Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2015.01.16

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.01.15/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.

Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь, 2016 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувь, 2017 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас тус тус хэтрэхгүй байхаар хуулийн төсөл боловсруулжээ. Дээрх хугацаанд үндсэн төсвийн хувьд алдагдал 2 хувийн тусгай шаардлагыг хангах бөгөөд зөвхөн Хөгжлийн банк болон бусдаар дамжин хэрэгжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийг төсөвт тусгахтай холбоотой зардлаар төсвийн тэнцэл өөрчлөгдөх юм байна.

Ж.Энхбаяр гишүүн асуув

"Өрийн хэмжээ 58,3 хувьд хүрчихсэн гэж байна. Хоёр сарын өмнөхөн 20 хувь буюу дөрвөн тэрбум төгрөгөөр нэмэгдчихэж. Ингэж нэмэгдэх боломжгүй. Тэгэхээр засгийн газраас УИХ-д буруу мэдээлэл өгч байсан ноцтой асуудал гарлаа. Үүн дээр ямар хариуцлага хүлээх вэ?"

Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулав "Энэ онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 58,3 хувьд хүрнэ гэж тооцсон.Би өмнө нь ДНБ-д нийт эзлэх өрийн хэмжээний талаар мэдээлэл өгч байгаагүй  учраас өмнөх тоонууд үнэн, худал байсан эсэхэд хариулт өгөх боломжгүй."

Ж.Энхбаяр "Төрийн байгууллагаас өгч байгаа мэдээлэл дээр тулгуурлаж УИХ шийдвэрээ гаргадаг. Тэгхээр өмнө нь буруу мэдээлэл өгч байснаас болоод өнөөдөр эдийн засаг ингэж хүндэрсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг яаж нягтлах вэ?"

УИХ-ын дарга З.Энхболд "Ирэх долоо хоногт УИХ-аар өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүний дараа өр зээлтэй холбоотой бүх мэдээлэл тодорхой болох болно."

С.Бямбацогт асуув

МАН анхнаасаа өрийн хзгаарыг нэмэхгүй гэсэн байр суурьтай байсан. Одоо ч энэ байр суурьтай байгаа. Үүнийг мэдээлэл хийхдээ ч хэлсэн. Манай бүлэг 58,3  гэдэг тоог л хүлээн зөвшөөрч байна.  Гэтэл сэтгүүлч нар “ МАН өрийн хязгаарыг нэмэхийг дэмжлээ” гээд биччихлээ. Ингэж захиалгаар бичиж болохгүй ээ. Ерөнхий сайд цаашдаа ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг нэмэхгүй гэсэн амлалт өгч чадах уу.

Ч.Сайханбилэг "Та засагт хамтарч байгаа МАН-ын бүлгийн даргын хувьд одоо манай нам ингэж үзэж байгаа, танай нэм ингэж байна гэх цаг биш ээ. Харин таны ярианаас бид нэг зүйл дээр санал нэгдэж байгаа юм байна. Одоо нэгэнт хүрчихсэн байгаа  58,3 хувь гэдэг тоог хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Цаашид өрийн хязгаарыг нэмэхгүй гэсэн амлалт өгч чадахгүй."

Д.Ганбат  асуув

"Бид үнэн тоо яриад байна уу, худлаа тоо яриад байна уу. УИХ, Засгийн газрын хийгээд байгаа ажил зөв үү буруу юм уу. Өмнө нь өрийн босгыг 70 хувь болгоод, одоо 60 хувь болголоо. Би гэртээ очоод валютын ханш хардаг юм. Өсөөд байвал Засгийн газар, УИХ-ын ажил буруу байна. Ам.долларын ханш буурч байвал зөв байна гэдэг өнцгөөр харж байгаа. буурч байвал зөв байна гэж ойлгож байгаа." 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат "Өрийн таазыг 60 хувьд хүргэнэ гэдэг нь хоёр намын гэрээнд тусгагдсан өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурь."

Б.Бат-Эрдэнэ асуув

-Ямар ч тоо хэл- сэн эцсийн үр дүн гэж байна. Хоёр сарын өмнө 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж баталсан. Тухайн үед өрийн хязгаар хуулийн хүрээнд байгаа гэсэн. Гэтэл одоо 58 хувьд хүрчихлээ. Сангийн сайд Ж.Эрдэнэбатад шийдлийн Засгийн газар байгуулагдах үед нь бодит байдал яг ямар байгааг хэлэх ёстой гэдгийг сануулж байсан. Уг нь зөвшилцлийн ажлын хэсгийн албан бичигт өрийн босгыг нэмэхгүй гэж тохиролцсон. Ер нь аль төвшиндөө өр нэмэгдэв. Хариуцлагыг хэнтэй ярих юм бэ. Гурав, дөрөвхөн хоногийн өмнө улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 55 хувьтай байна гэсэн. Одоо яагаад 58 хувьд хүрэв. Тухайн үед Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Даваасүрэнд хариуцлага хүлээлгэх юм уу. Эсвэл байнгын хороонд худлаа мэдээлэл өгсөн төрийн байгууллагатай хариуцлага тооцох юм уу. 

Д.Ганхуяг асуув

 Өмнө 2012 онд УИХ тогтоол гаргасан. 5 тэрбум төгргийн бонд гаргах үүргийг Ерөнхий сайдад өгөөд, хяналт тавихыг ЭЗБХ-ын даргад даалгасан. Үүнийг хангалттай удаан ярилаа шүү дээ. УИХ өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг бусдаас хариуцлага нэхээд байдаг. Үүнийг яах ёстой юм бэ.

 

Х.Болорчулуун асуув

Өрийн хэмжээ хуулийн хэмжээнээс давчихсан. Вальютын ханшын зөрүүгээс бас өрийн хэжмээ өсөж байгаа байх. Яаж бодоод өр ингэж өсөөд байна вэ? Сангийн яам буруу бодоод байна уу? Аргетинг туршлага судлаж байх үед Сангийн сайд нь хэлж байсан “Бид дэлхийн банк, Вальютын сангийн зөвлөмжөөр өр зээл авах тусам байдал дордож байсан. Тиймээс бид орлогынхоо хэмжээгээр амьдрах ёстой юм байна гэдгийг ойлгож, бүсээ чангалаж байгаад зээлнээсээ гарч байгаа” гэж ярьж байсан: Энэ бол сургамж шүү. Тэгхээр гадны зөвлөмжид хэтэрхий найдах хэрэг байна уу.

Ц.Даваасүрэн асуув

Гишүүдийн ийнхүү хэлэлцэн, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 64 гишүүний 51 нь буюу 79.7 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ