтан өөрчилж шинэчилээд байх шаардлагагүй баримт бичгүүд гэж би ойлгодог.
-Тэгвэл эдгээр хуулиуд хуучнаараа байхад болохгүй зүйл байхгүй гэж та хэлж байна уу?
Тийм. Ер нь хэдэн жилдээ хуучин хувилбараараа нийгэмд хэрэглэгдэх үндэслэлтэй гэж би ойлгож явдаг нэгэн.
-Таны зүгээс энэ хоёр хуулийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаануудаа тайлбарлавал болох уу?
Болно. Эдгээр хуулиудын өөрчлөлтийг миний бие дараах хэдэн зүйлээр шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Нэгдүгээрт: Нягтлан бодох бүртгэлийн хуулинд Стандартын хороо гэсэн том заалт оруулж тэр нь Засгийн газрын гишүүний удирдлага, шийдвэр хяналтын дор ажиллах тухай дэлгэрэнгүй ойлголтыг агуулжээ.
Энэ бол заавал төр засгийн бүтцэд байх албагүй. Харин аль нэг төрийн бус байгууллагын гүйцэтгэх үүрэг байж түүний явц байдал нь төр засгийн байгууллагатай холбогдох мэтээр уялдаж байвал зохино.
Орчин үед ийм боломж нөхцөл төрийн байгууллагаас төрийн бус байгууллагын ажлын хүрээнд шилжих нь ач холбогдолтой.
Хоёрдугаарт: Аудитын хуулинд 50 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй аж ахуйн нэгжийн Санхүүгийн тайланг баталгаажуулж ирсэн зохион байгуулалтыг эвдэж “...нийтийн ашиг сонирхолын болон том аж ахуйн нэгж байгууллага...” гэдэг ойлгомжгүй нэр томъёо оруулж, аудитын одоогийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэхээр болжээ.
Гуравдугаарт: Тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын төрөл ангиллыг хэрэгжүүлэх шийтгэлийн ногдуулалт зэргийн үндэслэлд төөрөлдмөөр ойлгомж муутай болжээ.
Ер нь энэ хоёр хууль, тухайлбал нягтлан бодох бүртгэлийн бүртгэх, тооцоолох, тайлагнах дарааллыг тайлагнах, тооцоолох, бүртгэж данслах зэргээр логик утга урвуу байдлаар хуулинд тусгасан нь хэнд ч хүлээн зөвшөөрөгдхөөргүй бүтцийн агуулгатай байна.
Ийм байдлуудаас иш үндэс болгон дүгнэж үзэхдээ миний бие нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын хуулиудын өөрчлөлт шинэчлэлтийг хүлээн зөвшөөрхөөргүй гэдгээ илэрхийлж байгаа хэрэг билээ.
-Манай оронд Аудитын тогтолцоо ямар хэмжээнд байна гэж та дүгнэдэг вэ?
Монгол улсын хэмжээнд аудитын тогтолцоо шинэ соргог хэвээрээ л байгаа. Дөнгөж ганц хоёр алхаж яваа “хүүхэд”-ийг хуулийн шинэчлэл гэгчээр түлхээд хэрэггүй. Харин дэмжих хэрэгтэй.
-Аудитын 100 гаруй компани байдаг гэсэн. Тэдгээр компанийн чадавхи хэр байна вэ. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа, томоохон компаниудад аудит хийж чадаж байгаа юу. Монголынх бага учраас гадны аудитын компаниар аудит хийлгэдэг гэж ярихыг нэлээдгүй сонссон?
Чадвартай нь байлгүй яах вэ. Нэг л зүйлийн саад байгаа болохоос биш. Аудитын зуу гаруй компани дотроос талаас илүү хувь нь сайн гэж боддог. Нэгдүгээрт аудитууд англи хэлийг бүрэн эзэмшээгүй, хоёрдугаарт олон улсын эрх бүхий аудитор ховор учраас асуудал үүсдэг байх. Хэлний бэрхшээл нь тухайн томоохон түвшний харилцагчидтай өргөн дэлгэр хэмжээнд харилцахад саад учруулдаг байх.
Олон улсын хэмжээнд эрх бүхий аудитор болоогүй болохоор гадны хөрөнгө оруулагчид тоодоггүй байх.
-Одоо жилдээ 50 саяас дээш орлоготой компани бүрийг аудит хийхийг шаардаж байгаа. Үүнийг хуулийн төсөлд өөрчилсөн байсан. Та энэ асуудлыг давтан тодруулж өгнө үү?
Уг нь өмнөх хууль нь зохицоод болоод байгаа учраас заавал хөдөлгөх хэрэггүй гэж бодож байна. Том аж ахуй нэгж, нийтийн эзэмшлийн гээд оруулаад ирчихсэн. Гэтэл 70 гаруй мянган аж ахуй нэгжийн талаас илүү хувь нь 50 сая хүрэхгүй хөрөнгөтэй шүү дээ.
Ингээд бодохоор хуулийн дагуу аудит хийлгэх 50 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй аж ахуйн нэгж хэвээр байвал зохино. Том аж ахуйн нэгж гэгч нь хэдий хэр төгрөгийн хөрөнгөтэй байх юм. Хуулинд бас л тодорхойгүй ойлголт байж таарахгүй.
Хэтэрхий гадны хандлага, туршлага, сэтгэлгээгээр явбал хэцүү. Хуулиар тэгж дарамталж болохгүй. Ингэвэл үнэн чанартаа амьдрал дээр хууль болж биелэхгүй, харин амьдралыг доройтуулах хүчин зүйлийн нөлөөлөл болно гэсэн үг. Монголчууд бид монгол газар шороондоо үндэсний онцлогтой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ургамал тарьж ургуулахыг хичээвэл зохино.