Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт М.Шёлхаммерийг энэ сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Азийн хөгжлийн банк нь манай улсын эрүүл мэндийн салбарт 1997 оноос хойш тасралтгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн. Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулсан юм.
АХБ-ны тэргүүлэх гол ажлуудын хүрээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, санхүүжилт, хүний нөөцийг чадавхижуулах, бодлогын чиглэлийг тодорхойлох, бүтцийн өөрчлөлт, аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг шингээсэн томоохон хэмжээний 5 төслийг хэрэгжүүлж буй гэдгийг дуулгалаа.
Албан уулзалтад ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баяр, АХБ-ны ахлах эдийн засагч Марк Беземер нарын хүмүүс мөн оролцов.