Ж.Батсуурь: Шалгалтын ажлаа хөгжлийн банкнаас эхэлнэ
УИХ дахь МАН-ын бүлэг
2015.01.16

Ж.Батсуурь: Шалгалтын ажлаа хөгжлийн банкнаас эхэлнэ

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр гишүүд  ийм байр суурьтай байлаа.

С.Бямбацогт: Эдийн засаг төсөөлж байснаас ч илүү хүндэрчихсэн байна

Засгийн газарт бид хамтрахдаа энэ Засгийн газрын зөв бодлогыг дэмжинэ, буруу зүйлд шүүмжлэлтэй хандана гэж хэлсэн. Энэ байр сууринаас асуудалд хандаж өрийн таазыг 70 хувьд хүргэхийг дэмжээгүй.

МАН өмнөх Засгийн газрын буруу бодлогоос үүдэлтэй алдааг засах гэж удаа дараа оролдож ирсэн. Харин Засгийн газарт  хамтрахдаа эдийн засгаа өндийлгөе, ачаанаас нь үүрэлцэж, асуудалд улстөржихгүй, ухамсартай хандах ёстой гэдэг зарчим баримталж байгаа.

Гэтэл засагт хамтраад бодит тоо баримтуудыг харахаар эдийн засаг бидний төсөөлж байснаас ч илүү хүндэрчихсэн байна. Магадгүй Ардын нам засагт хамтарснаас хойш эдийн засаг улам хүндэрчихлээ гэж ард иргэд ойлгож магадгүй.

Харин ийм биш ээ. Үнэхээр эдийн засаг хүндэрсэн учраас энэхүү хүндрэл бэрхшээлийг давахын тулд бодит байдлыг ард иргэддээ хүргэх ёстой гэж үзэж байгаа. Тийм ч үүднээс хямралыг давах төлөвлөгөө боловсруулахыг удаа дараа Засгийн газраас шаардсан. Энэ ажил хийгдэхгүй байгаа учраас бүлгээс ажлын хэсэг байгуулж хямралыг давах төлөвлөгөө боловсруулахаар болсон.

Ж.Батсуурь: Шалгалтын ажлаа Хөгжлийн банкнаас эхэлнэ

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Өмнөх Засгийн газар гаднаас 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд босгож зарцуулсан. Харин бондын хөрөнгийг юунд зориулсан, ямар үр дүнд хүрсэн нь одоогоор тодорхойгүй, ард иргэдэд мэдээлэл нь нээлттэй бус байна.

Иймд Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн мягмар гаригт ажлын хэсэг байгуулж, бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг Хөгжлийн банкнаас ажлаа эхэлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хяналт шалгалтын ажлыг өргөтгөж Монголбанкны үйл ажиллагаа, алдагдалтай холбоотой асуудлыг шалгах төлөвлөгөөтэй байгаа.

Бондын хөрөнгийг богино хугацаанд нөхөн төлөгдөх үр ашигтай төсөл хөтөлбөрт зарцуулсан байх ёстой. Энэ талаас нь манай ажлын хэсэг шалгаж судалгаа дүгнэлт хийнэ.