Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт эхэлжээ
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-д
2015.01.16

Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт эхэлжээ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-ын Берлин хотноо 80 дахь жилдээ зохион байгуулагдаж буй хөдөө аж ахуйн олон улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний долдугаар чуулга уулзалт”-ад энэ сарын 16-25-нд оролцож буй аж.

Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалтад энэ жил нийт 70 улсын Хөдөө аж ахуйн сайд, дэд сайд нар уригдан оролцож байгаа бол “Ногоон долоо хоног” олон улсын үзэсгэлэн яармагт 1600 аж ахуйн нэгж, хувь хүн өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн том үзэсгэлэн яармаг болж буй.

ХХАА-н сайд Р.Бурмаа энэ сарын 15-нд үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцсоноос гадна тус яармагийн энэ оны “Түнш улс”  болох Бүгд Найрамдах Латви улсын хөдөө аж ахуйн сайд ноён Жанис Дуклавстай уулзсан байна. Энэ үеэр хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцон, яам хоорондын Санамж бичиг байгуулж хамтын ажиллагааны байнгын механизмын эхлэлээ тавихаар тохиролцлоо. 

Мөн энэ өдөр тэрбээр ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Мариа Флаксбартай уулзан хоёр яамны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой газар тариалан төсөл”-ийн үйл явц, хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаар санал солилцжээ. 

Улс орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт гарч буй шинэ техник технологийн талаар санал солилцох боломж олгодог дээд хэмжээний эл уулзалтаар ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Беларусь улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Леонид Маринич, Бүгд Найрамдах Казахстан улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Омаров Салахан, ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн сайд Н.В Федоров, Бүгд Найрамдах Болгар улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Дэсислава Танива, НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Хосе Грациано Да Силватай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.